Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШӨНИЙН НОМЫН САН: “Энд хаврын яргуй шиг эрдэм цэцэглэж байна“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 54 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Оюутнуудад намар, хаврын улирал их сайхан дурсамжтай өнгөрдөг. Хайр дурлал, хичээл ном гээд л толгой өөд татах сөхөөгүй өнгөрдөг гэхэд хилсдэхгүй. Их сургуулийн намар, хаврын улирал ямар яруухан байдаг гэдгийг уншигчид та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэх биз. Гэтэл саяхнаас эрдэм мэдлэг өвөртлөөд гарсан Их сургуулийн минь номын сан 24 цагаар ажилладаг болсон гэдгийг сонсоод хачин их олзуурхаж микрофоноо шүүрч аваад л нэгэн орой тийшээ зүглэлээ.

Үүднээс нь авахуулаад л танил үнэр, халуун дотно уур амьсгал мэдрэгдэж энэ чинь л МУИС шүү дээ гэх дурсамжит бодол сөхөгдсөн юм.

Дөрвөн жил ширээг нь элээсэн их сургууль...

Нөгөө л нэг дөрвөн жил надад ном дөхүүлсэн номын санч ах намайг хараад танимхайран инээсээр “Чи чинь төгсөөгүй юм уу” гэсээр угтлаа. Харин хариуд нь би

“Төгссөн. Төгсөөд хоёр жил болж байна. Та намайг одоо мартдаггүй юм уу гэхэд. Юу гэж мартах вэ ийм содон нэртэй хүүхдийг" гэсээр халуун дотноор инээсэн юм.

Яаж ч мартах билээ дээ. Тэр жил Лодойдамба гуайн "Тунгалаг тамир" романы хоёр ботийг гэрээр уншина гэж аваад бүтэн нэг сар алга болчихсон юм чинь.

Ингээд номын санч ах бид хоёрын яриа номын сан 24 цагаар ажиллаж эхэлснээс хойш оюутнууд хэр идэвхтэй сууж байна. Өнөөдөр хэдэн оюутан үйлчлүүлж байна. Цаашдаа өөр их сургуулиудын оюутнууд ирж суух боломжтой юу гэх мэт сэтгүүлч, ярилцагчийн “ажил” руугаа шаламгайлан орлоо.

Биднийг очиход шөнийн 12 цаг өнгөрч байсан хэдий ч толгой өөд татах завгүй 100 гаруй оюутан шалгалтдаа бэлдэх нь бэлдэж, хичээлээ давтах нь давтаж байсан юм. Тухайн хүүхдүүд дунд био инженер, мэдээллийн технологиор суралцаж буй оюутнуудаас авахуулаад олон залуус ирээдүйн сайн сайхныхаа төлөө хичээнгүйлэн сууж байхыг харах таатай санагдсан.

Энэ талаар номын санч хэлэхдээ “Би оюутнуудыг барны үүдэнд дараалалд зогсож байна гэхээр итгэдэггүй. Харин суралцах, өөрсдийгөө хөгжүүлэх боломжоор нь хангаад өгвөл Монголын ирээдүй гэрэл гэгээтэй байж болохоор байгаа биз. Чи хардаа хавар яргуй гардагтай адил эндээс хаврын гэж хэлж болох шинэ соргог мэдээллээр оюутнууд хангагдаж байна” гэсэн үгс нь сэтгэлд ойр бууж билээ.

Харин оюутнуудын хувьд хэрвээ бүх номын сан ийм болчихвол гоё. Дагаад номын санчдын ажлын байр нэмэгдэнэ. Гэртээ аль эсвэл дотуур байрандаа хичээл хийхэд ойр дотнын хүмүүсээ амрахад саад болчих гээд анхаарал бүрэн төвлөрч чаддаггүй. Номын санд ирээд хичээл хийж шаргуу суралцан буй үеийн нөхдөө хараад нойр хүрч үүрэглэдэггүй. Харин ч эрч хүч авдаг. Бидэнд маш их сурч мэдэх хүсэл байна. Тиймээс орчин нөхцөл боломж минь нэмэгдэж л байвал сайн гэдгээ онцолж байсан юм.

24 цагаар үйл ажиллагаа явуулж эхэлсэн МУИС-ийн номын сангийн хувьд оюутнуудыг тав тухтай байлгах үүднээс амрах гудас, тусгай өрөөгөөр хангаж өгсөн байсан бөгөөд бусдад саад болохгүй бол хоол ундны зүйлс авч орохыг зөвшөөрдөг байна. Мөн цаашдаа бусад төрийн өмчит сургуулийн оюутнуудыг ирж суух журам шийдвэр гаргаж магадгүй гэдгийг хэлж байсан юм.

Энэ мэтчилэн бусад их сургуулиуд, улсын номын сангууд ажиллах журамдаа өөрчлөлт оруулбал маш сайн жишиг болно гэдгийг харж болно. Зөвхөн оюутнуудаас гадна ажлынхаа хажуугаар хэл суралцдаг, судалгаа хийдэг залууст маш том боломж нээгдэх билээ.

МУИС-ын нэгдүгээр дамжааны оюутан: Миний хувьд өглөө 7.40 цагаас хичээлтэй. Хичээлээ хийж байгаад номын сандаа хонох болно. Сургуулиас энэ боломжоор хангаж байгаад баяртай байна. Энэ нь шалгалтын үед болон бусад цагт маш их үр өгөөжтэй зүйл болж байна. Оройн цагаар хичээллэх нь гадаад орчны чимээ багасаад бүтээмж өндөр байдаг.

МУИС-ын дөрөвдүгээр дамжааны оюутан: Төгсөлтийн ажлаа оройн цагаар сургуулийнхаа номын санд суугаад хийж байна. Өглөө лаборатори онгойх хүртэл буюу 08.00 цаг хүртэл хичээл хийнэ. Шөнө сууж хичээллэвэл ядрахаа тооцоолоод бэлтгэлээ хангасан. Хэрэв сургуулийн номын сан 24 цаг ажиллахгүй байсан бол гэртээ ч юм уу бусад хувийн номын санд хичээллэх шаардлагатай болно. Гэтэл гэр бол амрах газар шүү дээ, харин хувийн номын санд хичээл хийхэд шаардлагатай ном материал, бусад зүйлс дутагддаг. Энэ боломжийг номын сангаасаа авч чадаж байгаад баяртай байна.

2016 оноос хойш Хөгжлийн банкыг “залуурдсан” МАН-ын завхарлыг ч орхиж болохгүй
2016 оноос хойш Хөгжлийн банкыг “залуурдсан” МАН-ын завхарлыг ч орхиж болохгүй
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.