УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албанаас “Хөгжлийн банкны асуудлаар УИХ-ын Хянан шалгах түр хороо байгуулах шаардлага” сэдвээр олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Ардчилсан намын удирдлагуудаас гадна 60 гаруй иргэд оролцов.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат “Хөгжлийн банк маш том луйврын систем болжээ. Цаашдаа ч хэлбэрээ өөрчилсөн өөр нэг луйврын систем болон үргэлжилж болзошгүй байгаа тул үүнийг нэн яаралтай таслан зогсоох ёстой. УИХ дахь Ардчилсан намын бүлэг парламент дахь сөрөг хүчний хувьд, ард иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх, амьдрах нөхцлийг дээшлүүлж болохуйц томоохон хэмжээний бүтээн байгуулалт, улс орны хөгжин дэвших боломжийг үгүй хийсэн Хөгжлийн банкны асуудлыг дуулиан, шуугиан төдий болгож өнгөрүүлэхгүйн төлөө тууштай ажиллах болно.
Хөгжлийн банк 3.2 их наяд төгрөгийн зээл олгосон бөгөөд үүний талаас илүү хэсэг нь буюу 1.7 их наяд төгрөг нь муу зээлийн ангилалд орчихоод байгаа. Монгол Улсын эдийн засаг 2020 онд сүүлийн 25 жилд байгаагүй 5.3 хувийн уналттай гарсан бол 2021 онд ердөө 1.3 хувиар өссөн. Энэ нь Монгол Улсын эдийн засаг шокын байдалд байгаагийн нотолгоо. Тээвэр ложистикийн гацаа, шатахууны үнэ чөлөөлсөнтэй холбоотой инфляц огцом өссөн хүнд үед Хөгжлийн банкны асуудал хуулийн дагуу шийдэгдэж дуустал хараа хяналтаасаа гаргахгүйн тулд энэ асуудлаар УИХ-ын Хянан шалгах түр хороо байгуулж ажиллах нь үр дүнтэй. Тиймээс иргэд тойргийнхоо гишүүдээс УИХ-ын Хянан шалгах түр хороо байгуулахыг шаард" гэлээ.
УИХ-ын 19 гишүүн бүрдэж байж Түр хороог байгуулах боломжтой болох ажээ.