Энэ сарын 14-ний өдөр бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулан бага насны хүүхдүүд коронавирусийн халдвараар өвчлөх тохиолдол өмнөх үеийнхээс өссөн байна. Хэдийгээр өдөрт батлагдах халдварын тоо багассан ч вакцингүй бүлэг болох бага насны хүүхдүүдийн өвчлөл ихсэж байгаа юм.
Өнгөрсөн долоо хоногт халдвар авсан нийт хүүхдүүдийн тоо мэдээллийг ХӨСҮТ-өөс тодрууллаа.
Ингэхэд 2022 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд коронавирусийн халдвараар өвчилсөн 0-17 насны 201,664 хүүхэд байгаа нь нийт тохиолдлын 22.5 хувийг эзэлж байна. Энэ нь өмнөх долоо хоногоос 22.4 хувиар өссөн үзүүлэлт юм.
Коронававирусийн халдвар авсан хүүхдийн өвчлөлийг насны бүлгээр авч үзвэл,
- 0-4 насны хүүхэд 27.8 хувийг,
- 5-11 насны хүүхэд 39.8 хувийг,
-12-15 насны хүүхэд 23.8 хувийг,
- 16-17 насны хүүхэд 8.5 хувийг тус тус эзэлж байна.
Энэ сарын 12-ний өдрөөс 18-ны өдрүүдэд батлагдсан тохиолдлын тоо өдөрт дунджаар 2,186 байсан нь өмнөх 7 хоногоос 1208-р буурчээ.
2022 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр 2,604 батлагдсан нь тухайн долоо хоногийн нэг өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр тохиолдлын тоо байв.
Дэлхийн зарим орнууд 5-11 насны хүүхдүүдийг дархлаажуулж эхлээд байна. Тухайлбал, БНСУ-ын Засгийн газраас “Pfizer”-ын вакциныг дээрх насны хүүхдүүдэд хоёр тунгаар гурван долоо хоногийн зайтай тарьж эхэлсэн.
Манай улсын хувьд халдварын өнөөгийн нөхцөл байдал ямар байгаа талаар Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяртай ярилцлаа.
- Коронавирусийн халдварын өнөөгийн нөхцөл байдал ямар байна вэ?
-Манай хувьд давлагааны оргил үе нэгдүгээр сарын сүүлээр тохиож, улмаар буурч эхэлсэн ба цагаан сарын дараагаар тодорхой хэмжээнд нэмэгдсэн ба одоо буурах хандлагатай байна. Омикрон давлагааг вакцины хамралт сайн улс орнууд SHARP and SHORT буюу ОГЦОМ ба БОГИНО давлагаа боллоо гэж дүгнэж байна. Ер нь бол дунджаар нэг сар орчим үргэлжилсэн. Хязгаарлалт хийсэн улс орнуудад бол арай удаан, чөлөөтэй тавьсан улсуудад богино байсан гэж ойлгож болно. Харин вакцины хамралт муу бүүстэр тун хамралт муу улс орнуудад нас баралт өндөр байсан. Өнгөрсөн долоо хоногийн тооноос харахад урьд долоо хоногоосоо дэлхийн хэмжээнд 19 орчим хувиар тохиолдлын тоо буурсан байна. Харин 15-20 хувийн өсөлттэй гарсан бүс нутаг нь номхон далайн баруун бүс ба үүнээс Өмнөд Солонгос улс өдөрт 100000 тохиолдол бүртгэж байгаа ба цаашдаа 200000 хүрэхээр байна эдний нийт нас баралт 7000 хүрсэн байна. Япон мөн 100000 орчим байна өдөрт, нийт нас баралт 20000 орчим болсон байна. Тохиолдлын тоо зэрэг орнуудын өсөлт мөн Хонконгд их өсөлт бүртгэгдсэн байна. Хонконгийн хувьд өдөрт бүртгэгдэх тохиолдол 20000 хүрч эмнэлэгт хэвтэх 10000 хүн хүлээгдэл үүсээд байгаа. Дээрх орнууд нэг сарын эхээр давлагаанд өртсөн ба хязгаарлалтыг нэгдүгээр сарын эхнээс хийж эхэлсэн боловч одоо болтол давлагаа нь дуусаагүй байна. Вакцины бүүстэр тун хамралт бага мөн хүн амын дунд өндөр настай хүний эзлэх хувь өндөр байдаг нь нас баралт өндөр байхад нөлөөлж байна.
Европын орнуудаас ОХУ тохиолдлын тоо 150000-180000 бүртгэгдэж өдөрт 800 орчим хүн нас барж байна. ОХУ хувьд вакцины сонголт муу байгаа. Өөрөөр хэлбэл, ганцхан Спутник вакцины сонголт байгаа иргэд нь вакциндаа итгэхгүй байгаа зэрэг нь нөлөөлж байна. ОХУ-д вакцины хамралт 30 хувь хүрээгүй байна. Мөн нас баралт өндөр байна. ОХУ Засгийн газраас мэдээлсэн нийт Ковид шалтгаант нас баралт 337000 боловч 2015-2019 оны нас баралтын дундажтай харьцуулан үзэхэд 980000 нас баралт 2021 онд илүү гараад байгаа ба үүнийг барууны эрдэмтэд илүү бодит тоо гэж үзэж байгаа. Орос улс сайн вакцин бүтээсэн боловч түүнийхээ үйлдвэрлэлийг нэмэгдүүлж дэлхийд өрсөлдөх бүтээгдэхүүн болгож чадсангүй. Мөн вакцин нь дотооддоо иргэдийнхээ дунд итгэл олж чадсангүй.
- Коронавирусийн халдварын Дельта ба Омикрон давлагааны ялгаа ямар байв?
-Ер нь бол Дельта давлагаатай харьцуулахад улс орнуудад Дельта давлагааны оргил үеэс Омикрон давлагааны оргил үед 2-4 дахин нэмэгдэж байгаа. Манай улсын хувьд ч оргил үе нэгдүгээр сарын сүүлээр тохиосон ба тохиолдлын тоо эрс нэмэгдсэн.. Бид юуг ойлгох ёстой бэ гэвэл вирус тасралтгүй мутацид орж байна. Үүнээс хамаарч эсэд нэвтрэх буюу халдварлах чадвар өөрчлөгдөж мөн вакцинаас зайлсхийх чадвар ч өөрчлөгдөж байна. Олон эрдэмтэд Омикрон хувилбарын 30 гаран мутацаас шалтгаалж халдварлах чадвар эрс нэмэгдэхээс гадна вакцинаас зайлсхийх чадвар эрс нэмэгдэнэ гэж айж байсан. Харин одоо бол халдварлах чадвар эрс нэмэгдсэн юм байна. Тухайлбал, Омикрон нь Дельта хувилбарын вирусээс 3-4 дахин халдварлах чадвартай болсон ч вакцинаас зайлсхийх чадвар тэгтлээ өөрчлөлт ороогүй гэдгийг эрдэмтэд тогтоосон. Мөн иргэд ч бодит амьдрал дээр харж байна. Вакцины 3 дахь тунг түүн хийлгэснээр халдвараас 70-75 хувь, хүндрэл ба нас баралтаас 95 хувь хамгаалж байгаа нь олон судалгаагаар нотлогдсон. Харин вакцин хийлгээд 3 сараас дээш болсон бол аль ч вакцины хамгаалах чадвар эрс суларч байгаа. Бүх вакцин дээр ийм судалгаа гарлаа. Мөн вирус тасралтгүй мутацид орж байгаа тул бид ч тэмцэх аргаа өөрчилж байна.
-Манай улс бага насны хүүхдүүдээ хэзээ дархлаажуулалтад хамруулах вэ?
- Уханьд гарсан эхний хувилбарын үед хүүхэд өвчлөл эрсдэл бага байсан. Альфа хувилбарын үеэс хүүхдийн эрсдэл өсөж эхэлсэн ба 12-17 насны хүүхдүүдийг вакцинжуулж эхэлсэн бол Дельта хувилбарын үед бүр их өссөн. АНУ-ын засаг захиргааны зүгээс Дельта хувилбарын үед 5-11 насанд хүүхдийн өвчлөл, хэвтэлт нэмэгдэж улмаар энэ насны 94 нас баралт бүртгэгдсэн тул энэ насны бүлгийг вакцинжуулж эхэлсэн. Пфайзер компанийн 5-11 насны хүүхдийн дунд хийсэн вакцины судалгаа үр дүн өгсөн тул ийм шийдвэр гаргасан. Пфайзер компанийн 6 сараас 5 насны хүүхдийн дунд хийсэн вакцины судалгаа үр дүн өгөөгүй тул одоогоор энэ насанд вакцинжуулалт эхлээгүй байна. Хятад улс 3 наснаас дээш Синофарм вакцинаар вакцинжуулалт хийж байна.
Харвардын Бостоны хүүхдийн эмнэлгийн судалгаагаар Омикрон давлагааны үед хүүхдийн сэхээний хэвтэлт Дельта давлагаанаас 70 хувь буурсан. Олон хүүхэд өвдөж байгаа тул хавсарсан өвчтэй дархлаа сул 5-10 хувьд нь асуудал гарч байна. Омикрон давлагаа хүүхдэд хатгаа болох нь бага харин илүү амьсгалын дээд замын үрэвсэл хэлбэрээр явж байна. Манай улсад хүүхдийн өвчлөл нэмэгдэж байна. Хүүхдүүд ларингит их өгч байна. Гэхдээ ларингиттэй хүүхдүүд 1-2 хоногт эмчилгээний үр дүн өгч байгаа. Харин бронхоспазм бас их өгч байна. 3-5 хоногт утлага эмчилгээ хийж байж үр дүн өгч байна. Амьсгалын дутагдал нь их хөнгөн байгаа нь сайн байна гэж эмч нар ярьж байна. Омикроны шалтгаанаар Эх Нялхсын төвийн хүүхдийн сэхээний тасагт байгаа хүүхдүүд дийлэнх нь зүрхний төрөлхийн олдмол гажигтай дээр нь Омикроны халдвар авсан хүүхдүүд байсан. Тэгэхээр эрсдэлт бүлэгт л эрсдэл хамгийн өндөр байгаад байгаа юм. Харин хүүхдүүд улирлын томуу төст Корона вирусээс халдвар авдаг нь Сарс Ков2 вирусээс давхар хамгаалж буй гэсэн судалгаа байгаа.
Бид 12-17 насны хүүхдүүдэд нэмэлт бүүстэр хийх эсэх мөн 5-11 насны хүүхдийн вакцины асуудлыг судалж байна. Омикроны давлагааны үед олон улс орон хүүхдийн эрсдэлийг үнэлж үзээд 12 доош насанд вакцин хийхгүй байхаар шийдсэн.
- Омикрон хувилбарын давлагаан дээр ЭМЯ ямар бодлого баримталж хэрхэн ажиллаж байгаа вэ?
-Омикроны халдварлах чадвар эрс өссөн тул хөл хорио хийгээд ч тогтоож дийлэхгүй гэж үзэж буй эрдэмтэд байна. Үүний нэг жишээ бол БНХАУ юм. Вакцины хамралт өндөр, өвдсөн хүмүүсийн тоо өндөр. Мөн сүргийн дархлаа өндөр улсуудад Омикроны давлагаа хөнгөн явж байгаа. Хөнгөн гэдэг нь нас баралтын тоог хэлж байгаа гэсэн үг. Бид Дельта давлагааны оргил үед өдөрт 20 нас баралт бүртгэж байсан бол Омикроны оргил үед буюу одоогоор өдөрт 1-2 нас баралт бүртгэж байна. Өөрөөр хэлбэл, 10 дахин бага гэсэн үг. Гэхдээ энэ бол тайвшир гэсэн үг биш учир нь маш олон хүн өвдөж байна. Эрсдэл бол байгаа.
Бид аль болох хөл хорио хийхгүйгээр эдийн засгаа бодсон дасан зохицох бодлогыг өнгөрсөн оны долдугаар сараас эхлэн баримтлан ажиллаж байгаа.
Өнгөрөгч арванхоёрдугаар сард бид Омикроны давлагааг орж ирэх хугацааг хойшлуулах хил дээр хяналт хийх ажлыг эрчимжүүлсэн. Энэ хугацаанд Дельта давлагаанаас дөнгөж гарч ирсэн эрүүл мэндийн салбарын хүний нөөцөө амраах , эм эмийн хэрэгслээ базаах, вакцины бүүстэр тунгаа идэвхжүүлэх, шаардлагатай судалгааг хийх гэх мэт ажлуудыг амжуулсан. Харамсалтай нь Турк, Дубай, Тайланд явсан тансаг жуулчид арванхоёрдугаар сарын сүүлээр Омикроныг оруулаад ирсэн. Бид бүх хүчээ тавьж ажилласан ч алдсан. Гэрийн тусгаарлалтад байсан Турк, Дубай, Тайланд явсан тансаг жуулчид гадуур явж шинжилгээнээс зугтсан.
Бидний хувьд өрхийн эмнэлгээр дамжуулан эмчлэх мөн хүнд өвчтөнийг хэвтүүлэх эмнэлэг орыг эрчимтэй нэмэх аль болох хохирол багаар даван туулахыг хичээсэн.
Манай улсын хувьд эмнэлгийн ачааллыг тохиолдлын тоотой уялдуулан зохицуулах төлөвлөгөөг урьд нь ч гаргаж ажиллаж байсан одоо ч гаргаж ажиллаж байна. Тухайлбал, бид энэ удаа Омикрон давлагааны онцлогт тохируулан зөвхөн хүнд хүмүүс хүндрэх эрсдэлтэй бүлгийг хэвтүүлэн эмчлэх тактикийг баримталж байна. Энэ ажлын хүрээнд Дельта давлагааны үед 22000 ор дэлгэж байсан бол энэ удаа 10000 орыг дэлгэж ажилласан. Бид үндсэн тусламж үйлчилгээ буюу Ковидын бус тусламж үйлчилгээг орхигдуулж болохгүй тул бүх орыг Ковид руу дэлгэж болохгүй. 1 сая хүнд дэлгэж буй Ковидын орны тоогоор манайх хамгийн олон орыг дэлгэж буй орны тоонд ордог. Тухайлбал, манай улсад Дельта ба Альфа давлагааны үед хэвтэж эмчлүүлсэн хүн нийт өвчлөгчдийн 20-30 хувь нь хэвтэж эмчлүүлсэн нь хэт өндөр үзүүлэлт юм. Омикрон давлагааны үед зөвхөн эрэмбэлж шаардлагатай хүмүүсийг л хэвтүүлсэн. Энэ үед томуугийн дэгдэлт мөн идэвхижсэн. ЭМЯ цаашдаа ч дэгдэлтийн үед орыг нэмдэг буурмагц нь хасдаг уян хатан байдлаар ажиллана. Ингэж болохыг бид сая томуу ба ковидын том дэгдэлтийн үед харуулж чадлаа. Орыг цахимаар хянадаг болно.
-Манай улсын вакцины нөөц болон иргэдийн IV тунгийн хамрагдалт хэр байна вэ?
-Манай Засгийн газраас вакцины хангалтыг эрчимтэй хийж вакцины өргөн сонголтыг олгосон нь манай улсын Ковидтой тэмцэхэд хамгийн чухал зэвсэг болсон. Улмаар манай улс томоохон давлагаануудыг хохирол багатай даван туулсан. 2022 оны нэгдүгээр сарын 31 байдлаар Их Британи, Итали, АНУ зэрэг улсууд 1 сая хүндээ 2200-2400 орчим нас баралт бүртгэгдсэн нь манайхаас 3 дахин өндөр байна. Манай улсад 1 сая хүнд 580 орчим нас баралт бүртгэгдсэн ба нас баралт бага байхад вакцины хамралт сайн, өрхийн тусламж сайн, орны тоог хангалттай байсан нь нөлөөлсөн. Энэ тактикууд манай гол тактик юм. Одоогоор IV тунд 96000 хүн , III тунд 1 сая гаран хүн хамрагдаад байна. Вакцины бүүстэр тунгийн хамрагдалт өндөр улсууд Омикроны давлагаанд хохирол бага гарлаа. Манай хувьд ахмад настанууд бүүстэр тунд маш сайн хамрагдсан нь сайн боллоо. Бид 2021 оны долдугаар сараас хязгаарлалтыг хийхийг зогсоож энэхүү вирустэй илүү зохицон дасан тактикийг баримталсан. Цар тахал Омикроноор дуусаж, энэхүү вирус томуу төст вирус болон хувирч байгааг олон эрдэмтэд зарлаж байна. Аливаа вирус эволюц хөгжлийн явцад хурдан тархах хөнгөн чадвартай болж оргилдоо хүрдэг. Хүнд өвчлүүлдэг бол эзэн бие нь үхээд олон хүнд халдааж чаддаггүй талтай. Тийм учраас хөнгөн өвчлүүлж шинж тэмдэг сул байж эзэн бие нь гадуур явж олон хүнд тараах боломжтой чиглэл рүү мутацид ордог гэж үздэг. Өнөөдөр дэлхий дахинд улирлын томуу төст Корона вирус 6 төрөл нь хүн төрөлхтөнтэй зохицон амьдарч байна. Энэ вирус ч ийм хувилбар руугаа орох ёстой юм. Тийм учраас цар тахал ингээд дуусаж байна гэж үзэж буй эрдэмтэд бий. Гэхдээ вакцингүй хүмүүс хөнгөн өвдөх магадлал бас л бага байгааг анхаарах ёстой. Энэ вирусын сэртэнгийн уураг нь сахарын молекул уургаар бүрхэгдсэн байдаг ба хүний дархлааны эс танихад энэ бүрхүүл нь сөргөөр нөлөөлдөг ба ингэж дархлаанаас зугтаж чаддаг нь энэ вирусийн хамгийн давуу тал юм. Энэ сэртэнгээрээ дамжиж эсэд хялбар нэвтрэх чадвар нь энэ вирусийг супер вирус болгож байгаа гэж ойлгож болно.
- Халдварт өртсөн хүмүүс хэд хоногийн дараа ажилдаа орж болох бэ?
-ЭМ-ийн сайдын тушаалаар Омикрон давлагааны үед хэрхэн тусгаарлахыг зохицуулсан байгаа. Ер нь шинж тэмдэг анх эхэлснээс хөнгөн өвдсөн бол 5 хоног гэрээр, хүнд бол 7 хоног, маш хүнд өвдсөн бол 10 хоног тусгаарлана. Гол нь шинж тэмдэггүй болсон байх ёстой ажилдаа орохын өмнө. Хүнд өвдөх тусам эдгэсний дараа ПГУ шинжилгээ удаан эерэг байгаа. Тухайлбал, маш хүнд өвдсөн хүмүүст 12 долоо хоног хүртэл эерэг байгаа. Өөрөөр хэлбэл, үхсэн вирусийн РНХ уураг бас ПГУ дээр илэрдэг тул халдваргүй хүн ч эерэг гарах тал бий. Харин хурдавчилсан тест вирусийн сэртэнгийн уургийг илрүүлдэг тул яг халдвартай хүнийг илрүүлдэг гэж ойлгож болно. Олон хүмүүс тэрэн дотроо вакцины 2 ба 3 тунтай хүмүүс эхний өдөр ПГУ эерэг гараа маргааш нь сөрөг боллоо гэдэг нь бүх вирусийг нь хүний дархлааны эсүүд маргааш нь устгачихсан гэж ойлгоход болно. Вирусуудэд үржиж олшрох боломж олдоогүй гэсэн үг. Тэгвэл маш хүнд өвдсөн хүмүүс 90 хоног хүртэл эерэг байдаг нь вирусийн уургийн үлдэгдэл салстад байсаар байна гэж ойлгож болно.
-Манай улс шар түвшин рүү шилжих болсон гол үндэслэл юу байв?
-Цар тахал буюу Пандемик үед давлагаа өндөр ба нас баралт өндөр байдаг. Эндемик үед халдвар алга болохгүй байсаар байна. Гэхдээ нас баралт буурдаг томуугийн түвшинд нас баралтын эрсдэл орж ирсэн тул олон орон энгийн түвшин рүү шилжиж буй үндэслэл юм. Томуу боллоо гэж үзэж байна. Манай хувьд мөн вакцины хамралт өндөр байгаа. Судалгаагаар хүн амын дундах энэхүү вирусийн эсрэг биеийн төрөгч тархалт 90 хувиас өндөр болсон байна. Цаашдаа улс орнууд үнэгүй ковидын шинжилгээг цуцлах, халдвар авсан хүмүүс заавал тусгаарлах хуулиа цуцлах, мөн халдвар авсан хүмүүсийн тандалтыг зогсоож байна.
-Ирэх өвөл нөхцөл байдал ямар байхаар төлөвтэй байна бэ?
-Олон орны эрдэмтэд 2 төлөв байгааг дурдаж байна. Эхний төлөв бол сайн төлөв. Ирэх өвөл илүү энэ жилийн Омикроны давлагаатай төстэй давлагаа явах хувилбар. Үүний тулд нэмэлт вакцинжуулалт хийх шаардлагатай. Түүн дотроо эрсдэлт бүлгээ вакцинд нэмж хамруулах гэсэн зөвлөгөөг өгч байна. Муу төлөв дээр бол вакцины дархлаанаас зайлсхийх чадвар өндөртэй шинэ хувилбар гарч ирж, нөхцөл байдал хүндрэх тул вакцинжуулалтыг улам эрчимжүүлэх хэрэгтэй гэсэн зөвлөгөөг өгч байна. Гэхдээ дийлэнх эрдэмтэд эхний байдлаар дэгдэлт үүснэ гэдэг дээр байгаа.
Бүх хүмүүс 4 дэх тунг хийлгэх хэрэгтэй. Харин жил бүр эрсдэлт бүлэг нэмэлт тунг хийлгэдэг байхаар байна гэж эрдэмтэд дүгнэж байна. Дархлааны Т эсүүдэд дархлааны гол санамж байдаг тул энэ санамж буюу вирус орж ирмэгц таньж устгах мөн эсрэг биеийг үйлдвэрлэх эсүүдийг идэвхжүүлэх чадавх нь хадгалагдана. 3 ба 4 дэх тунгийн дараа энэ санамж илүү сайн бэхжиж байгаа. Нэг асуудал бол халдварлах чадвар эрс нэмэгдсэн вирусийн хувилбарууд хүний дархлааны эсүүд таньж хариу урвал өгөхөөс өмнө эс рүү хурдан нэвтэрч байгааг эрдэмтэд онцолж байна. Тийм учраас урьд нь өвдсөн араас нь вакцин тариулаагүй хүмүүс дахин дахин өвдөөд байгаа. Өвдсөний дараах байгалийн дархлаа хангалттай сайн тогтдоггүй. Нэгдүгээр сард Омикроноор өвдсөн хүмүүс дахин өвдөх эрсдэлтэй байгаа. Харин өвдөөд араас нь вакцин тариулсан хүмүүст хамгийн сайн дархлаа буюу ХАЙМБРИД дархлаа тогтож байгаа эрдэмтэд онцолж байна.
Жил бүр вакцин үйлдвэрлэгчид тухайн өвөл ямар томуу давамгайлахыг тогтоож урьдчилж вакциныг үйлдвэрлэдэг түүн лугаа Ковид вакцин ч ийм байдал руу орж тухайн өвөл ямар хувилбар гарахаар байна түүн лүү чиглэсэн вакциныг үйлдвэрлэнэ. Дараагийн шатанд UNIVERSAL буюу Ковидын вирусийн мутацид ордоггүй сэртэнгийн уургийн хэсэг рүү чиглэсэн вацкиныг бүтээхээр эрдэмтэд ажиллаж байна.
Цаашдаа вирусийн сайн ба муу хувилбарууд гарч ирсээр байх болно. Хэцүүхэн өвөл ч их тохиолдоно. Гэхдээ сүүлийн 2 жил шиг хүнд өвөл хүн төрөлхтөнд дахиж тохиохгүй гэж эрдэмтэд үзэж байна.