Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг орон нутагт хэрэгжүүлэхтэй холбоотой зөвлөгөөн Сэлэнгэ аймагт боллоо.
Сэлэнгэ аймаг үндэсний хөдөлгөөний хүрээнд 20 сая мод тарьж, ургуулахын зэрэгцээ тарьц, суулгац нийлүүлэгч аймаг болох зорилт тавьснаа зарлалаа. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга А.Үйлстөгөлдөр цөлжилт, газрын доройтол, шар шороон шуурганы эсрэг мод тарьж ургуулах, байгаль орчноо хамгаалах чиглэлээр хамтран ажиллаж байгаа орон нутгийн удирдлага, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд төрийн тэргүүний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.
“Тэрбум мод-Сэлэнгэ аймагт” зөвлөгөөний үеэр модны тарьц, суулгац, үр бордоо, багаж, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан байна. Зөвлөгөөнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү болон албаны бусад хүн оролцлоо.
Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын болон бусад яам, эрдэмтдийн төлөөлөл, төрийн өмчит аж ахуйн нэгж болон хувийн хэвшлийн төлөөлөл бүхий Ажлын хэсэг “Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний төслийг боловсруулсан.
Төслийг Монгол Улсын Ерөнхий сайдын ахалдаг Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хороогоор хэлэлцүүлэн батлуулах гэж байна.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 21 аймаг, нийслэл хот 2030 он хүртэл нийт 680 сая мод тарьж ургуулахаа батламжилж, гэрээнд гарын үсэг зурсан юм.