Монгол Улсын Их Хурал, Европын Парламент хоорондын XIV зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд боллоо. Уулзалтыг нээж Монгол Улсын талаас Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол, Европын Парламенттай харилцах бүлгийн дарга Ц.Мөнхцэцэг, Европын Парламентын талаас Европын Парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дэд дарга Андрис Америкс нар үг хэлэв.
Энэ удаагийн уулзалт хоёр талын түншлэл, хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилт, улс төр, эдийн засгийн нөхцөл байдал, парламент хоорондын цаашдын хамтын ажиллагаа, ногоон хөгжил, “КОВИД-19” цар тахлын дараах боломж, сорилт, хүний хөгжил – хүний эрх зэрэг асуудлаар өргөн хүрээнд ярилцаж, санал солилцсон юм.
УИХ-ын гишүүн УИХ дахь Монгол, Европын парламенттай харилцах бүлгийн дарга Ц.Мөнхцэцэг парламентаас Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан Азийн анхны улс болсныг дурдаад Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төслийг боловсруулж байгааг уулзалтын үеэр онцлон тэмдэглэв.
Европын Парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дэд дарга Андрис Америкс Европын Холбооноос Монгол Улсад 2021-2027 онуудад хэрэгжүүлэх олон жилийн баримжаат хөтөлбөр баталж, тэргүүлэх чиглэлээ Ногоон хөгжил, ардчилсан ба эдийн засгийн хөгжил гэж тодорхойлсон нь Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын тодорхой зорилтуудтай нийцэж байгаад баяртай буйгаа илэрхийлэв.