Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Судалгаа: Covid-19 бизнест хэрхэн нөлөөлж байна вэ?

Огноо
Унших
7 минут 18 секунд

МҮХАҮТ-аас шинэкорона вирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний бизнест үзүүлж байгаа үр нөлөө, бизнес эрхлэгчдэд шаардлагатай дэмжлэгийг тодорхойлох зорилгоор дараах судалгааг 2020 оны 3 сарын 3-4 өдрүүдэд 1100 аж ахуйн нэгжийг хамруулан явуулжээ.

МҮХАҮТ-аас вирусийн халдвараас шалтгаалан үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор 3-р сард явуулсан энэхүү судалгааны тайланг тоймлон хүргэе.

Судалгаанд оролцогсдын 67% нь Улаанбаатар хот, 33% нь орон нутагт үйл ажиллагаа явуулдаг ба үйл ажиллагааны авч үзвэл 25% нь худалдаа, 22% нь үйлчилгээ, 11% нь хүнсний үйлдвэрлэлийн салбар байна. Нийт судалгаанд оролцсон ААН-үүдийн 89% нь жилийн 5 тэрбумаас жилийн орлоготой , 92% нь 199 хүртэлх ажиллагсадтай, 48% нь 10- аас дээш жил, 24% нь 5-10 жил үйл ажиллагаагаа явуулж байна.

COVID-19 вирусийн халдвараас сэргийлэх арга хэмжээ бизнест нөлөөлсөн тухай тодруулан асуухад судалгаанд оролцогсдын 57.4% нь маш их нөлөөлсөн, 32% нь дунд зэрэг нөлөөлсөн гэж хариулжээ. Харин 8.3% нь одоо хэлэхэд эрт байна гэж үзсэн бол дөнгөж 2% нь ямар нэг нөлөөгүй байна гэж хариулжээ.

Энэ үзүүлэлтийг салбараар ангилан харвал боловсрол, хүнсний үйлдвэрлэл, худалдаа, эрүүл мэнд, үйлчилгээ, барилгын салбарын бизнес эрхлэгчдэд хамгийн их нөлөөтэй ба дунджаар 96% нь үйл ажиллагаанд дунд ба маш их хэмжээгээр нөлөөлсөн гэж хариулсан байна.

Ямар нөлөө үзүүлсэн талаар тодруулан асуухад судалгаанд оролцсон бизнес эрхлэгчдийн 57.7% нь бараа үйлчилгээний эрэлт буурсан, 40% нь тээвэр ложистик доголдсоноос бараа үйлчилгээг хугацаанд нь нийлүүлж чадахгүй болсон нөлөөлөл хамгийн их байна гэж хариулжээ.

Бизнесийн салбараар ангилан харвал салбарын ялгаагүйгээр бараа үйлчилгээний эрэлт буурсан, тээвэр, логистик доголдсоноос бараа, үйлчилгээг хугацаанд нь нийлүүлж чадахгүй болсон зэрэг нь хамгийн их нөлөөтэй байна гэж үзсэн байна.

2020 оны бизнесийн зорилгодоо өөрчлөлт оруулах эсэхийг асуухад 32.9% нь одоогоор дүгнэхэд эрт байна гэж үзсэн бол 31.1% нь зорилгоо бага хэмжээгээр бууруулна, 21.8% нь өөрчлөхгүй гэж хариулжээ.

Орлогод үзүүлж буй нөлөө

 

Сэргийлэх арга хэмжээ нь 2020 оны эхний хагас жилийн тухай компанийн орлогод хэрхэн нөлөөлж байгаа талаар асуухад 46.4% “орлого 30 ба түүнээс дээш хэмжээгээр буурна”, 23.5% одоо хэлэхэд эрт байна, 21% нь орлого 10-30%-иар буурна, 6.3% нь 10% хүртэл хэмжээгээр буурна гэж үзсэн бол дөнгөж 3% нь нөлөөгүй байна гэжээ.

Орлогын нөлөөг салбараар тодруулан авч үзвэл аялал жуулчлал, боловсрол, тээвэр, үйлчилгээ, хөнгөн үйлдвэрлэл, худалдаа, хүнсний үйлдвэрлэлүүдийн салбарын бизнес эрхлэгчдийн 55% нь орлогын хэмжээ 30% ба түүнээс дээш хэмжээгээр буурна гэж үзжээ.

Бизнест тулгарч байгаа хүндрэл

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан бизнест үүсээд буй хүндрэлийг нээлттэй асуулгаар тодруулан асуухад судалгаанд оролцогсдын 66% нь зээлийн эргэн төлөлт, зээлийн хугацаа, зээлийн хүү нь хамгийн их хүндрэлийг бий болгож байна гэж хариулжээ.

ШААРДЛАГАТАЙ ДЭМЖЛЭГҮҮД

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Засгийн газраас ямар төрлийн дэмжлэг шаардлагатай байгааг тодруулан асуухад судалгаанд оролцогсдын 42.6% нь түрээсийн төлбөр бууруулах зэрэг үйл ажиллагааны зардал бууруулах арга хэмжээ, 36.3% хувь нь ААН-ын татвар, НДШ-ыг хойшлуулах, 20.3% нь хориг цуцлагдсаны дараа бизнесийг сэргээж хэвийн үйл ажиллагаа явуулахад нэгдсэн зохицуулалтаар ханган төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, түргэн шуурхай явуулах нь зүйтэй гэж үзжээ.

Шаардлагатай дэмжлэгүүдийг бизнесийн салбараар ангилан авч үзвэл эрүүл мэнд, хүнсний үйлдвэрлэл, худалдаа, хөнгөн үйлдвэрлэл, үйлчилгээ, боловсрол, аялал жуулчлалын салбаруудад хориг цуцалсны дараа бизнесийг хэвийн явуулахад төрөөс нэгдсэн зохицуулалт хийж, төрийн үйлчилгээг хүнд сурталгүй түргэн шуурхай үзүүлэх нь хамгийн чухал гэж үзжээ.

АЖИЛ ЭРХЛЭЛТЭД ҮЗҮҮЛЖ БУЙ НӨЛӨӨ

Covid-19 вирусийн халдвар, тархалтаас сэргийлэх арга хэмжээний ажлын байранд үзүүлж байгаа үр нөлөө ба шаардагдаж буй дэмжлэгийг тодорхойлох зорилгоор 2020 оны 3 сарын 20-23 өдрүүдэд МҮХАҮТ-ын гишүүн болон гишүүн бус 1504 аж ахуйн нэгжийг хамруулан судалгаа явуулжээ.

 

33% нь ажиллагсдаа түр хугацаагаар болон бүрмөсөн чөлөөлсөн байна. Ажлын байрны тооны өөрчлөлтийг салбараар харвал зочид буудал, нийтийн хоолны 52%, аялал жуулчлалын 44%, банк санхүүгийн 42%, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын 39% нь ажлын байрны тоог бууруулжээ. Одоогийн байдлаар нийтдээ 6000 орчмоор ажлын байрны тоо буурсан байна.

Ажлын байраа хадгалж үлдэхэд тулгарч байгаа асуудлаар судалгаанд оролцсон аж ахуйн нэгжийн 65% нь орлого буурсан гэх хариултыг өгчээ.

Covid-19 вирусийн тархалт, халдвараас шалтгаалан учирч буй хүндрэл нь 2-р улиралд үргэлжилсэн тохиолдолд 30% нь ажлын байрны цомхтгол явуулна гэв.

 

Ажлын байрыг цомхтгоно гэсэн хариултыг судалгаанд оролцсон аж ахуй нэгжүүдийн салбараар авч үзвэл хөнгөн үйлдвэрлэлийн 50%, зочид буудал, нийтийн хоолны 43%, үйлчилгээний 38%, аялал жуулчлалын салбарын 38%-ийг тус тус эзэлж байна.

АЖЛЫН БАЙРЫГ ХАДГАЛАХАД ШААРДЛАГАТАЙ ДЭМЖЛЭГ

Судалгаанд оролцсон ААН-үүдийн 63% нь ажлын байр хадгалахад зориулсан санхүүгийн дэмжлэг, 49% нь НДШ-ийн төлбөрийн төлөх хугацааг хойшлуулах, 44% нь хөнгөлөлттэй зээл олгох зэрэг нь ажлын байрыг хадгалахад төрөөс нэн тэргүүнд үзүүлэх шаардлагатай дэмжлэг гэж үзжээ.

Ажиллагсдын тооны бүлгийн ялгаагүйгээр хамгийн чухал дэмжлэг нь төрөөс ажлын байрыг хадгалахад зориулсан санхүүгийн дэмжлэг гэж үзсэн байна. Мөн бусад дэмжлэгийн хувьд 10 хүртэлх ажилтантай ААН-үүдийн хувьд хөнгөлөлттэй зээл чухал бол 50-200 ажилтантай аж ахуйн нэгжүүдийн хувьд НДШ-ийн төлбөрийг хойшлуулах нь илүү чухал байна.

Эх сурвалж: МҮХАҮТ

Монгол улсын иргэн П нь 1.3 кг алт хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ
Монгол улсын иргэн П нь 1.3 кг алт хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.