СЭДЭВ: 2024 онд ёс зүйн зөрчилд холбогдсон 600 төрийн албан хаагчийн 55 хувь нь ЭМЭГТЭЙ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
6 минут 13 секунд

Жилээс жилд төрийн алба "хүрээгээ" тэлж буй төрийн албанд өнөөдрийн байдлаар 226 мянган алба хаагч ажиллаж байна. Ингэхдээ сүүлийн арван жилийн хугацаанд төрийн алба хаагчдын тоо 45 мянгаар нэмэгдсэн байдаг. Гэвч тоо нэмэгдсэн ч чанар өөрчлөгдсөнгүй. Энэ байдлаас шалтгаалж, төрийн алба хаагчид руу чиглэсэн ёсзүйн зөрчил ч нэмэгдэх болжээ. Энэ талаар Төрийн албаны зөвлөлийн 2023 оны үйл ажиллагааны тайланд дурдсан байх бөгөөд нийслэл, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагуудын дэргэд ёс зүйн дэд хороод байгуулагдан ажиллаж буй юм. Эл тайланд дурдагдсан зарим ёс зүйн зөрчилтэй холбоотой мэдээллээс хүргэе.

-65 төрийн байгууллагын ёс зүйн дэд хорооны дарга, НБД, гишүүдэд таван сарын хугацаанд 192 сая төгрөгийн урамшуулал олгожээ-

2024 оны мэдээгээр 4239 төрийн байгууллагад 2281 ёс зүйн дэд хороо байгуулагджээ. Энэ нь нийт төрийн байгууллагын 53.8 хувь гэсэн үг юм. Ёс зүйн дэд хорооны 1808 буюу 79.3 хувь нь орон нутагт, 473 буюу 20.7 хувь нь нийслэл хотод, нийт 9855 төрийн албан хаагч ёс зүйн дэд хороонд сонгогдон ажиллаж байна. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах үүргийг эл дэд хороод хариуцан үйл ажиллагаа явуулдаг аж.

Харин тайланд дурдагдсанаар Ёс зүйн дэд хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүдэд 2024 оны 6-10 дугаар сарын хооронд буюу таван сарын хугацаанд 65 байгууллагад нийт 192.6 сая төгрөгийн урамшуулал олгожээ.

Үүнийг нарийвчилж харуулбал,

Тэгвэл ёс зүйн хороонд бүртгэгдсэн төрийн алба хаагчдын гомдол мэдээлэлтэй холбоотой статистик мэдээллийг харцгаая.

-Жилд 495 албан хаагч ёс зүйн зөрчил гаргаж байсан бол 2024 онд 600 болж өсчээ-

Өмнөх 5 жилийн дунджаар жилд 495 албан хаагч ёс зүйн зөрчил гаргадаг байжээ. Харин эл тоо 2024 онд 600 болж өссөн аж. Харин энэ нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 14.3 дахь заалтын дагуу ёс зүйн зөрчил гаргасан төрийн улс төр, төрийн тусгай ангилал болон хуульд заасан бусад төрийн байгууллагын удирдах албан тушаалтныг нэмж бүртгэдэг болсонтой холбоотой хэмээн Ёс зүйн хороо үзжээ.

Үүнээс Ёс зүйн хороонд 2024 онд 60 өргөдөл, гомдол, хүсэлт ирснээс 40 нь төрийн албан хаагчийн ёс зүйтэй холбоотой гомдол, мэдээлэл байгаа бөгөөд үүний 1 нь зөрчил тогтоогдож, 29 нь харьяалах ёс зүйн дэд хороонд шилжүүлж, 10 нь шийдвэрлэх шатандаа байгаа аж. Зөрчил тогтоогдсон гэх нэг төрийн алба хаагч нь төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтантай холбоотой асуудал гэжээ.

-Ёс зүйн асуудалд холбогдсон 600 алба хаагчийн 55 хувь нь ЭМЭГТЭЙ-

2024 онд ёс зүйн зөрчлийн гомдол мэдээлэлд холбогдсон 600 алба хаагчийг хүйсээр нь авч үзвэл:

Төрийн албаны зөвлөлийн 2023 оны тоо бүртгэлээр 226496 төрийн албан хаагчийн хүйсийн харьцаа 63.7 хувь нь эмэгтэй, 36.3 хувь нь эрэгтэй байгаа юм. Үүнээс 595 ёс зүйн гомдол, мэдээлэлд дурдагдсан 600 албан хаагчийн 333 нь буюу 55.5 хувь нь эмэгтэй, 267 буюу 44.5 хувь нь эрэгтэй албан хаагч байна.

-Төрийн албан хаагчаас төрийн албан хаагчдаа гаргасан гомдол 40.6 хувийг эзэлж байна-

Төрийн албан хаагчийн үйлдэл, үйл ажиллагаанд гаргасан ёс зүйн гомдол, мэдээллийн

  • 47.5 хувь нь иргэнээс төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд,
  • 40.6 хувь нь төрийн албан хаагчаас төрийн албан хаагчдаа,
  • 11.9 хувь нь байгууллагын дотоод хяналт, шалгалтаар илэрсэн ёс зүйн зөрчил байна.

Иймд төрийн байгууллагын албан хаагчдад багаар ажиллах, бусдын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч хүндэтгэлтэй хандах чиглэлээр сургалт, соён гэгээрүүлэх арга хэмжээг зохион байгуулах шаардлагатай байна хэмээн эл тайланд дурдсан байх аж.

-Зөрчил нь тогтоогдсон 314 төрийн албан хаагчийн 55 нь сайн дураараа ёс зүйн хариуцлага хүлээжээ-

Тэгвэл ёс зүйн зөрчил гаргасан энэ тохиолдолд хариуцлага хүлээлгэх байдал хэр байгаа талаар дараах байдлаар дурджээ. Тодруулбал, Ёс зүйн хороо болон дэд хороодын дүгнэлтээр 322 зөрчил тогтоогдсон байна. Үүнээс томилох эрх бүхий албан тушаалтан 314 буюу 97.5 хувьд ёс зүйн хариуцлага хүлээлгэж, 8 зөрчилд шийдвэр гаргаагүй байна.

Ёс зүйн зөрчил нь тогтоогдож, хуулийн дагуу дүгнэлт нь гарсан 314 төрийн албан хаагчийн 259 албан хаагч нь “томилох эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр”, 55 албан хаагч нь “ёс зүйн хариуцлагыг сайн дураараа хүлээсэн” байна.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -9 хэм хүйтэн, багавтар үүлтэй
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -9 хэм хүйтэн, багавтар үүлтэй
 
Сар шинийн баяр хэдэнд болох талаар Гандантэгчэнлин хийдээс мэдээлэл хийнэ
Сар шинийн баяр хэдэнд болох талаар Гандантэгчэнлин хийдээс мэдээлэл хийнэ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!