Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Сайнбаяр: Шатахуун импортлогчдод үнийн тогтвортой бодлого барих шаардлагыг тавьж байгаа

Ангилал
Ярилцлага
Огноо
Унших
17 минут 56 секунд

Өнгөрөгч оны арваннэгдүгээр сард АИ92 шатахууны үнийг төрөөс чөлөөлсөн. Тус шийдвэрээс даруй хоёр сарын хугацаа өнгөрөхөд шатахууны үнэ хоёр удаа нэмэгдлээ. Тодруулбал, арваннэгдүгээр сарын 29-нд шатахууны үнэ литр тутамдаа 100 төгрөг, он гарсаар буюу нэгдүгээр сарын 11-нд литр тутамдаа 15-20 төгрөгөөр нэмэгдэв. Тэгвэл газрын тосны бүтээгдэхүүн ба зах зээлийн гадаад болон дотоод нөхцөл байдал болон үүнтэй уялдуулж төрөөс авч хэрэгжүүлэх ёстой арга хэмжээний талаар Шатахуун хэрэглэгчдийн холбооны Гүйцэтгэх захирал Б.Сайнбаяртай ярилцлаа.

-Төрөөс шатахууны үнийг чөлөөлөөд багагүй хугацаа өнгөрлөө. Шатахуун хэрэглэгчдийн холбооны зүгээс АИ92 шатахууны үнэ чөлөөлсөн шийдвэрт ямар байр суурьтай байсан бэ?

-Шатахууны үнийг чөлөөлснөөр зах зээлээ тэлэх боломж бүрдэж буй хэрэг. Үнийг чөлөөлсөн учраас импортлогч компаниуд зах зээлийн зарчмаараа л ажиллах хэрэгтэй. Төр үнийг хэтэрхий их барьж, зохицуулалт хийгээд байхаар компаниуд алдагдал хүлээж, тэр байтугай хомстолд ч ороод амжлаа. Тэгвэл дараагийн хийх алхам бол тусгай зөвшөөрлийн асуудлыг цэгцлэх. Дотоодын зах зээлд монополь байдлыг үүсгэчихсэн 30 орчим компани үйл ажиллагаагаа явуулж байна. Өөрөөр хэлбэл, тус 30 компаниас л хараат болчхоод байгаа юм. Иймд тусгай зөвшөөрлийн зохицуулалтыг төр дараагийн ээлжинд хийх хэрэгтэй гэж харж байгаа.

-Манай улсын хувьд ОХУ-ын “Роснефть"-ээс шатахууны 90 хувийг хангаж байна. “Роснефть"-ээс гадна олон том компаниудтай шатахуун импортлогчид нь гэрээ хийх, цаашилбал олон эх үүсвэрүүдтэй болох хэрэгтэй хэмээн ярих хүмүүс цөөнгүй. Энэ тал дээр?

-Олон улс дахь компаниудад нээлттэй шүү дээ. Импортлох тусгай зөвшөөрлөө авчихсан бол гаднын шатахуун үйлдвэрлэгч аль ч компаниас авах нь нээлттэй асуудал. "Роснефть" гээд байгаагийн цаана учир ч бий. К2 стандартын шатахууныг "Роснефть" компани Монголд л зориулж нэрж өгч байгаа шүү дээ. Дэлхий нийт К2 стандартын шатахуунаас татгалзаж, К5 буюу Европ 5 ангилал руу орчихож байгаа юм. Тэгэхээр манай улс "Роснефть" компанийг царайчилхаас өөр сонголтгүй.

Сошиал орчинд мэргэжлийн бус хүмүүс цаад шалтгааныг нь бүрэн танилгүйгээр импортлогч компаниудыг буруутгаад байгаа юм. Өнөөдөр шатахуун хэрэглэгчдийн гар дээр очихын тулд 7 шат дамжлага дамждаг. Үүнийг ч юу болохыг мэдэхгүй, "Роснефть" компаниас вагоноор ачиж авч ирээд нийлүүлдэг мэтээр бодох хүмүүс цөөнгүй. Гэтэл үүний цаана шатахуун импортлох процессод маш олон ажиллагаа явдаг. Манай холбооны зүгээс сар шинийн баярын дараа компаниудын үйл ажиллагааны талаар олон нийтэд хүргэж гэж байна. Мөн гаалийн байгууллагатай хамтран хяналт шалгалтыг сайжруулах чиглэлээр санал солилцож байгаа. Бүх боомтууд дээр дор хаяж бага оврын шатахуун шалгах багажийг байрлуулах хэрэгтэй талаар шаардлагыг гаалийн байгууллагад хүргүүлсэн. Хариу ирээгүй байгаа.

-Гааль дээр шатахуун шалгах багаж техник хэрэгслийн хувьд хангалтгүй гэж байдаг юм уу?

-Тодорхой хэмжээний дээж ирдэг. Түүнийг нь Гаалийн лаборатори шинжлээд, шинжилгээний хариу гарсан үед нь Монгол Улсын хилээр нэвтрүүлдэг. Гаалийн лаборатори бол өөр ойлголт. Харин хэрэглээнд байгаа шатахууны шинжилгээ ч өөр ойлголт. Газрын тосны бүтээгдэхүүн нь онцгой бүтээгдэхүүн. Тэлдэг, агшдаг, чанар өөрчлөгддөг, хувирдаг бүтээгдэхүүн. Тэгэхээр энэ бүхнийг бид тодорхойлох ёстой. Хэрэглэгчид чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн хэрэглэх ёстой.

-Шатахуун зах зээлд нийлүүлэгдэх хүртэл маш олон талын шат дамжлага дамждаг болохыг та онцоллоо. Тэгвэл үнийн өсөлт тал дээр та ямар бодолтой байна вэ. Үнэ чөлөөлөх шийдвэрээс хойш шатахууны үнэ хоёр удаа нэмэгдлээ. Үүнийг төрийн оролцоо алга болсон мэтээр харах нөгөөтээгүүр шатахуун импортлогч нар цаашид ч бага багаар үнэ нэмэх вий гэх болгоомжлол олон нийтийн дунд байна?

-Үнийг бага багаар нэмэгдүүлнэ гэх ойлголт өнөөдөр нийгэмд байна. Энэ бол зах зээлийн зарчим. Импортлогч компаниуд, тухайн бүтээгдэхүүнд тохирсон үнийн таблицыг Ашигт малтмалын газар болон УУХҮЯ-наас хийчихсэн байгаа. Энэ дагуу л явж байгаа юм. Гаднын зах зээлээс худалдаж авч байгаа үнэ нь тодорхой. Тухайлбал, өнөөдөр "Роснефть" 728 доллараар нийлүүлж байна. Гэтэл 600-руу буучихсан байхад импортлогч компаниуд 728 байхад нь зарж байсан үнээрээ худалдаалж байвал төр оролцоно. Төр огт оролцохгүй биш, тодорхой хяналтаа хийгээд явна л гэсэн үг. Төр хяналт шалгалтаа сайн хийгээд явбал энэ нь өөрөө хэрэглэгчдэд чанартай шатахуун хүрэх гол нөхцөл. Төр өмнө үнийг нь бариад байсан учраас импортлогч компаниуд алдагдал хүлээж, хоорондын ойлголцол байхгүй байсан.

Импортлогч компаниудын төрд хүлээж буй маш том үүрэг бий. Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний нөөцийн 90 хувийг импортлогч компаниуд өөрсдийнхөө санхүүгээр бүрдүүлж байгаа гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Хэрвээ хомстол үүсч, импортлогч компаниуд шатахууны татан авалтаа зогсоож, Монгол Улсын нөөц тасалдвал хэрэглэгч л хохирно. Импортлогч компаниуд нөөцөө бүрдүүлж байгаа. Бидний зүгээс шатахуун импортлогч компаниудад чанар, стандартаа барьж ажиллахаас гадна үнийн тогтвортой бодлогыг барь гэх зарчмын шаардлагуудыг л тавьдаг.

-Оны өмнө танай холбооны зүгээс мэдээлэл хийхдээ орон нутгийн боомтуудаар гарал үүсэл нь тодорхойгүй шатахуун орж ирж байна гэх мэдээллийг өгч байсан. Тухайн үед ямар арга хэмжээ авч ажилласан бэ?

-Бидний зүгээс боомтын чанарыг сайжруул гээд байгаа юм. Учир нь Цагаан нуур боомт зэрэг хязгаарлагдмал боомтуудад тухайн бүс нутгийг хямд шатахуунаар хангах бодлогыг засаг нь барьж байна. Гэтэл тэрхүү шатахуун нь Улаанбаатар хот руу зөөгдөөд байгаа юм. Роснефтийн шатахуун вагоноор орж ирэхдээ лац, ломботой, шинжилгээний бичигтэй ирдэг. Шинжилгээний бичигтэй ирж байгаа боловч стандартын шаардлага хангасан уу гэдгийг хэн ч нотолж чадахгүй. Тэгэхлээр боомтын хяналт, шалгалтыг сайжруулж, алслагдсан боомтоос орж ирж байгаа шатахууныг Улаанбаатар хот руу оруулахгүй байх арга хэмжээг авах хэрэгтэй. Ийм байдлаар л төр ажлаа хийх хэрэгтэй. Түүнээс биш Улаанбаатар хот руу нийлүүлэх шатахуун тодорхой байх ёстой. Машинд лац тавих ямар ч боломж байхгүй шүү дээ. Шинжилгээний бичигтэй гэх машинд юу ачиж байгааг бид хэлж мэдэхгүй. Тиймээс шалгалтаа сайжруул гэж төрийг шахаж буй хэрэг юм.

-Төрийн хяналт шалгалт дутмаг байгаа гэж харж байгаа байх нь?

-Маш дутмаг шүү дээ. Бид саяхан МҮОНТ-ээр мэдээлэлд орсон. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам маш хариуцлагагүй мэдэгдэл хийсэн. Шалгах эрх нь Ашигт малтмал, газрын тосны газарт байдаггүй гэж байгаа юм. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газар, Мэргэжлийн хяналтын газар аль алинд нь шалгах эрх байхгүй гэж байна. Хууль дүрмээрээ явбал чанар стандарт, татан авалт зэрэгт Ашигт малтмал, газрын тосны газар шалгах ёстой. Хэрэглэгчийн гомдол үүсвэл ШӨХТГ шалгах хэрэгтэй. Үйл ажиллагаа явуулж буй барилга байгууламж, бүтцийн аюулгүй ажиллагаа алдагдвал Мэргэжлийн хяналтын байгууллага шалгах хэрэгтэй. Ингэж л төрийн үйл ажиллагаа явах ёстой. Гэтэл чанар, стандартыг шалгах байгууллага байхгүй гэх тайлбарыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам нь өгөөд сууж байгаа нь харамсалтай. Гэхдээ үнийг залруулах байх гэж найдаж байна.

"Ямар ч мэдээлэлгүй өдөөн турхирсан хүмүүсийн үйлдлээс шалтгаалж хомстол үүссэн"

-Шатахуун суурь үнэ тогтоодог стратегийн гол бүтээгдэхүүн. Гэтэл шатахууны үнэ өсөхөд дагаад бараа бүтээгдэхүүний үнэ өсөх нь байдаг л үзэгдэл мэт болчихлоо. Үүнд ямар зохицуулалт хэрэгтэй вэ?

-А92-ийн хувьд Монгол Улсын нийт хэрэглээний 25 хувийг л эзэлдэг. Энэ бол ихэвчлэн Улаанбаатар хотод хэрэглэгддэг. Яагаад дизель түлшний үнэ хөдлөөгүй байхад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөөд байгаа юм бэ. Борлуулалт хийж буй түгээлтийн автомашинуудын 90-95 хувь нь дизель түлшээр явдаг машин. Гэтэл АИ92-ийн үнэ нэмэгдэхэд яагаад суурь үнэд нөлөөлөөд байна вэ гэдэг нь өөрөө асуудал. Магадгүй энэ нь ашиг хонжоо олох гэсэн бизнесийн явуургүй арга. Тэгэхээр энэ байдалд ч төр хяналт шалгалт хийх хэрэгтэй. Нийгмийн савлагаатай байдлыг ашиглаад ашиг хонжоо олох гэсэн арга шүү дээ. Үүнд төр хяналтаа л сайн тавьчих хэрэгтэй.

-Ковид19 цар тахлаас шалтгаалан газрын тосны бүтээгдэхүүний гадаад болон дотоод зах зээлд ямар нөхцөл байдал үүссэн бэ?

-Ковид19 цар тахал дэлхий нийтийг амьдралын өөр хэв маягт оруулчихлаа. Үйлдвэрлэгч болон олборлогч орнууд нөөцөө маш ихээр багасгалаа. Үүнийг дагаад дэлхийн зах зээл дээрх баррель нефтийн үнэ маш өндөр өсөлттэй байгаа. Тиймээс шатахууны үнэ дэлхий даяар л өсөж байгаа хэрэг. Бид маш хямдхан шатахуун хэрэглэж байгаа. Гэтэл цар тахлын дараах эдийн засгийн сэргэлт болоод олборлогч орнууд нөөцөө нэмээд эхлэх үед баррель нефтийн л үнэ унана. Тухайн үед Монголд дагаад л үнэ буурна. Хэрвээ Монгол Улс өөрөө дотоодынхоо нөөцийг 1-2 жилээр дарах нөөцийн савтай байсан бол бид энэ асуудлыг дайраад биш тойроод л гарах байсан. Монгол Улс 45 хоногийн нөөцөө л бүрдүүлдэг. Манай улс нөөцийн бүх саваа нэмээд 250-320 мянган тонны нөөцөө бүрдүүлэх боломжтой. Монгол улсад зайлшгүй байх нөөц бол 120-130 мянган тонны нөөцтэй л байгаа. Энэ нь өөрөө Монгол Улсын 45 хоногийн нөөцийг л эзэлдэг гэсэн үг.

-Өнгөрсөн онд шатахууны хомстол үүсч, улс даяараа шатахуунд дугаарласан хүндхэн нөхцөл байдалтай тулгарсан. Үүнийг нөөц багассантай холбон тайлбарлаж байсан. Ер нь тухайн үед үүссэн нөхцөл байдлыг юунаас шалтгаалсан гэж харж байна?

-Ямар ч мэдээлэлгүй өдөөн турхирсан хүмүүсийн үйлдлээс шалтгаалж хомстол үүссэн гэж харсан. Тэр хүмүүсийн үйлдлээс шалтгаалаад маш олон хэрэглэгч хохирсон. Жишээлбэл, би өнөөдөр гудамжинд гараад Монгол Улс ийм хоногийн нөөцтэй болж байна гэж зарлах ондоо. Мэдээллийн эх үүсвэрээ байнга тодорхой хэлэх хэрэгтэй. Гэтэл тухайн хүмүүс ямар ч мэдээллийн эх сурвалжгүй өдөөн турхиралтад өртсөн. Тогтмол борлуулалтын хэмжээ байдаг. Гэтэл 30 мянган төгрөгөөр хийдэг хүн очоод 100 мянган төгрөгт шатахуунаа худалдаж авах хоёрын хооронд ялгаа их шүү дээ. Үүнээс үүдэн нөөц огцом багассан. Үүнтэй зэрэгцэн татан авалтын хугацаа холдчихож байгаа юм. Энэ зуурт хомстол үүссэн. Тэгэхээр хэрэглэгч жолооч нар маань мэдээллийг баттай эх сурвалжаас авч, үйлдэл хийх хэрэгтэй. Дахиад иймэрхүү үйлдэл гарахад л дахиад л хомстол үүснэ. Яагаад гэвэл энэ нь тодорхой системтэй, татан авалтын хугацаатай байдаг зүйл.

"Бид мөнгөө төлж байгаа учраас чанартай шатахуун хэрэглэх хэрэгтэй"

-Шатахуун хэрэглэгчдийн холбооноос хэрэглэгч жолооч нарын эрх ашгийг хамгаалах чиглэлд ямар бодлого барьж ажиллаж байна вэ?

-Хэрэглэгчдийн зүгээс чанар дагаж үнэ, үнэ дагаж чанар уу гэдэг дээр бодлого барьж байна. Нэгдүгээрт, бид мөнгөө төлж байгаа учраас чанартай шатахуун хэрэглэх хэрэгтэй. Хоёрдугаарт, найдвартай бензин хэрэгтэй. Гуравдугаарт, хэрэглэгчдээ дээдэлсэн импортлогч компаниудыг хүсэж байгаа. Энэ тал дээр манай холбоо ажиллаж байна. 2022 онд хийхээр төлөвлөсөн гол ажил бол хэрэглэгчдийн гомдлыг авч, шүүхийн шатанд шилжүүлэх гэж байна. Хоёрдугаарт, жолоочийн боловсролд чиглэсэн томоохон төслийг эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байгаа.

-Жолооч нараас ихэвчлэн ямар гомдол, санал ирдэг вэ?

-Жолооч нар ямарваа нэг байдлаар бухимдсан үедээ холбогдож, гомдол саналаа хэлдэг. Мэдээллийн дагуу бид бүхэн судалж, сар гаруйн хугацаанд нотлох ажиллагаа явж байтал нөгөө жолооч маань “Завгүй болчихлоо, одоо надад хамаагүй” гэдэг. Тэгэхээр холбоо маань хохирогчгүй асуудлын араас яваад байгаа мэт болчихдог. Иймээс иргэд, жолооч нарыг гомдол гаргасан бол эцсээ хүртэл яв гэдэг зүйлийг хэлдэг. Явц дундаас асуудлыг орхих нь үр дүнгүй болгоод байгаа юм.

-Шийдвэрлэлт нь хэр байдаг юм?

-Шийдвэрлэлт нь боломжтой. Бид өмнө “Петровис”-тэй холбоотой 2-3 гомдлыг шийдвэрлүүлсэн байдаг.

-Та яриандаа жолоочийн боловсролд чиглэсэн төслийг хэрэгжүүлэх гэж байгаа талаар дурдсан?

-Манай жолооч нар өөрсдөө техникийн тал дээр мэдээлэл дутмаг байна. Тухайлбал, саяхан устай шатахуун гэж их ярьсан. Тэгвэл тухайн машин нь Японд 10 жил, Монголд 10 жил явчихсан машин байлаа гэхэд энэ хугацаанд банкаа хэдэн удаа цэвэрлэсэн бэ гэдгийг асуух нь зүйтэй. Нэгдүгээрт, машины эд ангийг хэрхэн цэвэрлэх, ашиглах процессийн талаар мэдээлэл олгох. Хоёрдугаарт, шатахуун түгээх станцаас бензин авах үедээ машинаа унтраах, гар утас хэрэглэхгүй байх зэрэг аюулгүй ажиллагааны дүрмийг дадаал болгох. Өнөөдрийн нөхцөлд шатахуун түгээх станцаас бензин авч буй жолооч нарын 70-80 хувь машинаа огт унтраадаггүй. Хэрвээ бид машинаа унтраахгүй байснаас нэг газар дэлбэрэлт үүсвэл гарах хор хохиролыг хэн хариуцах вэ. Энэ мэт нөхцөл байдал байсаар байна. Жолоочийн боловсрол гэдэг бол энгийн юм шиг мөртлөө хэвшил болгохуйц үйлдлүүд байгаа юм.

-Цаашид төрөөс шатахуунтай холбоотой ямар асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй гэж харж байна?

-Чанар, стандартын асуудлыг ТББ-д өгсөн дээр. Манайх шалгалтыг авбал сайн хийнэ. Бидний зүгээс энэ талаарх саналаа төрийн холбогдох байгууллагуудад хүргүүлсэн. Бид нэг дээжийн шинжилгээний хариуг 24-72 цагийн дотор гаргах бүрэн лаборатори оруулж ирэхээр төрд саналаа хэлсэн байгаа.

-Төр шатахууны үнэ чөлөөлснөөс хойш асуудалд хойрго хандаж байна гэж харах хүмүүс их байна. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Төр шатахууны үнэ тал дээр хяналтаа хийсээр байгаа. Түүнээс биш импортлогч компаниудыг дур зоргоор нь хаячихсан зүйл огт биш.

-Ярилцсанд баярлалаа.

13 настай охиныг зодсон Солонгос охидод ял оноожээ
13 настай охиныг зодсон Солонгос охидод ял оноожээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.