Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Амартүвшин: Хаан банкны Япон талын эзэмшигчтэй холбоотой мэдээллийг УИХ-д танилцуулна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
6 минут 30 секунд

Цаг үеийн зарим асуудлаар УИХ-ын гишүүн Г.Амартүвшинтэй ярилцлаа.

-Хаан банкны өмчлөлтэй холбоотой асуудал маргаан дагуулж байна. Энэ хүрээнд ажлын хэсгийн багт ажиллаж байгаа гишүүний хувьд ямар мэдээлэлтэй байна вэ?

-Өмчлөгч гэхээс илүүтэйгээр хувьцаа эзэмшигч буюу эцсийн эзэмшигч хэн болох дээр асуудал үүсээд байна. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатараар ахлуулсан ажлын хэсэг Эдийн засгийн байнгын хорооноос гарч ажиллаж байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд миний бие орсон. Ажлын хэсэг хоёр үүрэгтэй. Нэгдүгээрт, Банкны тухай хуульд жилийн өмнө нэмэлт, өөрчлөлт оруулсан. Тэр хуулийн хэрэгжилт ямар түвшинд явж байгааг хянах үүрэгтэй. Хоёрдугаарт, арилжааны банкуудад байршсан төрийн сангийн эх үүсвэр, татвар төлөгчдийн мөнгөний эрсдэлгүй байдлыг хангаж чадаж байгаа эсэхийг шалгах ажлыг хэсэг байгуулсан.

-Шалгалтын ажлууд ямар түвшинд явж байгаа вэ?

-Материалуудтай танилцаж байна. Урьдчилсан байдлаар ажлын хэсгийн гишүүд Монголбанкны удирдлагуудтай уулзсан. Одоогоор материал, статистик тоон мэдээллүүдээ цуглуулж байна.

-Япон талын хөрөнгө оруулагчаас гомдол гаргасан гэх мэдээлэл АТГ-т хүргэгдсэн гэгдээд буй. Энэ мэдээлэл та бүхэнд ирсэн үү?

-Тэр мэдээлэл ирсэн. Хаан банктай холбоотой асуудлаар санаа зовоож байгаа зүйл нь Банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр нэг хувьцаа эзэмшигч 20 хувиас илүү эзэмшихгүй гэсэн хатуу хязгаарлалт байгаа. Мөн Монголбанк аливаа арилжааны банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийг тодорхой болгох ёстой. Өөрөөр хэлбэл арилжааны банкны хувьцааг нэг ААН худалдаж авдаг. Тухайн ААН-ын ард хэн гэдэг иргэн хуулийн этгээд байгаа вэ гэдгийг тогтоох үүрэгтэй. Япон талын мэдээллүүдтэй бид танилцаж байгаа. Ойрын хугацаанд ажлын хэсэг хуралдаж, мэдээллүүдээ нэгтгээд тогтоол гаргаж УИХ-д танилцуулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа.

-Монголбанкнаас Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд 14 тэрбум төгрөгийн зээл авсан талаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар мэдээлсэн. Эргэн төлөх чадвар багатай банкинд энэ хэмжээний мөнгө зээлдүүлж байгаад иргэд ихээхэн шүүмжлэлтэй хандаж байна. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Монголбанк арилжааны банкуудад санхүүжилт өгөх нь хэвийн. Эх үүсвэр нь хэцүүдсэн, төлбөрийн чадвар нь муудсан банкуудад Төв банк тодорхой хэмжээний санхүүжилт өгөх эрхтэй. Зөвхөн Монголд ч бус, бусад орны Төв банкууд ч ийм үйл ажиллагаа явуулдаг. ҮХОБ-тай холбоотойгоор нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал болон төрийн өмчид компаниудын эх үүсвэр байршаад удаж байгаа. Үүнийг миний зүгээс тухайн банкны үйл ажиллагаа сайжраагүй, төлбөрийн чадвар нэмэгдээгүй байхад санхүүжилт өгөх шаардлагатай байсан эсэх нь өөрөө том асуултын тэмдэг гэж үзэж байна.

-Эдийн засгийн байнгын хороогоор зээлийн хүү ажил хэрэг болж үр дүнгээ өгч чадсан эсэх талаар хэлэлцлээ. 10 их наядын хөтөлбөр хэр зэрэг үр дүнтэй байсан бэ?

-Өчигдрийн хуралдаанаас тоон мэдээлэл сонсоход 10 их наядын хөтөлбөр маш сайн үр дүнгээ өгсөн гэж үзэж байна. Засгийн газар тавьсан зорилтондоо хүрсэн байна. Иргэдийн цалингийн зээл, хэрэглээний зээлийн хүү төдийлөн буураагүй байна гэсэн гомдол ирж байгаа. Хэрэглээний зээл 1-3 жилийн хугацаатай гэрээтэй байдаг. Жишээ нь, жилийн өмнө сарын 1.8 хувийн хүүтэй цалингийн зээл авсан бол гэрээнийхээ хугацаанд 1.8 хувиараа л төлнө. Гэтэл зах зээлийн шинэ зээлийн хүү 1.5 болчихвол 1.8 хувиар авсан хүн түүнийг хүртэх боломжгүй. Тиймээс зээлийн гэрээ хугацаатай учраас тухайн хугацаа нь өнгөртөл зээлийн хүү буурахгүй.

Харин ААН-үүдийн хувьд эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийг 10 их наядын санхүүжилтийн хүрээнд нэлээд авсан байна. Миний зүгээс шүүмжлэлтэй хандаж байгаа нэг зүйл нь арилжааны банкууд шинэ харилцагчдаа санхүүжүүлэхгүй, өмнө зээл авч байсан харилцагчдаа дахин санхүүжүүлж байгаа зүйл харагдаж байна. Өмнө нь зээл авч байгаагүй харилцагчдад бага зэрэг төвөгтэй нөхцөл байдал үүссэн гэж хараад байна.

-Иргэн, ААН-үүд зээлэнд хамрагдах боломж нь харилцан адилгүй байна гэх шүүмжлэл байна. Тийм үү?

-ААН-үүдийн хувьд хүртээмж харьцангуй боломжийн байгаа гэж бодож байна. Жижиг болон бичил зээлийн харилцагчдад арай хүндрэлтэй байгаа гэсэн мэдээлэл байна. Хэрэглээний зээлийн хувьд банкууд бага зэрэг болгоомжилсон байдалтай байх шиг байна. Инфляцын өсөлттэй холбоотойгоор иргэдийн орлого төдийлөн нэмэгдээгүй үед зарлага нэмэгдэж, зээлийн эргэн төлөлт хийхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн гэдэг мэдээллүүд байна.

-Ипотекийн зээл зорилтот бүлгэдээ хүрэхгүй байгаа гэсэн иргэдийн шүүмжлэл их байна.

-Ипотекийн зээлийн хөтөлбөр үргэлжилж байгаа. 30 хувийн урьдчилгаа төлбөрийн асуудал их гардаг байсан. Энэ хувийг тодорхой хэмжээнд бууруулах юм шиг байна. Байрны үнэ өсөж байгаад 6 хувийн ипотекийн зээл өөрөө ч нөлөөлсөн. Санхүүжилт нь хангалттай болоод ирэхээр бэлэн байрнууд хангалттай биш байна. Хоёрдугаарт, импортоор орж ирж байгаа барилгын материалын 40-70 хувь өссөн нь ч нөлөөлж байгаа.

-Санхүүжилтийг нэмэх шаардлагатай юу?

-Эрэлт байгаа учир аль болох орлоготой иргэдээ орон сууцтай болгох боломжийг хангуулах нь зөв байх.

-Ярилцсанд баярлалаа.

Ч.Хүрэлбаатар: Монголбанк арилжааны банкны үүрэг гүйцэтгэх шаардлагагүй
Ч.Хүрэлбаатар: Монголбанк арилжааны банкны үүрэг гүйцэтгэх шаардлагагүй
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.