Улсын онцгой комисс цаг үеийн асуудлаар хуралдлаа. УОК-оос гаргасан шийдвэрийг танилцуулахаар албаныхан мэдээлэл /2022.01.10/ хийсэн юм. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан "Ковид19-ийн өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо огцом нэмэгдэж байна. 2021 оны сүүлийн долоо хоногийг 2022 оны эхний долоо хоногтой харьцуулахад тохиолдлын тоо дөрөв дахин өссөн үзүүлэлттэй байгаа юм. Улаанбаатарт 1715, орон нутагт 894 ор дэлгэсэн. Орны ачаалал нэмэгдэж байна. Хүлээлт үүсч байна. ЭМЯ-наас нэгдсэн ор зохицуулах баг ажиллаж эхэлсэн.
Эрсдэл бүхий иргэдийг эрэмбэлж тусламж үйлчилгээг шуурхай үзүүлнэ. Тодруулбал, өндөр настнууд, хавсарсан эмгэгтэй, вакцинд хамрагдаагүй, жирэмсэн эхчүүд, 0-5 насны хүүхдүүдийг эрэмбэлж, орны зохицуулалтыг хийнэ. Өнөөдрийн тухайд дөрвөн мянган ор бэлдсэн. Ойрын хугацаанд 2 мянган ор дэлгэхээр бэлтгэл ажлыг хангаж байна" гэв.