
Монгол Улсын иргэд БНХАУ-ын хилээр зээрийн шагай болон зэрлэг ан амьтны гаралтай эд зүйл хууль бусаар нэвтрүүлсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээж, олон жилийн хорих ял эдлэх эрсдэлтэйг Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газраас анхаарууллаа.
Тус Консулын газрын мэдээлснээр 2025 оноос хойш Монгол Улсын 10 гаруй иргэн зээрийн шагай, зэрлэг ан амьтны мах, арьс, эвэр, туурай, яс, эд эрхтэн болон амьтны сэг зэмийг БНХАУ-ын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн хэрэгт холбогджээ. Улмаар эдгээр иргэнд 4-10 жилийн хорих ял оногдуулсан тохиолдол бүртгэгдсэн байна. БНХАУ-ын хууль тогтоомжийн дагуу монгол зээр нь улсын I зэрэглэлийн хамгаалалттай зэрлэг амьтанд тооцогддог.
Тиймээс зээрийн шагай, яс, эвэр, арьс, мах зэрэг амьтны аливаа хэсгийг энгийн эд зүйл бус, хамгаалалттай зэрлэг амьтны гаралтай бүтээгдэхүүнд тооцдог байна. Монгол Улсад тухайн эд зүйлийг хадгалах, авч явахыг хориглоогүй байж болох ч БНХАУ-ын хилээр нэвтэрсэн тохиолдолд тус улсын хууль тогтоомж үйлчилнэ гэдгийг Консулын газраас онцолжээ.
Мөн “бэлгэнд авсан”, “дурсгалын зүйл”, “худалдах зорилгогүй”, “бусдын дайвар ачаа”, “дотор нь юу байсныг мэдээгүй” гэх тайлбар нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй байж болзошгүйг анхааруулсан байна.

Иймд БНХАУ-д зорчиж буй иргэд зээр болон бусад зэрлэг ан амьтны шагай, мах, арьс, эвэр, туурай, яс, эд эрхтэн, сэг зэмийг авч явахгүй байхыг зөвлөжээ. Түүнчлэн бусдын өгсөн уут, хайрцаг, дайвар ачааг агуулгыг нь шалгалгүйгээр хилээр нэвтрүүлэхгүй байх, тээврийн хэрэгсэл болон тээш, ачааны хэсэгт хориотой, хязгаарласан зүйл байгаа эсэхийг хил нэвтрэхээс өмнө сайтар шалгах шаардлагатайг санууллаа.
Гарал үүсэл нь тодорхойгүй амьтны гаралтай эд зүйл, бэлэг дурсгалын зүйл худалдан авах, тээвэрлэхээс татгалзаж, эргэлзээтэй тохиолдолд хил нэвтрэхээс өмнө гааль, хилийн холбогдох байгууллагаас тодруулахыг Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газар зөвлөлөө.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!