Намрын эхэн сар айсуй. Хичээлийн шинэ жил эхлэхэд арав орчим хоног үлдээд байна. Үүнтэй холбогдуулан нийслэлийн 26 байршилд зохион байгуулж буй хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа энэ сарын 1-нээс есдүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ. Бид хичээлийн шинэ жилийн бэлтгэл хангахад эцэг, эхчүүдэд хэдий хэмжээний зардал шаардлагатай байгааг сурвалжиллаа.
Биднийг очиход "Фонтам"-д зохион байгуулж буй үзэсгэлэн худалдаа хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцас, гутал, цүнх зэрэг сурагчдын хэрэгцээт бүхий л зүйл нэг дор төвлөрчээ. Асар бүрд бараа бүтээгдэхүүнийг төрөл төрлөөр нь өрсөн байх бөгөөд эцэг, эхчүүд лангуу бүрээр орж, үнэ ханшийг харьцуулан худалдан авалтаа хийж байв. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн энэ үед зарим иргэд худалдан авалтаа аль болох хэмнэлттэй хийхийг зорьж байгаа нь ажиглагдаж байлаа. Тухайлбал, дэвтэр, үзэг зэрэг зайлшгүй шаардлагатай хэрэгслийг эхэлж сонгож байсан юм. Дүрэмт хувцас 140-267 мянган төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна. Худалдаа эрхлэгчийн хэлж буйгаар, худалдан авагчид материалын чанар, эдэлгээний хугацааг түлхүү анхаарч байгаа аж. Бага ангийн сурагчийн иж бүрэн дүрэмт хувцас 140-250 мянган төгрөг, дунд ангийнх 231 мянга, ахлах ангийнх 252-267 мянган төгрөгийн үнэтэй байна. Харин дэвтрийн үнийг тодруулбал,
-12 хуудастай дэвтэр – 450 төгрөг, 25 ширхэг нь 11,250 төгрөг
-24 хуудастай дэвтэр – 820 төгрөг, 10 ширхэг нь 8,200 төгрөг
-36 хуудастай дэвтэр – 1,020 төгрөг, 10 ширхэг нь 10,200 төгрөг
-48 хуудастай дэвтэр – 1,350 төгрөг, 10 ширхэг нь 13,500 төгрөг
-60 хуудастай дэвтэр – 1,650 төгрөг, 8 ширхэг нь 13,200 төгрөг
-96 хуудастай дэвтэр – 2,600 төгрөг, 5 ширхэг нь 13,000 төгрөгийн үнэтэй байна.
-Худалдагчдын хэлснээр, зарим эцэг, эх дэвтрээ бөөнөөр нь авч, зардлаа хэмнэхийг зорьж байгаа бол зарим нь санхүүгийн боломждоо тохируулан худалдан авалт хийж байна. Нэг хүүхдийн иж бүрэн бэлтгэл 500 мянган төгрөгөөс эхэлж байгаа аж.
Бидэнтэй таарсан эхний худалдагч “Хүмүүс боломжоороо худалдан авалт хийж байна. Захаас худалдан авалт хийснээс илүү өргөн сонголттой, чанарын хувьд ч дээр. Нэг хүүхдийн бэлтгэл багадаа 500 мянган төгрөг давж байна” гэсэн юм. Энэ жилийн хичээлийн хэрэгслийн үнэ өнгөрсөн жилийнхтэй ойролцоо байгаа аж. Харин санхүүгийн хүндрэлтэй холбоотойгоор зарим эцэг, эх дүрэмт хувцсыг хэдэн жил өмсүүлэхээр тооцож, хүүхдийнхээ хэмжээнээс арай том размер сонгох болжээ. Сурагчийн цүнхний үнэ 30-250 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна.
Иргэд хүүхдийнхээ нуруу, эрүүл мэндэд тохирсон, хөнгөн, ус чийг нэвтрүүлдэггүй чанартай цүнхийг түлхүү сонгож байгаа аж. Цүнхний худалдагч "Бага ангийн хүүхдүүд Австралийн Smiggle брэндийн цүнхийг чанартай гэлцэж түлхүү сонгож байна” гэв.
“Дүрэмт хувцсыг 2-3 жил өмсүүлэхийг бодож байна”
Хичээлийн шинэ жилийн бэлтгэлд зарцуулах зардал өрхийн төсөвт хэрхэн нөлөөлж байгааг эцэг, эхчүүдээс тодрууллаа. Эхний иргэн “Бага ангийн хүүхдийн бэлтгэл 500 мянга гаруй төгрөг болж байна. Сайн материалтай цүнх авъя гэхэд л 100 мянган төгрөгөөс эхэлж байна. Нэг дор их хэмжээний худалдан авалт хийхэд хүндрэлтэй л байна. Дүрэмт хувцсыг чадвал 2-3 жил өмсгөхийг боддог. Ганц хүүхдийнхээ бэлтгэлийг хангахад л чардайж байна. Олон хүүхэдтэй айлд илүү хүнд тусах юм шиг байна” гэлээ.
Харин дөрвөн хүүхэдтэй нэгэн ээжийн хувьд хичээлийн шинэ жилийн бэлтгэлээс гадна их сургуулийн төлбөр давхар нэмэгдэж байгаа нь өрхийн санхүүд хүндрэл учруулж буйг хэллээ. Тэрбээр “Манайх дөрвөн хүүхэдтэй. Нэг нь оюутан, гурав нь сурагч. Төлбөрөөс гадна хичээлийн бэлтгэл хангах бас л хүнд байна. Дөрвөн хүүхдийн бэлтгэлд хоёр сая төгрөг хүрэх үү, үгүй юуг мэдэхгүй байна. Дүрэмт хувцсыг жил бүр авч чадахгүй учраас дүү нартаа шилжүүлж өмсүүлнэ. Хаа сайгүй л ийм нөхцөлтэй байгаа шүү дээ. Хэрэглээгээ танаж, зайлшгүй хэрэгцээгээ түрүүлж хангаж байна" гэсэн юм.
Ийнхүү нэг хүүхдийн хичээлийн шинэ жилийн бэлтгэлд дунджаар 500 мянган төгрөгөөс дээш зардал шаардагдаж байгаа аж. Үүнд дүрэмт хувцас, цүнх, дэвтэр, бичгийн хэрэгсэл зэрэг үндсэн хэрэгцээний зардал багтаж байгаа бөгөөд чанартай бүтээгдэхүүн сонгох тусам нийт зардал нэмэгдэхээр байгааг худалдан авагчид дурдаж байлаа. Сурвалжилгын явцад чанартай, удаан эдэлгээтэй бүтээгдэхүүн сонгох хандлага энэ жилийн үзэсгэлэн худалдаанд түлхүү ажиглагдлаа.



Сурвалжилсан: О.Хэрлэн
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!