Хотын дарга нарын дуу хоолойг уриалгаас түншлэл рүү ахиулсан Улаанбаатар

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
8 минут 21 секунд

РЕДАКЦЫН БУС НИЙТЛЭЛ

Байгаль хот хоёр тусдаа оршихгүй

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал Улаанбаатар хотноо болж, дэлхийн анхаарлыг Монгол улсын нийслэл татаж байна. Энэ онцгой цаг үед Хотын дарга нарын чуулга уулзалтыг Цөлжилттэй тэмцэх тухайтад анх удаа зохион байгууллаа. Чуулга уулзалтыг нээж хэлсэн үгэндээ Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва “Байгаль хот хоёр тусдаа оршихгүй” гэж тодотгосон нь хотын дарга нарыг цуглуулсны гол мессеж байв. Цөлжилт хотын асуудал биш мэт харагдаж болно. Гэхдээ газар ингэж доройтохын хэрээр усны нөөц шавхагдахаас эхлээд экологийн тэнцвэрт байдал алдагдана. Усгүй, шим тэжээлгүй газар нутгаас хот руу чиглэсэн нүүдэл, шилжих хөдөлгөөн улам бүр нэмэгдэнэ. Хүн ам нэмэгдэхийн хэрээр агаарын бохирдол, замын хөдөлгөөний ачаалал, төрийн үйлчилгээний тэгш бус хүртээмж гэх мэт асуудал хотуудын “толгойны өвчин” болж байна.

Цөлжилт, газрын доройтол, усны нөөцийн хомсдол, хөрсний элэгдэл зэрэг асуудал зөвхөн хөдөөд л тохиолддог бэрхшээл биш юм. Нэн ялангуяа нийт газар нутгийн 77 хувь нь цөлжилтөд өртсөн гэх (СОР17 арга хэмжээний үеэр сүүлд гаргасан судалгаа 80 хувь гэв) улсын нийслэл Улаанбаатар хот газраа нөхөн сэргээх, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, зөв зохистойгоор хотыг төлөвлөх зэрэг сорилтыг гүн гүнзгий мэдэрч байна.

Дэлхийн хотуудын “зовлонгийн өнгө ижил”

Улаанбаатар хотод дэлхийн өнцөг булан бүрийн хотуудын удирдлагууд иржээ. Тэдний өмнө тулгарч байгаа бэрхшээл, сорилтууд ижил төстэй байна. Тухайлбал, ХБНГУ-ын Бонн хотын зөвлөлийн гишүүн, хотын орлогч дарга, доктор Урсула Зауттер сүүлийн хэдэн зуны турш хэт халуун ихээхэн сорилт болж байгааг хэлэлцүүлгийн үеэр хэлж байлаа. Тиймээс өөрийн бизнес, үйл ажиллагаа эрхэлж байгаа газраа ногоон болгох, нөхөн сэргээсэн, сэргээхээр төлөвлөсөн, биологийн төрөл зүйлийг хамгаалж буй бол тухайн газрын эзэнд газраа хадгалж, хамгаалах эрхийг нь өгч байгаа юм. Бонн хотын энэ жишээг зуны хэт халууныг туулан өнгөрүүлж буй Газар дундын тэнгисийн бүс нутгийн хотууд мэдээгүй байснаа хуваалцав. Ижил зовлонтой хотууд уулзаж ярилцах, хэлэлцэх нь нэн чухал байсныг дээрх жишээ харууллаа.

Гэхдээ хичнээн ярилцаж, хэлэлцээд, шийдэл гаргалаа ч хэрэгжүүлж чаддаггүй, үйл хөдлөл болгодоггүйг Улаанбаатар хотын захирагч болоод бусад оролцогч ч хэлж, шүүмжилж байв. Тиймээс орон нутгийн засаг захиргаа буюу хотууд байгаль орчны төлөө нэг үзэл бодолтой байж, дуу хоолойгоо төр засагт, олон улсад хүргэж чадахуйц хэмжээнд очих ёстой гэдэг санаачилгыг Улаанбаатар хот гаргав.

Өөр хоорондоо хамтарч ажиллах, нэгнээсээ суралцах, туршлага судлах туйлын чухал учраас шинэ сүлжээ үүсгэх шаардлагатай байна. Зөвхөн хотууд өөр хоорондоо биш, хувийн хэвшил, олон улсын болоод иргэний нийгмийн байгууллага, Засгийн газруудтай хамтран ажиллахын чухлыг Улаанбаатар хотын захирагч онцолсон. Ингэхдээ нэг жишээ татсан нь, Улаанбаатар хот 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад хүлээж авчээ. Шархаданд байршилтай ногоон орон сууцны төслийг Уур амьсгалын ногоон сан, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж, байгаль орчин болон хүнд ээлтэй барилгын материал ашиглаж, ус, эрчим хүчний хэмнэлттэйгээр барьжээ. Энэ бол жижиг боловч хамтын ажиллагаа чухлыг харуулсан төсөл болсныг цохов.

Туулын хурдны зам гэсэн ойлголт байхгүй

Хотын дарга нарын форумын хэвлэлд зориулсан бага хурлын үеэр сэтгүүлчийн асуултад хариулах үеэрээ Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва “Туулын хурдны зам гэсэн ойлголт байхгүй” гэж мэдэгдэв. Энэ мэдэгдэл цөлжилт, газрын доройтол, усны нөөцийн хомсдол зэргийг дэлхий нийтийн анхааралд татан оруулж буй СОР17 арга хэмжээний зорилго, зорилтыг хангахуйц том “мессеж” байлаа.

Мөнгө бүхнийг шийдэхгүй, гэхдээ мөнгөгүйгээр шийдэл үгүй

Аливаа асуудлын шийдэл мөнгө биш, бас мөн. Бүхнийг мөнгөөр шийдэж чадахгүй ч мөнгө үгүй бол урагшлах зам тодрохгүй. Тиймээс Хотын дарга нарын форум болоод СОР17 арга хэмжээнд оролцохоор ирсэн оролцогчид цаашдын хамтын ажиллагаа, түншлэлээ өргөжүүлэх, заримтай нь мөнгө, хөрөнгө оруулалт ярьж, гарц гаргалгаа хайх нь хамгийн чухал алхмын нэг. Өөрийн хотын экосистемийн тэнцвэрт байдлыг хангах, цементэн ширэнгэ болж буй хотоо ногооруулах, байгальд ээлтэй барилга байгууламж, зам гүүрийн төслүүдийг боловсруулж, хэрэгжүүлэх гэсэн олон өнцгөөс Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва 50 шахам уулзалт хийжээ. Ингээд, Юуны түрүүнд, даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан байна. Ингэснээр 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татах боломжтой болжээ. Энэ хөрөнгө оруулалт Улаанбаатар хотыг уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, иргэдэд ээлтэй, ногоон хот болгон хөгжүүлэхэд чухал алхам болох юм.

“BYD Company Limited” компанитай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх, цэнэглэх цэг байгуулах, эрчим хүч нөөцлөх батерей хураагуур, батерейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр боллоо.

БНХАУ-ын “China Central Strategic Advisory Group”-тэй байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд байгальд ээлтэй технологиор барилгын материал үйлдвэрлэх төсөл, авто замын түгжрэлийг бууруулах төслүүд, нийтийн тээвэр, хог хаягдлаас эрчим хүч үйлдвэрлэх болон эрчим хүч хуримтлуулах системийг хөгжүүлэх төсөл, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны төсөл зэрэг төслүүдэд хамтарна.

Эдгээр санамж бичиг, яриа хэлэлцлүүд 400 орчим сая долларын хөрөнгө оруулалт босгосныг хотын дарга олон нийтийн сүлжээн дэх өөрийн хаягаараа бичжээ.

Улаанбаатарын тунхаглал ба санаачилга

Хотын дарга нарын форумын үеэр Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотыг захирагч Б.Пүрэвдагвын хэлсэн саналууд Улаанбаатарын санаачилга болж гарлаа. СОР18, 19 гээд дараа дараагийн СОР-уудад хотын асуудлыг ярих суурь болж өгснийг онцлоод хамтран ажиллах, сүлжээ үүсгэх, дуу хоолойгоо хүргэх, санхүүжилт босгох зэрэгт ахиц гаргах шаардлагатай байгааг санаачилгадаа онцолсон юм. Өмнөх СОР16 арга хэмжээний үеэрх хотын дарга нарын уриалгыг түншлэл болгож чадсанаа мэдэгдсэн нь Хотын дарга нарын форумын хамгийн том ач холбогдол байв. Хотын дарга нарын чуулга уулзалтаар хотуудын нийтлэг байр суурь, хамтын зорилтыг илэрхийлэх “Улаанбаатарын тунхаглал”, тэдгээрийг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулах “Улаанбаатарын санаачилга”-ыг ийн дэвшүүлсэн юм.

О.Цогтгэрэл: “Өөрчилье, бүтээе” хөдөлгөөн гурван сар үргэлжилж, нэг сая орчим иргэнийг бүтээдэг үндэстэн болох өөрчлөлтөд уриална
О.Цогтгэрэл: “Өөрчилье, бүтээе” хөдөлгөөн гурван сар үргэлжилж, нэг сая орчим иргэнийг бүтээдэг үндэстэн болох өөрчлөлтөд уриална
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!