Арав гаруй хоногийн дараа шинэ хичээлийн шинэ жил эхэлж, иргэд “завгүй” амьдралын хэмнэлдээ албан ёсоор шилжих гэж байна. Хичээл сургалтын үйл ажиллагаа эхлэх энэ өдрүүдэд багш, сурагч, эцэг эхчүүдийн дундах харилцаа “амьд” гэх тодотголоос илүүтэйгээр бараг л гар утас, цахим сүлжээн дээр тогтдог болсон гэдэгтэй та санал нийлэх биз ээ. Тэгвэл саяхан ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан болон Боловсролын сайд Л.Энх-Амгалан нарын хамтарсан тушаал гарч, ЕБС-ийн сургалтын үйл ажиллагаанд олон нийтийн сүлжээ, фэйсбүүк, цахим групп чатыг хязгаарлахаар болоод байна. Албаныхны мэдээлж буйгаар сурагчдын даалгавар, үнэлгээ, мэдээллийг цахим сүлжээнд байршуулж байгаа нь үе тэнгийн дээрэлхэлтэд өртөх эрсдэлийг нэмэгдүүлнэ гэж үзжээ.
Иймд эл шийдвэрээр дамжуулан сургуулиудыг сургалтын үйл ажиллагаандаа албан ёсны систем, платформуудыг ашиглахыг шаардаж байгаа юм. Тэгвэл цаашид уг шийдвэр хэр хэрэгжих боломжтой талаар болон түүний эргэн тойронд үүсэж буй хүндрэл, бэрхшээл юу байгаа талаар сурвалжиллаа.
“ЦАХИМААР НЭГНЭЭ МУУЛЖ БАЙСНААС ХЭРЭГТЭЙ ҮЕД НЬ ЗАЛГАХ ЭСВЭЛ ОЧИЖ УУЛЗВАЛ ХАМААГҮЙ ДЭЭР”
Энэ шийдвэрт эцэг, эхчүүд ямар байр сууринаас хандаж байгааг тодруулахад дараах зүйлийг хэлж байлаа.
Иргэн Б “Энэ шийдвэрийг зөв гэж бодож байна. Сүүлийн үед эцэг, эхчүүд групп чатдаа хэрүүл маргаан хийх нь их болсон. Хүүхдүүд ч гэсэн “хичээлээ хийж байна, даалгавраа харж байна” гээд л утсаа оролдоод суучихдаг. Хажууд нь манаж суухгүй л бол шалгахад хэцүү. Эцэг, эхчүүдийн чат бие биеэсээ дээр гарах гэсэн онцын хэрэггүй зүйлээр дүүрэн. Цахимаар бие биеэ муулж байснаас хэрэгтэй үед нь залгаад эсвэл очиж уулзвал хамаагүй дээр” гэв.
Иргэн С “Зөв шийдвэр гарсан гэж бодож байна. Хүүхдүүдийн цахим хэрэглээ ойрын үед дэндүү их байна. Хичээлээ хийнэ гэчхээд утсаараа тоглоод байгаа юм уу эсвэл хичээлээ хийгээд байгаа юм уу гэдэг нь мэдэгдэхгүй. Хэрэв багштай нь ярилцах шаардлага гарвал эцэг, эхийн хурал гэж зүйл байгаа шүү дээ. Эсвэл зорьж очоод уулзсан ч болно. Өмнө нь ч багштай нь биеэрээ очиж уулздаг байсан. Фэйсбүүк мессенжер гарч ирээд л өөр болчихсон” гэлээ.
“НИЙГЭМ УРАГШИЛЖ БАЙХАД БИД ХОЙШОО УХРААД БАЙНА"

Хүүхдүүд фэйсбүүк чатыг хэт их хэрэглэж байгаа нөхцөлд энэ шийдвэр гарснаар цахим дээрэлхэлт буурна гэж бодож байна” гэлээ. Нөгөө талдаа дэлхий даяараа цахим шилжилт хийж буй энэ цаг үед ийм шийдвэр гаргах нь буруу гэдэг байдлаар шүүмжлэх иргэд ч цөөнгүй байлаа. Тэдний нэг нь иргэн М. Тэрбээр “Нийгэмтэйгээ цуг хөгжих хэрэгтэй. 20-р зуунд амьдраад байгаа биш. Бусад оронд багш, эцэг эхийг холбодог тусгай аппликейшн байдаг. Гэтэл манайд хэрэглэхэд амар аппликейшн хийж чадахгүй байна. Аппликейшнээрээ даалгавраа өгөөд, асуудлаа хэлэлцээд явбал амар. Тиймээс энэ шийдвэрийг дэмий гэж бодож байна. Хойд Солонгос, Хятад шиг бүх юмаа хаагаад, үзэг цаасаа бариад явах юм уу. Нийгэм урагшилж байхад бид хойшоо ухраад байна” гэв.
-БАГШИЙН АЧААЛАЛ БАГАСАХ Ч “ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭХ” ГАРЦ ЭРГЭЛЗЭЭТЭЙ БАЙНА-
Багш нарын хувьд амралт дуусаагүй тул тус шийдвэртэй холбоотой тусгай зааварчилгаа очиж амжаагүй гэдгийг хэлж байна. Нийслэлийн нэгэн сургуулийн багшийн тайлбарлаж байгаагаар цахим сүлжээнээс илүү систем, сургалтын платформ ашиглахад давуу тал байдаг ч тодорхой хүндрэлүүд ч гардаг байна.

Багш А “Хичээл орж эхлэх үед мэдээлэл өгөх байх. Одоогоор сайдын шийдвэр гарсан гэдгээс өөр мэдээлэл байхгүй байна. Манай сургууль “E-School” платформ ашигладаг. Үүн дээрээ эцэг, эхчүүдэд ирцийн мэдээлэл болон гэрийн даалгавраа өгөөд явдаг. “E-School” программыг хоёр жил ашиглаж байхад эцэг, эхчүүд төдийлөн сайн ашиглаж чадахгүй л байгаа.
Цахим дээрэлхэлтийг бууруулах тал дээр хэр ахиц гарахыг мэдэхгүй байна. Харин хүүхдүүдийн дундах ангийн чатыг болиулж байж цахим дээрэлхэлт буурах байх. Сайдын энэ шийдвэрийг багш хүний хувьд харахад хоёр талтай.
Нэгдүгээрт, даалгавар асуух зэргээс авхуулаад өдөр тутмын үйл ажиллагааны хажуугаар эцэг, эхчүүдээс ирдэг олон чатад хариу өгөх шаардлагагүй болно гэдэг утгаараа багшийн ачаалал багасах сайн тал бий. Мөн чатанд багшийг дарамтлах, эцэг эхчүүд хоорондоо үл ойлголцох асуудал арилна.
Эсрэгээрээ цаг үеийн яаралтай мэдээллүүдийг эцэг, эхчүүдэд яаж хүргэх вэ гэдэг асуудал гарч ирнэ. “E-School” программ зөвхөн дүн, ирц харуулдаг болохоос цаг үеийн мэдээлэл хүргэдэггүй. Мөн хаврын шалгалт, элсэлтийн үеэр сүлжээ гацах тохиолдол гардаг. Хэрэглэж байгаа программаа сайжруулж, цаг үеийн мэдээлэл хүргэх гарцаа олсны дараа чатаа хязгаарлавал зөв шийдэл болно.
БОЛОВСРОЛЫН ЯАМ: БАГШ НАР БЭЛЭН БАЙГАА 5 ПЛАТФОРМОО АШИГЛАЖ ЭХЭЛНЭ. СУРАГЧДАА ЭРСДЭЛЭЭС ХАМГААЛАХЫН ТУЛД МЭДЭЭЛЭЛ ДАМЖУУЛАХ СУВГАА Ч АЛБАН ЁСНЫ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ

Үргэлжлүүлэн бид Боловсролын яамны Цахим боловсрол, бодлого өгөгдлийн шинжилгээний газрын дарга Н. Мөнхсанчираас цахим сүлжээ, чатыг хязгаарласны дараагаар эцэг, эхчүүд болон багш нарын өмнө тулгарах асуудлыг хэрхэн шийдэх, ямар зохицуулалт хийх талаар тодрууллаа.
-Сургалтын үйл ажиллагаанд фэйсбүүк, цахим чатыг хязгаарлахаар болоод байна. Энэ шийдвэр гарах урьдач шалтгаан нөхцөл нь юу байсан бэ?
-2026 оны наймдугаар сарын 3-ны өдөр ХЗДХ-ийн сайд болон Боловсролын сайд нарын хамтарсан тушаал гарсан. Энэ тушаал нь сургалтын үйл ажиллагаанд нийгмийн сүлжээ ашиглахыг хязгаарлах тухай юм. Гол эрх зүйн шаардлага нь нийгмийн сүлжээгээр багш нар даалгавраа өгч байгаатай холбоотой. Түүнээс үүдэн хүүхдийн цахим хэрэглээ нэмэгдэж байна гэсэн шүүмжлэл гарсан. Бид энэ асуудлыг шийдэхдээ хориглох хязгаарлах гэхээсээ илүү “Албан ёсны платформ ашиглаач ээ” гэсэн уриалгыг сургалтын байгууллагуудад хүргүүлж байна.
-Тэгвэл олон нийтийн сүлжээг хязгаарласны дараагаар эцэг, эхчүүд ямар систем, аппликейшн ашиглаж багштай харилцах вэ??
-Бид өнгөрсөн дөрвөн жил цахим шилжилтийн хүрээнд “Microsoft Teams”, “Google Classroom” болон дотоодод хөгжүүлсэн “Багш”, “E-School”, “Амжилт” зэрэг платформыг нэвтрүүлээд байна. Өмнө хэлсэнчлэн олон нийтийн сүлжээ ашигласаар байгаа нь хүүхдийн цахим орчны хэрэглээг нэмэгдүүлж байна.
Мөн энэ нь суралцагчийн хувийн мэдээллийг хамгаалах асуудалтай шууд холбогдож байгаа. “School Police”-оор эцэг, эхчүүд сургуулийн орчныг эрсдлээс хамгаалдагтай адил багш нартай харилцахдаа албан ёсны платформ ашиглаж хүүхдээ эрсдлээс хамгаалахыг уриалж байна. Ашиглах платформынхоо талаар зөвлөгөө мэдээллүүдээ тухайн сургалтын байгууллага эцэг, эхчүүддээ өгнө.
-Хэчнээн ийм шийдвэр гарсан ч багш нар цаашид ч цахим сүлжээ ашиглан даалгавраа өгсөөр байвал хэрхэх вэ?
-Хэрвээ багш цахим сүлжээ ашиглан даалгавраа өгсөөр байвал гүйцэтгэлийн үнэлгээнд нь нөлөөлнө гэсэн үг. Платформуудаа хэрэглээнд нэвтрүүлснээс хойш дөрвөн жил болж байна. Гэтэл одоог хүртэл энэ системээ ашиглаж, шилжиж чадахгүй байгаа бол сургалт авах хэрэгтэй.
Яамнаас “Гэрт ойрхон сургууль бол хамгийн сайн сургууль” гэсэн уриалга гаргаад байгаа. Сайн сургууль гэдэг нь аюулгүй сургууль, ухаалаг сургууль, ногоон сургууль юм. Үүний нэг нь цахим орчны хувьд эрүүл байх сургууль. Сургууль өөрөө цахим сүлжээнд нэвтрэх нөхцөл нь болоод байгаа учир аюулгүй байдлыг хангаж чадахгүй байна. Сурагчдыг цахим эрсдэлд оруулахаас зайлсхийхийн тулд мэдээлэл дамжуулах сувгаа албан ёсны болгох шаардлагатай.
-ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ ЭХЛЭХЭЭС ӨМНӨ ЦАХИМ СҮЛЖЭЭНИЙ ОРОНД ХЭРЭГЛЭХ СУРГАЛТЫН ПЛАТФОРМУУДЫГ ХЭРХЭН АШИГЛАХ ЗААВАРЧИЛГААГ ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД ӨГӨХ ШААРДЛАГАТАЙ-
Сургуулийн сургалтын үйл ажиллагааг цахим сүлжээнээс тусгаарлах шийдвэр нь сурагчдын хувийн мэдээллийн нууцлал болон цахим аюулгүй байдлыг хангахад чиглэсэн ач холбогдолтой болохыг албаныхан хэлж байлаа. Гэхдээ одоогоор нэвтрүүлээд буй "E-School" зэрэг сургалтын платформууд нь хаврын шалгалтын үеэр ачааллаж гацдаг, цаг үеийн яаралтай мэдээлэл хүргэх боломж хомс зэрэг техникийн дутагдалтай байдаг аж.
Түүнчлэн эцэг, эхчүүд бүрэн ашиглаж хэвшээгүй байгаа нь цаашид хүндрэл учруулж болзошгүй. Иймд хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө сургалтын системүүдийнхээ ачаалах чадамжийг сайжруулж, багш болон эцэг, эхчүүдэд платформын ашиглалтын талаарх зааварчилгааг бүрэн өгөх шаардлага тулгарч байна.
Р.УУГАНБАЯР
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!