Прокурорын байгууллага энэ сарын 10-14-ний хооронд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 43,795 эрүүгийн хэрэгт хяналт тавьжээ. Дээрх хугацаанд 1,213 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 759 хэрэг шинээр нээж, 189 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.
Тухайлбал, Б.Насантогтох нь Эрчим хүчний яамны Эрчим хүчний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, мөн Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа:
-2023 оны 11 дүгээр сарын 16-ны хурлаар “Э...” ХХК-ийн уул уурхайн баяжуулах үйлдвэрийн цахилгаан хангамжийн техникийн нөхцөл олгох хүсэлтийг хэлэлцэж, холбогдох шаардлагыг хангаагүй байхад техникийн нөхцөл олгохоор шийдвэрлэн, баталж, эхнэр Ч.А-ийн 100 хувийн хувьцаа эзэмшдэг “Э...” ХХК-ийн нэрээр “М...” ХХК-тай 2024 оны 6 дугаар сарын 20-нд аянгын тросс, дамжуулагч утас нийлүүлэх 5.5 тэрбум төгрөгийн гэрээ байгуулж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон,
-2019 оны 5 дугаар сарын 09-нөөс 2026 оны 1 дүгээр сарын 15-ны хооронд хөрөнгө орлого нь нийт 3 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн,
-Бусадтай бүлэглэн “Б...” ХХК-ийн ерөнхий захирал Ц.О-ын хууль бус ашиг сонирхлын үүднээс 2024 оны 3 дугаар сарын 31-нд 257 сая төгрөгийн үнэ бүхий 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг өөрийн хадам дүү Ч.А-ийн нэр дээр шилжүүлэн авч, хахууль авсан,
Мөн “Р...” ХХК-ийн ашиг сонирхлын үүднээс Д.Г-өөс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд 2022-2025 хугацаанд бэлнээр нийт 202 сая төгрөгийн хахууль авсан,
Авлигын гэмт хэргийн улмаас олсон нийт 2.8 тэрбум төгрөгийн их хэмжээний хөрөнгө, орлогыг эзэмшиж ашиглан, өөрийн болон хамаарал бүхий иргэдийн нэр дээр үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгсэл худалдан авч мөнгө угаасан гэх Б.Н нарын таван хүнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг хэрэгт (албан тушаалын байдлаа урвуулан ашиглах), 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг (нийтийн албан тушаалтан хахууль авах), 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (үндэслэлгүйгээр хөрөнгөжих), 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 (мөнгө угаах), 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүлсэн байна.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!