Ховд аймгийн Буянт сумын нутагт энэ сарын 1-нд 10 настай охин хөрш айлынхаа тарвас хураах ажилд туслахаар яваад сураггүй болж, эрэн хайх ажиллагааг явуулсан. Гэвч харамсалтай нь хөрш айлынх нь эрэгтэй трактор жолоодох үедээ мөргөж амийг нь хөнөөгөөд улмаар галдан шатааж, цогцсыг нь булсан гэдгээ хүлээн зөвшөөрч цагдаад цогцос нуусан газраа зааж өгсөн байдаг.
Одоогийн байдлаар хэрэгт холбоотой гэх зарим хүмүүсийг цагдан хорьж мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж буй. Тэгвэл амь хохирогч охины аав С.Аманжол Ховд.мн сайтад анх удаа ярилцлага өгчээ. Тэрбээр хэлэхдээ "Миний охины аминд хүрсэн хүмүүс хэрэг нь илрээгүй байхад эртнээс өмгөөлөгч авч бэлдсэн байсан. Би өөрөө өмгөөлөгч авах гэсэн боловч надад үнэхээр санхүүгийн боломж байхгүй учраас Монголын ард түмнээс тусламж хүсэж та бүхэнд хандлаа. Нэг өмгөөлөгчтэй утсаар холбогдоход "22 сая төгрөгөөр өмгөөлнө" гэсэн" хэмээн ярьжээ.
Мөн тэрбээр болсон явдлын талаар "Ийм зүйл болно гэж ёстой бодож байгаагүй. Олон жил хөрш байж хамт явлаа. Бараг нэг тогооноос хоол цай идэж ууж явсан хүмүүс шүү дээ. Тэднийг тийм юм хийнэ гэж ёстой бодоогүй. Хэлэх ч үг олдохгүй үнэхээр хэцүү байна. Би эхнэр авснаасаа хойш арван хэдэн жил тэр хашаанд хөрш айл байж ирсэн. Энэ хугацаанд нэг нэгэндээ муу юм ч санаж явж үзээгүй. Хүүхдүүд маань ч хоёр биенийдээ ороод л хонож өнжөөд явдаг байсан. Хөршүүддээ хар буруу санаж явж үзээгүй" гэв.
Түүнчлэн анх охиныхоо цогцсыг харахад ямар байсан талаарх сэтгүүлчийн асуултад "Харахад үнэхээр нүд хальтрам байсан. Өөрийгөө барьж, тэр бүхнийг эхнэртээ хэлээгүй. Охиныхоо цогцсыг анх харахад бие нь ногоороод нүүр, нүд, ам, хамар, чих ч байхгүй байсан" хэмээн харамсан ярьжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!