2021 оны 12 сарын 21-ний өдөр Японы Засгийн газрын хэрэг эрхлэх газраас Хойд Тохокугийн эрэг орчмын Японы суваг болон хойд зүгт урсдаг Курилын суваг дагуу болж магадгүй хоёр том газар хөдлөлтийн хохирлын тооцоог зарлав.
Энэ нь Чиба мужаас хойд зүгт Номхон далайн эрэгт голчлон газар хөдлөлтийн дээд тал нь 7, цунами 30 орчим метр ,хүчтэй чичирхийлэлд өртсөн гэж үзээд хийсэн байна. Хамгийн муу тохиолдолд, Япон сувгийн газар хөдлөлтийн улмаас 199 мянга орчим хүн нас барж, 220 мянга орчим барилга байгууламж бүрэн шатаж, сүйрж эдийн засгийн хохирлын хэмжээ 31.3 их наяд иен орчимд хүрнэ.
Курилын сувгийн газар хөдлөлтийн улмаас 100,000 орчим хүн амь үрэгдэж, 84,000 орчим барилга байгууламж бүрэн сүйрч, 16,7 их наяд иений эдийн засгийн хохирол учирна гэж тооцоолжээ.
ЗГХЭГ-аас "Арга хэмжээ авбал хохирлыг бууруулж чадна. Зөв айх нь чухал" гэжээ
Хохирлын тооцоог Гамшгаас хамгаалах төрийн сайд Сатоши Ниною 21-ний өдөр хэвлэлийн бага хурал дээр зарласан бөгөөд улсын болон орон нутгийн гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнд урьдчилан бэлтгэх, ашиглах шаардлагатай байгааг олон нийтэд анхааруулсан байна.
Сүүлийн 6500 жилийн судалгааны үр дүнд ийм хэмжээний асар том газар хөдлөлт 300-400 жилийн зайтай тохиолдож байсан гэж үзэж байгаа бөгөөд Засгийн газрын газар хөдлөлт судлалын хороо "том цунами үүсгэх асар том газар хөдлөлт болох магадлал өндөр байна." хэмээн онцолсон байна.
Эх сурвалж: NHK