Өнгөрсөн долоо хоногт өсвөр насны гурван хүүхэд амиа хорлох оролдлого хийж, нэг нь амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Манай улсад жилд дунджаар 300 орчим хүн амиа хорлодог гэсэн статистик мэдээлэл бий. Гурван сая гаруй хүн амтай манай улсын хувьд энэ тоо бол асар өндөр үзүүлэлт юм. Үндэсний статистикийн хорооноос 2018 онд хийсэн судалгаагаар өсвөр үе, залуучуудын дунд амиа хорлолт тэргүүлж байна. Тэдгээрийн дийлэнх нь эрэгтэйчүүд байна. Тухайлбал, амиа хорлон эндсэн 10-14 насныхны 54.2 хувь, 15-19 насныхны 75.6 хувь, 20- 24 насныхны 86.8 хувь, 25-29 насныхны 87.9 хувь, 30-34 насныхны 91.9 хувийг эрэгтэйчүүд эзэлж байжээ.
Өнгөрсөн долдугаар сард “Сэтгэл зүйч ажиллуулах бэлтгэх ажлыг хангах тухай” БШУ-ны сайдын тушаал гарч ЕБС-уудад сэтгэл зүйч ажилж эхэлсэн.
Өсвөр насны хүүхдийн сэтгэл гутралын шалтгааны талаар 122-р сургуулийн сэтгэл зүйч Б. Чингүүнтэй ярилцлаа.
- Өсвөр насныханд тулгарч буй сэтгэл зүйн хямрал ихэвчлэн юунаас үүсдэг вэ?
-Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйд үүсэж байгаа хямрал нь олон хүчин зүйлсээс шалтгаална. Жишээ нь, шилжилтийн насны өөрчлөлт, гэр бүлийн харилцааны асуудал, үе тэнгийнхнийх нь дарамт дээрэлхэлт, хичээлийн ачаалал зэргээс шалтгаалдаг. Өсвөр насанд хүүхдүүд өөрийгөө хэн болох, нийгэмд ямар байр суурьтай байгаадаа их ач холбогдол өгдөг учраас нийгмийн харилцаанаас өөрийн тухай таагүй бодол төсөөллийг авах, өөрийгөө сул дорой байдлаар мэдрэх нь хүүхдийг сэтгэлээр унагааж намайг гэх хүн ер нь байдаггүй юм байна, би бол цор ганц гэсэн бодлуудыг төрүүлж байдаг.
- Өсвөр насны хүүхэдтэй эцэг эхчүүд хүүхдүүдээ хэрхэн сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх ёстой вэ?
-Өсвөр насны хүүхэдтэй эцэг эхчүүдийн хувьд хүүхдийнхээ яриаг шүүмжлэлгүйгээр сонсож, сэтгэл санааны байдлыг нь хуваалцаж байвал хүүхдийг сэтгэл зүйн асуудалтай болохоос урьдчилан сэргийлж болно. Хүүхдийнхээ өдөр тутмын болсон үйл явдлаас нь асууж өнөөдөр чиний хувьд хэр өдөр байсан бэ, чамд юу сайхан эсвэл муухай санагдсан бэ? зэргээр сэтгэл санааны байдлыг хуваалцаж болно.
-ЕБС-ийн сурагчдын хувьд ямар ямар шалтгаануудаар сэтгэл зүйчид хандаж байна вэ?
-Манай сургуулийн хүүхдүүд голцуу гэр бүлийн харилцааны асуудлаар надад ханддаг. Гэр бүлийн харилцаа тогтворгүй, хэрүүл маргаантай байдлаас шалтгаалж сэтгэл зүйчид хандаж байгаа.
-Сургуульд сэтгэл зүйчээр ажиллаж эхэлснээс тань хойш хэчнээн хүүхэд хандсан бэ?
-Би есдүгээр сарын 25-нд анх ажилдаа орсон. Гурван сарын хугацаанд сургуулийн сэтгэл зүйчээр ажиллахад давхардсан тоогоор 20 гаруй хүүхэд хандсан. Ерөнхийдөө хотын захын сургууль учраас сэтгэл зүйчээс үйлчилгээ авах соёл хараахан тогтоогүй байж магадгүй. Тийм учраас сэтгэл зүйчийнхээ нөлөөллийн ажлыг сайн явуулаад ирэхээр ийм үед сэтгэл зүйчид ханддаг юм байна гэсэн ойлголттой болох байх гэж бодож байна.
-Өсвөр үеийн хүүхдүүдэд сэтгэл зүйн боловсрол олгох тал дээр ямар ажил хийвэл үр дүнтэй гэж бодож байна вэ?
-Хүүхдийн бие даасан үйл ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой байвал үр дүнтэй байх гэж бодож байна. Жишээ нь "Сэтгэцийн эрүүл мэндийн өдрөөр" сурагчид бие биенээсээ сэтгэл зүйн тест авах, сэтгэл судлалын богинохон туршилтыг бие биедээ хийж үзэх нь хүүхдийг сэтгэл судлалын талаар ерөнхий мэдлэгтэй болоход ач тустай байх болов уу.
-ЕБС-ын сургуулийн сэтгэл зүйчийн хувьд тухайн сургуулийнхаа хүүхдүүдтэй хэр үр дүнтэй ажиллаж чадаж байна вэ?
-Мэдээж залуу боловсон хүчин учраас ажлын туршлагатай болох гэх мэт асуудлууд байхыг үгүйсгэхгүй. Сургуулийн сэтгэл зүйч гэдэг практик сэтгэл зүйч байдаг учраас аль болох сурагчид руу чиглэсэн ажлыг явуулахыг хичээж байгаа. Сургуульдаа сэтгэл зүйн клуб байгуулснаараа сурагчидтайгаа илүү сайн тулж ажиллаж байгаа болов уу гэж бодож байна.
-Ажиллаж буй сургуулийн зүгээс тань сэтгэл зүйчийн хувьд ажиллах нөхцөлөөр хэр зэрэг хангаж байна. Засаж сайжруулах зүйлс байгаа юу?
-Сэтгэл зүйчийн ажлын өрөө, зөвлөгөөний өрөөг стандартын дагуу тохижуулахыг "Тогтвортой хөгжлийн боловсрол 2" төслийн хариуцан тохижуулсан хэдий ч сургуулийн зүгээс сэтгэл зүйчийн өрөөний тохижуулалтыг дэмжих тал дээр сургуулийн боломж бололцооноос шалтгаалаад хараахан үр нөлөөтэй байж чадахгүй байна гэж үзэж байна.
-Хэрэв тухайн хүүхэд сэтгэл гутралд орсон эсвэл ямар нэг дарамтад өртсөн ч түүнийгээ багш, гэр бүлийнхэндээ хэлж чадахгүй нөхцөл байдалд орсон бол энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ. Энэ тохиолдолд хүүхдүүдэд ямар нэг шинж тэмдэг илэрдэг үү?
-Хэрвээ хүүхэд өөрөө асуудлаа илэрхийлэх боломжгүй нөхцөл байдалд хүүхдийн хамгийн ойр дотнын найз нөхөд, багш, эцэг эхчүүдтэй ярилцаж сургууль дээрээ, гэртээ хүүхэд ямар байдаг талаар асууж ярилцан боломжтой бол мэргэжлийн сэтгэл зүйчид хандах нь хамгийн зөв гэж бодож байна.
Сэтгэл гутралд орсон хүүхдийн хувьд сэтгэл санаагаа бусадтай хуваалцахгүй байх, нийгмээс өөрийгөө тусгаарлах, сурлагын дүн огцом буурах, нойргүйдэх эсвэл маш их унтах, амьдралын эрч хүчгүй болох зэрэг нийтлэг зүйлс ажиглагдана.
-Сэтгэл гутрал өвчин мөн үү. Өсвөр үеийнхэн үүнийг хэрхэн давж гарах ёстой вэ?
-Сэтгэл гутралыг өвчин үү эсвэл эмгэг үү гэдгийг тодорхойлж хэлэх нь өөрөө өрөөсгөл ойлголт юм. Сэтгэл гутрал нь өөр өөр шинж тэмдгээр илрэх бөгөөд ихэнхдээ уур бухимдалтай байх, тэрс үзэлтэй байх, нойргүйдэх, амьдралын эрч хүч буурах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Сэтгэл гутрал хүний бие махбод болон сэтгэл санааны хэвийн үйл ажиллагааг алдагдуулдаг гэдэг утгаараа сэтгэцийн эмгэг ч гэж явдаг, өвчин гэж явдаг. Түүнчлэн хүмүүс сэтгэл гутралын шинж тэмдгийг харчхаад өөрт нь ганц хоёр шинж тэмдэг ажиглагдахаар би сэтгэл гутралд орчхож гээд яваад байдаг үнэндээ сэтгэл гутрал багадаа 2 долоо хоног тухайн шинж тэмдгүүд байнга илэрсэн тохиолдолд сэтгэл гутралд орсон байх магадлалтай гэж үздэг.
Сэтгэл гутралаа даван туулахын тулд сэтгэл санаагаа бусадтай хуваалцаж тэд нар хэрхэн даван туулсныг асуух, сэтгэл хөдлөл мэдрэмжээ таньж мэдэх, илэрхийлэх, сайн дурын ажил, хүмүүнлэгийн ажилд идэвхтэй оролцох, аль болох сөрөг бодол төрүүлэх зүйлсийг харахгүй байх, сайн унтаж амрах хэрэгтэй.
- Сэтгэл гутралаас урьдчилан сэргийлэх боломжтой юу. Хэрэв боломжтой бол хэрхэн?
-Мэргэжлийн хүнд хандаж сэтгэл гутралаа эрт илрүүлснээр сэтгэл зүйн асуудлаа илүү хөнгөн дээр шийдвэрлэх нь боломжтой юм.
-Нийгмийн сүлжээнд амиа хорлох оролдлого хийсэн, амиа хорлосон хүүхдүүдийн талаар мэдээлэл гарах нь энэ тоо нэмэгдэхэд ямар нэг байдлаар нөлөөлдөг үү?
-Нийгмийн сүлжээнд амиа хорлох оролдлого хийсэн мэдээлэл гарах нь амиа хорлолтыг нэмэгдүүлэхээс илүү амиа хорлох эрсдэлтэй хүмүүст сэдэл өгч байж болзошгүй юм. Өсвөр насныхан дунд амиа хорлолт ихсэж байгаа нь өөрийг нь ойлгох, чин сэтгэлээсээ ярилцах хүн, асуудлаа хуваалцах орон зайн дутагдаж байгааг илтгэж байна.
Ярилцсанд баярлалаа