Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Энхчимэг: Хүн худалдаалах 6 гэмт хэрэгт 8 хүүхэд хохирогчоор тогтоогдсон

Ангилал
 Хууль эрх зүй Сурвалжлага
Огноо
Унших
15 минут 28 секунд

Хүн худалдаалах, бэлгийн мөлжлөгийн гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал болон цагдаагийн байгууллагаас үүний эсрэг авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Б.Энхчимэгтэй ярилцлаа.

-Манай улсад хүн худалдаалах төрлийн гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, эрх зүйн орчин ямар байна вэ?

-Нэгдсэн Үндэсний Байгууллагаас “Хүн худалдаалах” гэмт хэргийг үндэстэн дамнасан, зохион байгуулалттай гэмт хэрэг бөгөөд ашиг орлогын хувьд мансууруулах бодис, зэвсгийн наймааны дараа ордог тул олон улсын хамтын ажиллагаа зайлшгүй шаардлагатай гэмт хэрэг гэж тодорхойлсон байдаг.

Монгол Улс 1990 оноос зах зээлийн нийгэмд шилжиж иргэд гадаадад чөлөөтэй зорчиж сурч боловсрох, ажил хөдөлмөр эрхлэх зэрэг хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэсэн олон боломж нээлттэй болсон ч нийгмийн олон сөрөг үзэгдэл гарч, шинэ төрлийн гэмт хэргүүд нэмэгдсэний нэг нь Хүн худалдаалах гэмт хэрэг юм.

Монгол Улсын Засгийн газраас 2005 онд “Хүн худалдаалах, ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглахаас хамгаалах” Үндэсний хөтөлбөрийг баталж, 2014 он хүртэл есөн жилийн хугацаанд хэрэгжүүлсэн. Тус хөтөлбөрийн хүрээнд хууль, эрх зүйн орчин бүрдүүлэх, ялангуяа Олон Улсын түвшинд хэм хэмжээ тогтоосон Конвенц, Протоколд нэгдэн орох, хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээр байгуулах, энэ чиглэлээр ажилладаг төрийн албан хаагчдыг сургаж мэргэшүүлэх, иргэдийг мэдээ мэдээллээр хангах зэрэг ажлуудыг хийсэн.

-Тухайлбал энэ хүрээнд ямар ажлуудыг зохион байгуулсан бэ?

-Тухайлбал, Монгол Улс НҮБ-ын “Улс хоорондын зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг Олон Улсын конвенц”-ийн нэмэлт болох “Хүн худалдаалах ялангуяа эмэгтэйчүүд, хүүхдийг худалдах, залхаан цээрлүүлэхийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх” Палермогийн протоколд 2008 онд, 2010 онд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Макаогийн засаг захиргааны онцгой бүсийн Засгийн газартай “Хүн худалдаалахтай тэмцэх асуудлаар хамтран ажиллах тухай” хэлэлцээр, 2011 онд Бүгд Найрамдах Хятад Ард Улстай “Гэмт хэрэгтэй тэмцэх талаар хамтран ажиллах тухай” хэлэлцээр, Дорноговь аймгийн Цагдаагийн газар, БНХАУ-ын Эрээн хотын Цагдаагийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг, 2017 онд Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн алба болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын ӨМӨЗО-ны Нийгмийг аюулаас хамгаалах тэнхим хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийг тус тус байгуулсан.

“Хүн худалдаалахтай тэмцэх тухай” бие даасан хуулийг 2012 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр баталсан нь энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн орчин тодорхой хэмжээгээр бүрдсэн.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 148 дугаар тогтоолоор “Хүн худалдаалахтай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг батлан гаргаж, хэрэгжүүлэх ажлыг жил бүр төлөвлөгөө гарган хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

2017 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулинд хүн худалдаалах, бэлгийн мөлжлөгийн гэмт хэргүүдийг тусад нь зүйлчилсэн. Хүүхдийн эсрэг гэмт хэргийг тусад нь бүлэг болгож зохицуулсан. Бусдыг биеэ үнэлэхэд татан оролцуулж, орон байраар хангадаг, биеэ үнэлэхийг зохион байгуулдаг саун, массажны газруудыг илрүүлж, таслан зогсоох, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зорилгоор 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр Эрүүгийн хуулийн 12.6 дугаар зүйлд “Биеэ үнэлэхийг зохион байгуулах” заалтыг нэмж нийгмийн аюулын шинж чанараар нь гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр зохицуулсан байна.

Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр гадаад болон дотоод дахь эрх зүйн орчин зохих хэмжээнд бүрдсэн гэж үзэж байгаа ч энэ төрлийн гэмт хэрэг таслан зогсоогдохгүй, далд, цахим хэлбэрт шилжсэн.

-Энэ онд цагдаагийн байгууллагад Хүн худалдаалах, бэлгийн мөлжлөгийн хэдэн гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна вэ?

Энэ оны эхний арваннэгдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд хүн худалдаалах 6 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнө оны мөн үеэс 8 нэгжээр буюу 57.1 хувиар буурсан байна.

2021 оны эхний арваннэгдүгээр сарын 23-ны өдрийн байдлаар Хүн худалдаалах 6 гэмт хэрэгт хохирогчоор тогтоогдсон 8, үүнээс насанд хүрээгүй 8, холбогдогч 15 этгээд байна. Өмнөх онд бүртгэгдсэн 14 хэргээс 3 хэргийг энэ жил шүүхээр шийдвэрлэж 6-12 жилийн ял оноосон байна.

-Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэж байна вэ?

-Цагдаагийн байгууллагаас хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр үе шаттай ажил, арга хэмжээнүүдийг зохион байгуулж ирсэн.

Тухайлбал, Энэ оны 4, 5, 8, 10 дугаар саруудад Нийслэл хотын хэмжээнд бусдыг биеэ үнэлэхийг зохион байгуулдаг саун массажны газар, цахим орчинд садар самуун сурталчлах, видео чат, дуудлагаар биеэ үнэлж байгаа охид, эмэгтэйчүүдийг олж тогтоон бүртгэл судалгаа, үзлэг шинжилгээнд хамруулах, хууль бус үйлдлийг нь илрүүлж Улсын ерөнхий прокурорын газрын 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/33 дугаар “Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, эрүүгийн хэргийг шалгах, түүнд прокурор хяналт тавих харьяаллыг шинэчлэн тогтоох тухай” тушаалын дагуу хэсэгчилсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулж, хууль бус үйл ажиллагаа явуулж байсан 20 газрыг илрүүлж, 74 охид, эмэгтэйчүүдийг бүртгэл судалгаанд авч, харьяа нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад шилжүүлсэн.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйл “Хүн худалдаалах” гэмт хэрэгт өртөж хохирсон охид, эмэгтэйчүүдийг олж тогтоох, тэдний хууль ёсны эрх ашгийг хамгаалах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, дээрх гэмт хэргийн хор уршгийг олон нийтэд таниулах зорилгоор “Мөрөөдлийн шүхэр” аян, арга хэмжээг МУГХУСАЗЗ, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран зохион байгуулсан.

Мөн “Анбаунд-Монгол” төрийн бус байгууллагын санхүүжилт, дэмжлэгтэйгээр улсын хэмжээнд хүн худалдаалах гэмт хэргийн талаар ойлголт, мэдээллийг иргэдэд хүргэх, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Not in my city” /Миний хотод биш/ нэртэй мэдээллийн аяныг 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд зохион явуулж байна.

-Хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд ямар хариуцлага ногдуулах вэ?

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 Хүн худалдаалах

1.Биеийг нь үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах, боолчлох, түүнтэй ижил төстэй нөхцөлд байлгах, эд, эрхтнийг авах, албадан хөдөлмөрлүүлж мөлжих зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хулгайлж, хууран мэхэлж, итгэл эвдэж, эрх мэдлээ урвуулан ашиглаж, эмзэг байдлыг нь далимдуулж, эсхүл хяналтдаа байлгаж байгаа хүнд төлбөр төлж, хахуульдаж хүнийг эрхшээлдээ оруулан элсүүлсэн; тээвэрлэсэн; орогнуулсан; дамжуулсан; хүлээн авсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг:

2.1.хүүхэд, жирэмсэн эмэгтэйг мэдсээр байж;

2.2.хоёр, түүнээс олон хүнийг худалдаалж;

2.3.Монгол Улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ гэмт хэргийг:

3.1.байнга тогтвортой;

3.2.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.

Хүүхдийн эсрэг энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцоход энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар үйлдсэн байхыг шаардахгүй. Энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцоход хохирогч өөрийг нь энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар хохироож байгааг өөрөө зөвшөөрсөн эсэх нь гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй.

-Энэ төрлийн гэмт хэрэг ямар хэлбэрээр илэрч, хохирогчдын шалтгаан нөхцөл нь юунаас болж байгааг судалж үзсэн үү?

-Манай улсад хүн худалдаалах гэмт хэрэг нь голчлон саун массажны газар, караоке баар, гудамж талбайд бэлгийн мөлжлөгийн хэлбэрээр үйлдэгдэж байна. Гудамж талбай, зочид буудал, олон нийтийн газар бусдын биеийг үнэлүүлэн бэлгийн мөлжлөгт оруулж ашиг орлого олж буй хууль бус үйл ажиллагааг урьд нь ял шийтгэл эдэлж байсан, гудамж талбайд биеэ үнэлж байсан этгээдүүд голчлон үйлдсэн байдаг.

Цахим орчинд нэр бүхий хаалттай фэйсбүүк группүүд нээгдэж иргэдээс тодорхой хэмжээний урьдчилгаа мөнгө дансаар авч садар самууныг сурталчилсан агуулгатай бичлэг үзүүлэх, видео дуудлага хийж дуудлагаар биеэ үнэлдэг эмэгтэйчүүдийн утасны дугаарыг өгөх зэрэг цахим орчин дахь далд биеэ үнэлэлт зохион байгуулалтад шилжсэн.

Гадаад улсад хүн худалдаалах, бэлгийн мөлжлөгийн гэмт хэргийн хохирогч болсон, виз, оршин суух баримт бичгийн хугацаа хэтрүүлсэн, торгууль, төлбөрт орсон Монгол Улсын иргэдэд туслах, эх оронд нь аюулгүй буцаан авчрах ажлыг Гадаад харилцааны яамны Консулын газар, Олон Улсын Шилжилт хөдөлгөөний байгууллага болон энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Хүйсийн тэгш эрхийн төв” болон бусад төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулан ажиллаж ирсэн ба 2020 онд Малайз улсад Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон 15 Монгол эмэгтэйг эх оронд буцаан авчирсан.

Энэ төрлийн гэмт хэрэгт өртөж хохирсон насанд хүрээгүй охидын шалтгаан нөхцөлийг судлахад нийгмийн болон хувь хүний олон хүчин зүйлүүд нөлөөлдөг ба голлох шалтгаан нь өнчин, багад нь эцэг эх нь салсан, хойд эцэг эхтэй, амьжиргааны баталгаажих түвшин доогуур орлоготой, ямар нэг хүчирхийлэлд өртөж байсан, гэр орондоо байх сонирхолгүй, тэнэмэл амьдралтай, эцэг эхийн хараа хяналт сул охид өртсөн байсан нь шалгагдаж байгаа хэргүүдээс харагдаж байгаа юм.

Дотоодод цахим орчны хяналтгүй байдал, интернетийн зохисгүй хэрэглээ, ар гэрийн хараа хяналт сул байдлаас болж насанд хүрээгүй охид, эмэгтэйчүүд энэ төрлийн гэмт хэргийн золиос болох эрсдэл өндөр байна. Ялангуяа өсвөр насны охидуудад амар хялбар аргаар мөнгө олох сэдэл өгч, садар самуун явдалд татан оруулах замаар эмзэг байдлыг нь далимдуулж цахим сүрдүүлэгт ашиглах, бэлгийн мөлжлөгийн зорилгоор үйлдэгдэж буй хүн худалдаалах гэмт хэрэгт өртөж хохирох нөхцөлийг бий болгож болзошгүйг иргэд анхаарах шаардлагатай.

-Иргэдийн хувьд энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Нийгэм, эдийн засаг, ажилгүйдэл, ядуурал, архидалт, сэтгэл зүй болон бусад шалтгааны улмаас охид, эмэгтэйчүүд биеэ үнэлэх зам руу орж нэг мэдэхэд бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болчихсон байдаг, тэд өөрсдөө ч хохирогч болсноо мэддэггүй, тиймээс дээрх гэмт хэргийн хохирогч болсон тохиолдолд цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, гэмт этгээдүүдийн хууль бус үйлдлийг бодитоор, үнэн зөв шударгаар шийдвэрлүүлэх.

Хүн худалдаалах, бэлгийн мөлжлөг, насанд хүрээгүй хүний бэлэгсийн эсрэг гэмт хэрэгт өртөж хохирсон ялангуяа насанд хүрээгүй хүүхдийг нийгэмшүүлэх талаар цогц бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байна. Охидын биеийг үнэлүүлж бэлгийн мөлжлөгт өртүүлж хүн худалдаалах гэмт хэрэг үйлдэж байсан этгээдүүд нь шүүхээр тохирох ял шийтгэлээ аваад явдаг ч, ард нь сэтгэл зүй нь бүрэн засраагүй, үзэл бодол төлөвшөөгүй, боловсрол мэдлэггүй, цалин мөнгөний орлогогүй охид үлдээд дахин хойд эцэг эх, бахь байдагтаа очдог, эргээд гэрээсээ дайжиж гудамжинд гарснаар өөр этгээдүүдэд олзлогдоод дахин бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болох тохиолдол гардаг.

Хүн худалдаалах, бэлгийн мөлжлөгийн гэмт хэрэгт насанд хүрээгүй охид эмэгтэйчүүдийг хохирогч болгохгүйн тулд нэн тэргүүнд эцэг эхчүүд охиддоо тавих хараа хяналтаа сайжруулах, насанд хүрээгүй байгаа таны охин хэнтэй, хаана, юу хийж байна, яриа өгүүлэл нь ямар чиг хандлагатай болж байна, гэртээ оройтож ирж байна уу, худлаа хэлж гадуур сэлгүүцэх цаг нь ихсэж байна уу, бусдын хувцас эд зүйлийг өмсөж хэрэглэж байна уу, архи тамхи үнэртүүлж байгаа зэрэгт тогтмол хяналт тавьж, зөв бурууг ойлгуулж тэдэнтэй ярилцах.

Хилээр гарч байгаа иргэд ажлын гэрээ заавал байгуулах, паспорт бичиг баримтаа хэнд ч өгөхгүй байх, Монгол Улсаас тухайн оронд суугаа Элчин сайдын яам, Консулын газарт бүртгүүлэх, Монголд байгаа гэр бүл, хамаатан садан, найз нөхдөд очсоноо мэдэгдэж, холбоотой байх зэргийг анхаарах шаардлагатай.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

АМРАЛТ ЭХЭЛЛЭЭ: Хаалганы цаана буй хүүхдүүдийн төлөө цагдаагаас илүү эрх мэдэлтэй хүүхдийн эрхийн байцаагч нар юу хийх вэ
АМРАЛТ ЭХЭЛЛЭЭ: Хаалганы цаана буй хүүхдүүдийн төлөө цагдаагаас илүү эрх мэдэлтэй хүүхдийн эрхийн байцаагч нар юу хийх вэ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.