Гуравхан хоногийн өмнө хүний эрхийн өдөр тохиов. Хүний эрх тэр тусмаа хүүхдийн эрх ноцтой зөрчигддөг манай улсад эл өдөр л сайд даргаасаа эхлээд хүний эрхийн асуудалд анхаарал хандуулах ёстой хэмээн цохон тэмдэглэж харагдлаа. Аль нэг ёслолт өдрийг тохиолдуулах эсвэл нийгэм даяар шуугисан асуудал дэгдэхэд л хүний эрх ярьдаг “жишиг” манайд хэдийнэ тогтсон гэдгийг өчигдөр ч, өнөөдөрт ч харж болохоор байлаа.
Гэр бүлийн хүчирхийлэл, салалт, архидан согтууралт зэрэг нийгэмд байж болох бүхий л бараан зүйлсийн “сүүдэр” нь хүүхдэд тусдаг. Манай улсад хүүхдийн эрхийн тухай болон хүүхэд хамгааллын хууль хөгжлийнхөө үе шаттай зэрэгцэн хэрэгжсээр өнөөдөртэй золгосон. Гэвч бодит байдал дээр хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчил гарах бүрт нийгмээрээ шахуу хууль хүчний байгууллага ямар арга хэмжээ авч ажиллах бол гэдэгт анхаарлаа хандуулахаас хэтрэхгүй байна. Тэгвэл хуулиар олгогдсон хүүхдийн эрх, түүний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах үүрэгтэй цагдаагаас илүү ЭРХТЭЙ субъектыг энд “сануулах” гэж байна.
Сануулах хэмээн тодотгохын учир нь, улсын хэмжээнд Монгол Улсад мөрдөгдөж буй хүүхдийн эрхийн болон хамгааллын тухай хуулийн хэрэгжилт, түүний шийдвэрлэлтэд хяналт тавих эрхтэй хүүхдийн эрхийн улсын байцаагч нар ажилладаг. Гэвч энэхүү эрх бүхий субъект ажил үүргээ хэрхэн биелүүлж байна вэ гэдэгт бид хариулт хайлаа.
Хүүхдийн эрх тойрсон асуудал дуусахгүй. Тухайлбал, өнөөдрийн нөхцөлд ирэх арванхоёрдугаар сарын 18-наас сурагчдын улирлын амралт 45 хоногийн хугацаанд үргэлжлэх тов гараад буй. Тэгвэл урт хугацаатай эл амралтын өдрүүдэд улсын байцаагч нар хүүхдийн эрх зөрчигдөх, аливаа төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх үүргээ утгаар нь хэрэгжүүлэх ёстой. Гэвч сурагчдын амралт эхэлсэн өдрүүдэд хүүхдийн эрхийн улсын байцаагч нар нь ямар эрсдэлийн үнэлгээ хийж, төвлөгөө гаргасан нь тодорхойгүй хэвээр байна. Магадгүй цоожтой хаалганы цаана үлдэж буй хэчнээн мянган хүүхдэд улсын байцаагч нар нь хүрч ажиллах эсэх ч эргэлзээтэй асуудлын тоонд багтаж буй юм.
“Улсын хэмжээнд 48 хүүхдийн эрхийн улсын байцаагч ажиллаж байна”
Монгол Улс Ази тивд анх удаа хүүхдийн эрхийн улсын байцаагчтай орон болж байна хэмээн 2017 онд сүр дуулиантайгаар зарлаж байлаа.
Тэгвэл хүүхдийн эрхийн улсын байцаагч гэж ХЭН БЭ.
2017 онд анхны хүүхдийн улсын байцаагчаар ажиллах хүмүүст үнэмлэхийг нь гардуулах үеэрээ тухай үед Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан С.Чинзориг “Хүүхдийн эрхийн улсын байцаагч нь хүүхдийн эрх, хамгааллын холбогдох хууль журмуудын биелэлтэд анхаарах, хүүхдийн эрх зөрчигдөхөөс сэргийлж, тэдний эсрэг хүчирхийлэл үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх, эрт таслан зогсоох, гэмт хэрэгтэнд хариуцлага тооцуулах зэрэг томоохон үүрэг бүхий, хариуцлага өндөртэй ажил. Ажлын үр дүн Монголын ирээдүй болсон үр хүүхдүүдэд шууд нөлөөтэй учир маш хариуцлагатай ажиллах нь чухал” хэмээн захиж байв.
Харин Хүүхдийн эрхийн тухай хуулийн 20 дугаар зүйлд хүүхдийн эрхийн улсын байцаагчийн талаар дараах байдлаар тайлбарласан байдаг аж. Тодруулбал, тус хуулийн 20.3.Хүүхдийн эрхийн улсын байцаагч нь хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр мэргэшүүлсэн сургалтад хамрагдсан, тухайн чиглэлээр таваас доошгүй жил ажилласан, хүмүүнлэгийн болон нийгмийн ухааны чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн байна. Мөн 20.4.Улсын байцаагчийн эрх бүхий ажилтан нь хуулиар олгогдсон чиг үүргийг хэрэгжүүлэх, хүүхдийн эсрэг зөрчлийг шалган шийдвэрлэх замаар хууль тогтоомжийн биелэлтийг хангуулна хэмээн заажээ.
Товчхондоо, улсын байцаагч нь орон тоо “бөглөх” хэмжээний ажлын байр биш юм. Харин хуулийн хэрэгжилтэд бодит чиглүүлэгч болох мэргэшсэн хүчин байх ёстой. Албан мэдээллээр анх буюу 2017 онд 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт нийт 38 улсын байцаагч бэлтгэж, сургалтад хамруулж байсан бол өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 48 хүүхдийн эрхийн улсын байцаагч ажиллаж байгаа аж.
Хүүхдийн эрхийн байцаагч цагдаагаас юугаараа давуу ЭРХТЭЙ вэ
Хүүхдийн эрхийн тухай хуульд хүүхдийн эрхийн байцаагчтай байх асуудлыг хуульчилсан байдаг талаар өмнө дурдлаа.
Тэгвэл улсын байцаагч ямар ЭРХТЭЙ вэ.
Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу хүүхдийн эрх, хамгааллын зөрчлийг шалган шийдвэрлэх эрхтэй байдаг. Тухайлбал, хүүхдийн эрхийн улсын байцаагч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар хүүхдийн эсрэг зөрчил, хүүхэд харах үйлчилгээ, төрийн албатай холбоотой гурван зүйлийн зөрчлийг шалган шийдвэрлэх юм.
Гэхдээ улсын байцаагчид нь торгож, шийтгэхээс илүү зөвлөн тусалж, хүүхдийн эрх, хамгааллын чиглэлийн холбогдох хууль журмын биелэлтэд анхаарч ажиллах нь чухал. Гэлээ гэхдээ хүүхдийн эрхийн зөрчил, хүчирхийллийн асуудлыг нүднийхээ хажуугаар өнгөрөө гэсэн үг биш юм. Харин харьцангуй далд хэлбэрээр үйлдэгддэг, нуугдмал байх хүчирхийллийг холбогдох бүхий л байгууллага хүмүүстэй нягт хамтран ажиллах үүрэг хүлээх шаардлагатай.
“Өнгөрсөн хугацаанд хүүхдийн эрхийн байцаагч нар ХЭРХЭН ажиллав”
Байцаагчид нь Зөрчлийн тухай хуульд заасан хүүхдийн эсрэг зөрчлийг шалган шийдвэрлэх, хууль сурталчлах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа зохион байгуулах чиг үүрэгтэй ажиллаж байгаа бөгөөд 2017 онд 26, 2018 онд 181 зөрчлийг илрүүлэн шалгаж, зургаан иргэний эцэг эх байх эрхийг хязгаарлаж, 37 иргэнд торгууль оногдуулсан ба 2019 онд зөрчлийн 72 дуудлага, мэдээлэл хүлээн авч, 36 иргэнд зөрчлийн хэрэг үүсгэн, холбогдох торгууль шийтгэврийг оногдуулж ажилласан байна.
Харин энэ оны байдлаар нийт 118 гомдол хүлээн авснаас 91 шалган шийдвэрлэж, 26 нь шалгагдаж байгаа юм аж. Харин гомдол мэдээллийн шийдвэрлэлт 77 хувьтай байгаа талаар албаны эх сурвалж мэдээлэв.
Хүүхдийн эрхийн улсын Ерөнхий байцаагч бол ХНХ-ын сайд О.Ариунзаяа
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 20.2.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хүүхдийн эрхийн улсын ерөнхий байцаагчийн эрх эдлэх бөгөөд хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр мэргэшиж, сургалтад хамрагдсан ажилтанд улсын байцаагчийн эрх олгоно хэмээн заасан байдаг. Өөрөөр хэлбэл, хүүхдийн эрх, хамгааллын асуудалд хамгийн өндөр “нөлөөлөл”-тэй хүн бол Ерөнхий байцаагч болох ХНХ-ын сайд О.Ариунзаяа. Гэвч өнгөрсөн хугацаанд түүнийг хүүхдийн эрх ярихаас илүүтэй салбар дахь бодлогын хүрээнд түлхүү ажилласныг олон нийт дүгнэнэ. Тэгвэл олон нийтийн мэддэггүй О.Ариунзаяа сайд хүүхдийн эрхийн улсын байцаагчийн хувиар ямар ажил хийснийг асуулт болгон үлдээх нь зүй.
Бусад Засгийн газруудтай харьцуулахад Боловсрол, шинжлэх ухааны салбартай хамтран, санал дүгнэлтээ солилцлж ажилладаг хэмээн О.Ариунзаяа сайдыг дүгнэдэг. Гэхдээ энэ лавтгахад, хүүхдийн эрх зөрчигдсөн гэмт хэрэг, зөрчлүүдэд улсын ерөнхий байцаагчийн хувиар ямар арга хэмжээ авч ажилласан талаар асуулт болгон үлдээе.
Хүүхдийн эрхийг хамгаалах хугацаагаа сургалтад зориулав уу?
Хүүхдийн эрхийн улсын байцаагчтай Азийн анхны улс боллоо хэмээн зарласны учир юунд байна вэ. Хүүхдийн эрхийн байцаагчийг энэ чиглэлээр таваас доошгүй жил ажиллаж мэргэшсэн хүмүүсээс сонгон шалгаруулдаг. Мэдээж хүүхэд хамгааллын чиглэлээр ажиллаж буй боловсон хүчин чадварлаг түүнээс давсан хариуцлагатай байх чухал. Гэвч сурагчдын амралт эхэлж байгаа энэ үетэй зэрэгцэн хүүхэд хамгааллын ажилчдаа чадавхжуулах сургалтаа зэрэгцүүлж товлосон нь тун ч тохиромжгүй. Та бүхнийг суралцах хооронд цоожтой хаалганы цаана үлдсэн хэчнээн мянган хүүхдийн эрх хохирохыг хэлж мэдэхгүй. Харамсалтай нэг жишээг татъя. Гэртээ үлдсэн гурван хүүхэд, гэртэйгээ шатав. Эцэг, эх нь гэрээ цоожилж явснаас болж дөрвөн настай охин дүүтэйгээ хамт өөд болсон. Энэ мэтчилэн галд түлэх түлшгүй болж, олон хоног хоолгүй өдөр хоногийг бээрч өнгөрөөсөн гээд хүүхдийн эрх зөрчигдөж байгаа бол.
Манай улсад хариуцлагын асуудал маш чухал байна. Төр, иргэн, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн язгуур эрхийг эн тэргүүнд хангахыг эрхэмлэж, хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг тэгш хангах үүрэгтэй. Тэгвэл цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хүүхдийн эрхийн улсын байцаагч нар эрсдэлийн үнэлгээ хийсэн үү. Тэд сурагчдын амралттай уялдуулан, болзошгүй эрсдлээс хүүхдийн эрхийг хамгаалах ямар зорилт, төлөвлөгөөг бэлтгэв. Эдгээр асуултад бид "хариулт" авч, эргэн мэдээлэх болно.