Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Баярболд: Эрт илрүүлгийг хийснээр хорт хавдрын нас баралтыг 60 хувь хүртэл бууруулах боломжтой

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 17 секунд

Засгийн газрын тогтоолоор ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Монгол Улсын нийт иргэдээ өвчний эрт илрүүлгийн үзлэгт хамруулахаар болсон. Үүнтэй холбогдуулан хэн, хэзээ, хаана, хэрхэн эрт илрүүлгийн үзлэгтээ хамрагдах зэрэг мэдээллүүд иргэдийн дунд түгээмэл бус байгаа юм. Энэ сэдвийн хүрээнд ЭМЯ-ны Нийтийн ЭМ-ийн хариу арга хэмжээ, халдварт өвчний хяналт, сэргийлэлтийн хэлтсийн дарга Д.Баярболдтой ярилцлаа.

-Нэгдсэн ойлголтод хүрэхийн тулд юун түрүүнд нэр томъёоны ойлголтоо нэгтгэх нь зүйтэй байх. Эрт илрүүлэг гэж юу вэ?

-Эрт илрүүлэг бол зонхилон тохиолдож байгаа халдварт болон халдварт бус өвчний тохиолдлыг эрт илрүүлэх, ингэснээрээ тухайн иргэнийг нас баралтаас урьчилан сэргийлэх ач холбогдолтой юм.

-Эрт илрүүлгийн хүрээнд ямар өвчний шинжилгээ хийх вэ?

-Монгол Улсын хүн амын өвчлөлийн тэргүүлэх шалтгаанд 2020 оны жилийн эцсийн байдлаар хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчин, амьсгалын тогтолцооны өвчин, зүрх судас, шээс бэлгийн тогтолцооны эмгэг, гэмтэл, хордлого болон гадны шалтгаант бусад эмгэгүүд орж байна. Эдгээр нь нас баралтын тэргүүлэх шалтгаан болдог.

Монгол Улсын 15-69 насны гурван хүн тутмын нэг нь, 45-69 насны хоёр хүн тутмын нэг нь халдварт бус өвчнөөр өвчлөх өндөр эрсдэлтэй бөгөөд энэ эрсдэл нь эрэгтэйчүүдийн дунд эмэгтэйчүүдээс 1.5 дахин их байна. Нас барсан гурван тохиолдол бүрийн нэг нь зүрх судасны өвчний шалтгаантай байна. Ийм учраас эдгээр өвчлөлүүдийг эрт илрүүлэх, илэрсэн тохиолдолд эрт эмчлэх зорилготой.

-Монголчууд дунд хорт хавдраар өвчилж, нас барах тохиолдол өндөр байдаг. Мэргэжилтнүүд хавдрыг эрт үед нь илрүүлээгүй нь нас баралтын голлох шалтгаануудын нэг хэмээн үздэг. Хорт хавдрын өвчлөлийн талаар?

-Шинээр оношлогдож байгаа хавдрын тохиолдлуудын 73 хувь нь хожуу үедээ буюу хоёр, гуравдугаар шатандаа оношлогдож байгаа. Хорт хавдраар өвчилсөн хүмүүсийн 65 хувь нь оношлогдсоноос хойш нэг жил хүрэхгүй хугацаанд нас барж байна. Хорт хавдрыг хүмүүс эмчилгээгүй өвчин гэж ойлгодог. Бид эрт үед нь илрүүлбэл бүрэн эмчлэх боломжтой. Ийм учраас энэхүү эрт илрүүлгийг хийх зайлшгүй шаардлага байна гэж үзэж байгаа.

-Эрт илрүүлэх үзлэгт хэдээс хэдэн насны иргэд хамрагдах вэ?

-Эрт илрүүлгийг бид өмнө хийдэг байсан. ЭМЯ-наас өмнө байсан журамд өөрчлөлт оруулан 18-аас дээш насны иргэд байсныг бүх насны иргэд болгон өөрчилж, нийт иргэдээ амьдралын туршид үзлэгт хамруулах тогтолцоог бий болгож байгаа. Иргэд хоёр жилд нэг удаа, зарим тохиолдолд жил бүр урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгтээ хамрагдах юм.

-Хэзээ, хаана үзүүлэх вэ?

-Иргэд өөрийн харьяа өрхийн эмнэлгүүд дээрээ эхний үзлэгтээ хамрагдаж, эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээгээ тогтоолгоно. Ингээд ЭМД-аас батламж авсан хувийн хэвшлийн болон улсын анхан болон дунд шатны эмнэлгүүдэд үзлэгтээ хамрагдаад явна.

-Эрсдэлийн үнэлгээг хэрхэн тогтоох вэ?

-Эрсдэлийн үнэлгээг тогтоохдоо юун түрүүнд биеийн жингийн индексээ үзүүлнэ. Халдварт болон халдварт бус өвчинд өртөх хүчин зүйл нь ямар байгааг тогтооно. Тухайн иргэн архи уудаг, тамхи татдаг эсэх, сахарын хэрэглээ, давсны хэрэглээ гэх мэт зүйлсийг тодорхойлно. Товчхондоо эхлээд өрхийн эмнэлэгтээ үзүүлээд, тэндээсээ дараагийн шатлалын эмнэлэгт хандахаа тодорхой болгох юм. Эрт илрүүлгээр ямар нэгэн өвчний эрсдэл байгаа тохиолдолд хоёрдугаар шатлалын эмнэлэгт эмчлүүлэхээр илгээнэ.

-Төрийн үйлчилгээнүүд цахим болоод буй. Эрт илрүүлгийн цаг авах, бүртгүүлэх зэрэг нь цахимаар явах уу?

-Өрхийн болон сумын эмнэлгүүдээс эхлээд дараа дараагийн шатны бүх эмнэлгүүд цахим системд холбогдсон. Тиймээс эхний үзлэгтээ ороод эрсдэлтэй бол хоёрдугаар шатны эмнэлэгт таны мэдээллийг цахимаар дамжуулах зэрэг хоорондоо уялдаатай явах юм.

-Цахим яг ямар платформ ашиглах вэ? Он гарснаас хойш иргэд эрт илрүүлэх үзлэгтээ хамрагдах гээд өрх, дүүргийн эмнэлгүүд дээрээ олноороо очоод ачаалал үүсгэх вий гэсэн болгоомжлол байна.

-Эрүүл мэндийн салбарт 30 гаруй төрлийн цахим систем байдаг. ЭМ-ийн салбарын шинэчлэлийн хүрээнд энэхүү цахим тогтолцоог шинэчилж дээрх 30 гаруй төрлийн цахим системийг хооронд нь холбох технологийн баг ажиллаж байгаа. Тиймээс хаана ч үзүүлсэн эмнэлгүүд хоорондоо мэдээллээ бүрэн солилцох цахимжуулалтын ажил явж байгаа. Хэзээ үзүүлэх талаар дэлгэрүүлбэл хүмүүс төрсөн сардаа эрт илрүүлгийн үзлэгтээ хамрагдах зохицуулалт хийнэ. Хоёрдугаар сард төрсөн хүмүүс хоёрдугаар сардаа, наймдугаар сард төрсөн хүмүүс наймдугаар сардаа гэх мэтээр үзлэгт хамрагдах боломжтой.

-Эрт илрүүлгийг хийснээр өвчлөлийг хэдий хэмжээнд бууруулах тооцоолол байгаа вэ?

Эрт илрүүлгийг зохион байгуулснаараа зүрх судасны өвчин болон чихрийн шижинг 50 хувиар, хорт хавдрын нас баралтыг 35-60 хувь хүртэл бууруулах боломжтой гэсэн тооцоолол бий. Тиймээс нийт иргэдээ эрт илрүүлэх үзлэгтээ идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

“Давхар дээл“-ний асуудлаар гишүүдийг “хулхидах“ нь Ерөнхий сайдад ашигтай
“Давхар дээл“-ний асуудлаар гишүүдийг “хулхидах“ нь Ерөнхий сайдад ашигтай
 
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.