Эх сурвалжийн мэдээлж буйгаар Үндсэн хуулийн цэц Н.Ганибал, Ш.Адьшаа хоёрын гомдлыг тун удахгүй хэлэлцэх гэнэ. Магадгүй энэ долоо хоногтоо ч багтаж мэдэх л юм. Үүний ачаар эрх баригчид ойлголцож их хурлаа зохион байгуулж даргаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг ёс төртэйгөөр өргөмжилсөн. Одоо л үйл явцууд өрнөнө. Ялангуяа олон нийтийн анхаарал шинэ жилийн ширээний ард шилжих үеийг л тэд хүлээж суугаа.
Тохироо, тонгороо хоёр нь амжилттай болсон тул гишүүдийг танхимдаа өргөн фронтоор оруулж ирэх ажилд нь төдийлөн төвөг саад гарахгүй биз ээ. Гишүүд хэрхэн танхимд нь багтахаар яригдаж буй талаар бид өмнөх нийтлэлээрээ өгүүлсэн. Гэвч улстөрчдийнхөө араншинг андахгүй болохоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гишүүдийн хүсээд байгаагаас арай өөр замаар "тоглож” мэднэ гэх хар төрөөд байх юм.
Логикоор бодьё. Одоо байгаа үндсэн хууль Ерөнхий сайдад хамаагүй ашигтай. Засгийн газар тогтвортой ажиллаж эрх мэдлээ хэрэгжүүлэх баталгаанаас гадна, хууль хяналтын байгууллагын томилгоонд Ерөнхийлөгчөөс ч хүчтэй оролцох боломжийг олгосон байгаа. Өөрт нь ашигтай байгаа эрх мэдлийн хайрцгийг дахин задлах сонирхол улс төрчийнхөө хувьд түүнд бий юу? Хэрвээ “давхар дээлтэй” сайдуудын тоог нэмж, Үндсэн хуулиа өөрчилбөл тоглоомын гол “хөзөр” гишүүдийн гарт шууд шилжинэ. Нэгэнт Үндсэн хуулийн асуудал дахин босоод ирвэл гишүүд “давхар дээл”-ний асуудлаар зогсохгүй нь ойлгомжтой. АТГ-ын даргын томилгоог Ерөнхий сайдаас булаах, сайд нарыг УИХ-аас томилж, огцруулдаг болох, Улсын төсөв батлахад гишүүдэд тавигдсан эрхийн хязгаарлалтыг хүчингүй болгох гэх мэт алдагдсан эрх мэдлээ эргүүлж авах чимээгүй дажин сэдрэх магадлал маш өндөр. Нэгэнт ингэж хайрцаг алдагдвал УИХ-ын гишүүд ямар ч том дарга, намын бодлого энэ тэрийг сонсохгүй дүлий дээрээ тавиад амь аминдаа хэрэгтэй шийдвэрийг олонхиороо түрэх нь ойлгомжтой.
Нөгөө талаас гишүүдтэйгээ тохироод танхимынхаа талаас илүүг гишүүд дундаас томилтол нөгөөдүүл нь үгэнд нь орохгүй нийлж огцрох хүсэлтээ өгчихвөл хуулийн дагуу Л.Оюун-Эрдэний Засгийн газар танхимаараа огцорно. Энэ үед яаж ч цам харайж, айлгаж дарамтлахад оройтсон байх болно. Энэ мэтээр ҮХ-д гар хүрэхийг Ерөнхий сайд зөвшөөрвөл сахил хүртсэн биш шал дордож Засгийн газрын бүрэн эрх хөндөгдөх эрсдэл өндөр. Тиймээс Ерөнхий сайд эдгээр эрсдэл, улс төрийн нөхцөл байдлыг үүсч магадгүй гэж тооцвол Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг гишүүдийн хүсч буй шиг дур зоргоор нь хийлгэхгүй. Эсвэл маш хүчтэй "хайрцаг" дор цөөн хэдэн гишүүдийг танхимд багтаах байдлаар зохион байгуулах ёстой. Хэрвээ тэр контролоо алдвал ирээдүйд бүхнээ алдана.
Танхимаа бүхэлд нь гишүүн сайдаар дүүргэлээ гээд түүнд ер нь ямар ашигтай юм бэ. Баахан эго, амбицаа дарж чадахгүй хэдэн дарамтлагчид л орж ирнэ. Танхим нь хүчтэй харагдах ч ирээдүйд ирэх эрсдэл нь асар аюултай. Тиймээс зарим сайдуудаа сольсон нэр зүүгээд, ганц нэг нөлөө бүхий гишүүдтэй тохироо хийгээд үлдсэнийг нь айлгаад, дарамтлаад явчихвал хамаагүй дээр. Ер нь ЗГ-т гишүүн сайд нарын тоог нэмэх санал санаачилга Ерөнхийлөгч болон УИХ-ын гишүүдээс л тодоор гарч буй. Түүнээс Л.Оюун-Эрдэнийн хүсэл огт биш. Харин энэ их хариуцлага нэхсэн түйвээнээр төрийн сайд байтугай төлөг маллахад ч нэмэргүй ганц нэг сайдаасаа салчихаад бусдыг нь хүссэнээрээ “маллаад” явж байх нь улс төрийн геополитикийн хувьд өлзийтэй хувилбар.
Тохирооноос буцлаа гээд түүнд алдаад байх зүйл бараг л байхгүй. Тэр ганцхан Д.Амарбаясгалантай л тохирч чадахад 64 гишүүнээ дээр доргүй хага "базна". Яг өнөөдөр Ерөнхий сайдаас ч илүү хүчтэй мест бол эрх баригч Ардын намын даргын суудал. Мөн 2019 оны ҮХНӨ-ийн ачаар Л.Оюун-Эрдэнэ өмнөх Ерөнхий сайдууд шиг амархан огцрохгүй. Түүнийг унагахын тулд эхлээд 19 гишүүн олох хэрэгтэй. Дараа нь чуулганаар хэлэлцэгдэх мөчид нийт гишүүдийн олонх буюу 39 гишүүн саналаа өгч байж огцруулна. Ингээд болоогүй. Арай гэж Ерөнхий сайдыг огцруултал Ерөнхийлөгч хориг тавьчихвал асуудал улам л дордоно. Улмаар хоригийг хүлээж авахгүй гэж 39 биш 51 гишүүн Ерөнхийлөгчийг сөрж зогсох шаардлага үүснэ. Товчхондоо өнөөдрийн улс төрийн нөхцөл байдлаар бол Ерөнхий сайдыг огцруулах боломж тун хомс.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх угаасаа өөрийнхөө тавьсан хүнээс тийм ч амархан салчихгүй. Нутаг нуга, ах дүүсээс эхлээд хөрөнгө санхүү хүртэлх олон зүйл энэ хоёр хүнийг нэгтгэнэ. Харин гишүүдийн хувьд авлига, албан тушаалын асуудлаар даргынхаа халаасанд багтах болно. Өнгөрсөн зунжингаа л тэднийг энэ мэтээр "халаасалж" гүйсээр эцэстээ нэгтгэж чадлаа. Сая гэхэд л Л.Оюун-Эрдэнэ намын дүрмээ шинэчилж авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хэнийг ч албан тушаал, эд хөрөнгө, эрх чөлөөтэй нь хамт "ачаад" явуулах сүрхий сүрдүүлгийн шинжтэй заалтыг оруулчихна лээ. Ийм байхад одоо Ардын намынхан дунд дур зоргоороо Л.Оюун-Эрдэнийн өөдөөс “А” гэж ангайхгүй ширхэг тэнэг ч олдохгүй.
Ийнхүү цэцийн тусламжтайгаар Үндсэн хуулиа засаад Засгийн газарт багтах гишүүдийн том санаачилга. Нөгөө талд нь нэгэнт эрх мэдлээ баталгаажуулсан Ерөнхий сайдын улс төрийн тоглолт гэсэн маш сонирхолтой хоёр хувилбарын аль нэгийг бид тун удахгүй харах болно. Хэрвээ би лав Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн оронд байсан бол хоёр дахь хувилбарыг сонгох байлаа.
Ингэвэл хонь нь бүтэн үлдэж, чоно нь цадахын сацуу тугал нь турахгүй хэрнээ эх нь ч эцэхгүй...
Г.Лхагвадорж