Өнгөрсөн 30 жилийн турш монголчууд болон үе үеийн Засгийн газруудын "толгойны өвчин" болж байсан зүйл бол шатахууны үнийн асуудал байлаа. Харин энэ удаагийн Засгийн газраас төрөөс шатахууны үнийг чөлөөлөх бодлого баримталж, хариуцсан салбар яам нь үнийг либералчлах шийдвэрийг гаргасан. Тэгвэл уг шийдлийг гаргах болсон суурь шалтгаан нөхцөл болон эдийн засгийн хүндрэлтэй, савлагаатай цаг үед байх нь хэр зохистой байсан талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэд сайд О.Батнайрамдалтай ярилцлаа.
-Шатахууны үнийг чөлөөлөх буюу либералчлах бодлогыг төр аж ахуйн нэгжүүдтэй хамтраад гаргалаа. Олон нийт болон эдийн засагчид үүнд янз бүрийн л дүгнэлт өгч байна. Энэ шийдлийг гаргах болсон суурь шалтгаанаас ярилцлагаа эхлүүлье?
-Ковидтой холбоотойгоор сүүлийн хоёр жилд юу болоод өнгөрсөн бэ гээд эргээд бодвол бид олон асуудлууд дундуур туулаад гарлаа. Дотооддоо алдчихсан, хэд хэдэн хөл хорио тогтоочихсон, вакцин хэзээ орж ирэх нь ч тодорхойгүй амаргүй цаг хугацааг байлаа. Ганц манайд биш, дэлхий нийтээрээ вакцины асуудлаа хэрхэн шийдэхээ мэдэхгүй л явж байлаа шүү дээ. Энэ хүнд цаг үеийг эдийн засгийн 3/1 хувийг нуруун дээрээ үүрч яваа уул уурхайн салбарынхан цар тахлаас үүдсэн энэ шокыг ард түмний нуруун дээрээс хэрхэн өнгөлөх вэ гэх чиглэлд ажиллаж ирсэн. Жишээлбэл, Эрдэнэт үйлдвэрээс 650 тэрбум төгрөг гаргаж айл өрхүүдийн тог цахилгаан, дулааны үнийг чөлөөлсөн, Эрдэнэс таван толгойн сайжруулсан түлшийг 75 хувь хөнгөлсөн зэрэг шийдлүүдийг гаргасан. Мөн өнөөдрийн ярианы сэдэв болох шатахууны үнийн асуудлаар аж ахуйн нэгжүүдтэйгээ ярилцаж, ААН-үүд маань нийгмийнхээ хариуцлагынхаа хүрээнд тодорхой шийдлүүдийг гаргаж өнөөдрийг хүрлээ. Гэтэл ковидын онцгой үеийн дараагаар манай салбарын эрдэс баялгийн үнэ дэлхийн зах зээл дээр түүхэндээ байгаагүйгээрээ өндөр хүн хүрч эхэлсэн. Ялангуяа нефтийн үнэ их хэмжээгээр өссөн. Үнийг зохицуулсантай холбоотойгоор аж ахуйн нэгжүүд 1-11 дүгээр сарын хугацаанд 70 орчим тэрбум төгрөгийн алдагдалд орж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, шатахууны салбар өнгөрсөн жилүүд шиг ээ төрийн зохицуулалтын байдлаар явах боломжгүй болж ирлээ.
-Өнгөрсөн зун хоёр удаагийн үйлдлээр нийтдээ 600 төгрөгөөр нэмсэн. Ингэснээр алдагдал нь буурсан уу. Өнгөрсөн намар нөөц тасалдахад Орос дахь үйлдвэрийн засвараас гадна ААН-үүдийн алдагдал нөлөөлсөн мэдээлэл гарч байсан?
-АИ92 шатахууны үнэ дэлхийн зах зээл дээр сард нэг удаа солигдож орж ирдэг. Энэ үнээр тооцоолоод татвар болон үйл ажиллагааны зардлаа оруулаад хэрэглэгчдэд яг хүргэх ёстой үнэ нь 2405 төгрөгийн өртөгтэй байна гэж мэргэжлийн судлаачид гаргаж байна. Гэвч өнөөдөр үнэ өссөний дараа ч гэсэн ААН-үүд 2150 төгрөгөөр зарж байгаа. Энэ бол аж ахуйн нэгжүүд одоо хүртэл алдагдалтай явж байгаа л гэсэн үг юм.
-Цар тахлын үед хил гааль хаагдаж, ачаа бараа саатахаас эхлээд эдийн засгийн олон асуудлууд тулгарч байна. Энэ эмзэг үед шатахууны үнийг төр “хяналт”-аасаа гаргасан нь цаг хугацааны хувьд хэр зөв сонголт байсан бэ?
-Цаг хугацааны нөхцөл байдлын хувьд хамгийн зөв үе гэж үзэж байгаа. Саяхан бид хангамжаас үүсэх шок, эрсдэлийг амслаа шүү дээ. Тиймээс хангамжийг тогтвортой байлгах нь нэг номерын асуудал юм. Өөрөөр хэлбэл, хангамжийг тогтвортой байлгахын тулд үнийг чөлөөлөх шаардлага үүсч байгаа юм. Дэлхий даяар тээвэр логистикийн асуудал ямар хэмжээний асуудал үүсгэж байгаа билээ. Тэгэхээр интервенц орох тусам зах зээлийн зарчим зөв гольдролоороо явна. Нөгөө талаасаа төр үнийг хүчээр барьсаар байвал аж ахуйн нэгжүүдийн алдагдал улам нэмэгдэнэ. Ингээд ирэхээр хангамжийн нийлүүлэлтэд шууд нөлөөлнө. Төр өөрөө шатахуун оруулж ирдэггүй шүү дээ.
-Дэлхийн зах зээл дээрх сүүлийн зургаан сарын үнийг дундажлаад нэг удаа нэмэхдээ 5 хувиас хэтрүүлэхгүй нэмнэ. Ийм байдлаар үнэ нэмэгдсээр байх эсвэл огцом нэмэгдвэл яах вэ?
-Огцом нэмэгдүүлэхгүйн тулд бид дэлхийн зах зээл дээрх сүүлийн зургаан сарын үнийг дундажлаад, одоо зарагдаж байгаа шатахууныхаа үнийн 5 хувиас илүүгүй хэмжээгээр нэмэгдүүлнэ гэсэн автомат тооцоолуурыг гаргасан. Өөрөөр хэлбэл, дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ нэмэгдвэл манайх аажмаар бага багаар үнээ нэмнэ. Энэ зарчим бол цоо шинээр зохиосон зүйл биш. Дэлхий олон улс орнууд ашигладаг тооцоолуурын арга. Энэ бол Олон улсын валютын сангаас шатахууны үнийг төрөөс зохицуулдаг улс орнуудад санал болгодог зарим.
-Төр том зориг гаргаад шатахууны үнийг чөлөөлчихлөө. Эргээд аж ах ахуйн нэгжүүдэд ямар хяналт тавих вэ. Ялангуяа энэ салбарт үгсэн хуйвалдах, зах зээлийн бус тоглолт хийчих гээд байдаг шүү дээ шатахуун импортлогчид?
-Төрийн зөв зохистой хяналт мэдээж байна. Шатахууны хувьд нэгдүгээрт, хангамж, хоёрдугаарт чанар, гуравдугаарт үнэ байна. Одоо яг энэ дарааллаар асуудлыг эрэмбэлж байгаа. Үгсэн хуйвалдах эсвэл зах зээлийн бус тоглолт гаргахгүй байхын тулд бид бүх мэдээллийг нь ил тод болгож байгаа. Энэ нээлттэй мэдээллийг харсан салбар яам, хэвлэл мэдээллийн байгууллага, иргэд хүртэл өөрсдөө тооцоолол гаргаад үзэх боломжтой. 11 сарын үнийг жишээ болгоод үзье. 11 сарын жишиг үнэ Сингапурын бараа таваарын бирж дээр арилжаалагдаж буй үнэ дээр Роснефтийн төлсөн премиум үнийг нэмээд хил үнэ тогтдог. Нэг тонн үнэ нь 830 ам.доллар байсан. Литр рүү шилжүүлэхээр 1785 төгрөг болж байгаа. Үүн дээр татваруудаа төлөөд ойролцоогоор 325 орчим төгрөг. Дээр нь тээврийн зардал, үйл ажиллагааны зардлууд нэмэгдэхээр ойролцоогоор 285 орчим төгрөг болдог. Энэ зардлуудыг нэмээд үзэхээр АИ92 шатахуун нэг литр нь 2485 төгрөг болж байгаа юм. Яг энэ жишгээр үнийг нь тооцоолох бүрэн боломжтой. Хоёрдугаарт зургаан сарын дундаж үнийг дээрхтэй адилаар тооцоолж үнийг хэт өсгөж хөөрөгдөөд байна уу, үгсэн хуйвалдаад байна уу гэдгийг хэн ч тооцоолоод гаргаад ирэх боломжтой. Өмнө нь энэ мэдээллийг хэн ч нээлттэй ярьдаггүй байсан учраас иргэдийн дунд буруу, зөрүү ойлголтууд суусаар ирсэн юм байна лээ.
-Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдаж байх үед тавигдаж байсан шаардлагуудын дунд шатахууны үнийг төрөөс зохицуулахгүй болох гэдэг байсан юм уу?
-Валютын сангийн хөтөлбөрт хамрагдаж байх үедээ бид шатахуун дээр ямар бодлого баримтлах ёстой вэ, энэ зах зээлийг хэрхэн либералчлах вэ гэсэн байдлаар судалгаа хийлгэсэн. Үүний дагуу Вашингтонгоос мэргэжлийн экспертүүд хүрэлцэн ирж дүгнэлт гаргахдаа “Үнийг чөлөөлөх нь зүйтэй. Үүндээ автомат тооцоолуур буюу 3-6 сарын үнийг дундажлах байдлаар хийх нь зүйтэй” гэх репорт өгсөн байдаг юм байна лээ.
-Шатахууны бизнес маш их ашигтай бизнес. Үнэ чөлөөлж байгаа нь өрсөлдөөнийг нэмэгдүүлэх гарц гэж харж бас болох байх. Энэ салбарт шинээр “тоглогч” болох хэцүү гэгддэг. Төр цаашид өрсөлдөөн бий болгох чиглэлд хэрхэн анхаарах вэ?
-Уул уухай, хүнд үйлдвэрийн яамнаас газрын тосны бүтээгдэхүүнтэй холбоотой импорт, бөөний, жижиглэн худалдааны гэсэн гурван тусгай зөвшөөрлийг олгодог. Өнгөрсөн хугацаанд 289 ширхэг тусгай зөвшөөрөл олгосон байна. Тусгай зөвшөөрөл олгох асуудлаар дамжуулан салбар яамнаас чөлөөт зах зээлийг боомилсон ямар нэгэн асуудал байхгүй. Газрын тос, шатахууны бүтээгдэхүүнд тусгай зөвшөөрөл тавигдах заавал шаардлагатай. Импортын тусгай зөвшөөрлийг авахад гадаадын компанитай байгуулсан гэрээ шаардлагатай гэх зэрэг энгийн гэж болох шаардлагуудыг тавьдаг. Хэн ч энэ салбарт орж ирээд үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой.
-Түүхий эдийн үнэ шатахууны үнэд шууд тогтоож явах нь ээ. Үнэ өсөхөд дагаад аажмаар өсөх юм байна. Тэгвэл зэх зээлийн үнэ одоо байснаасаа буусан тохиолдолд манай шатахууны үнэ буурах уу. Өнөөдрийг хүртэл үнэ буурдаггүй гэж олон нийт шүүмжилдэг?
-Үнэ буцаад буурах бүрэн боломжтой. Үнэ өсч байхад өсчихөөд буурсан цагт буурдаггүй гэх хардлага нийгэмд байдаг. Хэрвээ дэлхийн зах зээл дээр үнэ буурвал сүүлийн зургаан сарын үнийг дундажлаад манайд тогтсон үнийг буулгана. Энэ бол автомат тооцоолуур буюу шатахууны үнийг чөлөөлсний ач холбогдол юм.
-Шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүд энэ шийдвэрийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа юу. Магадгүй сайд, эсвэл Засгийн газар солигдохоор бодлогын ухралт, буцалтыг маш их хийдэг шүү дээ?
-Хангамжийн асуудал ямар чухал юм бэ гэдгийг төр, ард түмэн бүгдээрээ л ойлголоо. Тиймээс энэ асуудлыг зах зээлийн зарчмаар нь явуулах нь зүйтэй. Төр, энэ чиглэлийн бизнес эрхлэгчид, ард түмэн гэсэн гурван талын ойлголцлын үндсэн дээр өнөөдрийн энэ шийдвэр гарсан. Зах зээлийн бус тоглолтыг дагаснаар хаа хаанаа маш том эрсдэлийг хүлээж олон жилийг үдлээ. Одоо зах зээлийн горимоороо асуудал үргэлжлэх ёстой.
-Тогтвортой хангамжийг бий болгоход дотоодын үйлдвэр том үүрэг гүйцэтгэнэ. Манай нефть боловсруулах үйлдвэрийн үйл явц ямар шатанд үргэлжилж байна. Хэзээ ашиглалтад оруулахаар зэхэж байна вэ?
-Манай нефть боловсруулах үйлдвэр тогтвортой үргэлжилж байгаа. Ковидын нөхцөл байдал амаргүй байна. Шатахууны үнийн асуудал үе үеийн Засгийн газрын “толгойны өвчин” байсан. Олон арга хэрэглэж үзсэн байдаг. Үүнийг нэг нь алдаа болж Монголбанк хүртэл 2012 онд 320 гаруй тэрбум төгрөгийн алдагдалд орсон түүх бий шүү дээ. Бид энэ алдаанаасаа суралцах ёстой. Хоёрдугаарт, шатахуун гэх онцгой бүтээгдэхүүн дээр барих урт хугацааны бодлого бол дотооддоо үйлдвэрлэх юм байна гээд У.Хүрэлсүх Ерөнхий сайдын үед 2.2 тэрбумын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр газрын тос боловсруулах үйлдвэрээ барьж эхэлсэн. Энэ үйлдвэрийг 2025 онд ашиглалтад оруулна гэсэн тооцоотой байна. Уг үйлдвэр ашиглалтад орсноор жилдээ 1.2 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Манай улс хэрэглээндээ өнөөдөр 11 сарын байдлаар 1.5 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн худалдаж авсан. Ковидын өмнөх жилүүдэд хамгийн ихдээ 2 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн жилдээ гаднаас импортолж авч байж. Энэ хэрэглээний 55-60 хувийг дотоодын үйлдвэр хангах бүрэн боломжтой. Ингэснээр гадны зах зээлийн үнийн хэлбэлзэл, нийлүүлэлтээс хараат бус болох бүрэн боломжтой. Ер нь газрын тосны бүтээгдэхүүнээс гадна бараг бүх бараа бүтээгдэхүүнээ импортоор авдаг, үйлдвэрлэгч бус орны зовлонгоосоо бид ямар нэгэн аргаар бага багаар салах хэрэгтэй байна. Үйлдвэрлэгч орон болж дотоодын хэрэглээгээ бүрэн хангаад, илүү гарсан хэсгээ экспортод гаргах хэрэгтэй. Ингэж бид аж үйлдвэржсэн Монгол орон болохгүй бол асуудал тулгарахад юутай нүүр тулж болохыг ковид бидэнд харууллаа. Өнөөдөр гэхэд л шатахуун, нарийн ногоо, эмнэлгийн хэрэгсэл, өргөн хэрэглээний зарим бараа бүтээгдэхүүнүүд ковидтой холбоотой хил гааль, тээвэр логистикийн асуудлаас болоод нөөц тасрах хэмжээнд хүрч, асуудал дагууллаа.
-Ярилцсанд баярлалаа
Г.Лхагвадорж