Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Билгүүн: Б.Тамир, С.Тулга нар Дээд лигийн зохион байгуулалтад оролцохгүй гэдгээ амласан

Ангилал
Спорт
Огноо
Унших
8 минут 45 секунд

Монголын сагсан бөмбөгчид хоёр лигийн тэмцээнтэй хуваагдмал байсан үе ард хоцорч, бүгд нэгдэж хамтдаа үйл ажиллагаа явуулах болсноо мэдэгдсэн. Холбоодын нэгдэл болон Монголын сагсан бөмбөгийн хөгжлийн ирээдүйн талаар "Тамирчдын ирээдүйн холбоо"-ны УЗ-ийн гишүүн, "Хасын хөлгүүд" багийн тоглогч Б.Билгүүнтэй ярилцлаа.

-Хоёр талд үйл ажиллагаа явуулж байсан Монголын сагсанбөмбөгийн холбоод уулзаж, учир зүйгээ ололцох шиг боллоо. Лиг хоёр салаад хэдий хугацаа өнгөрөв?

-2013 оноос хойш тусдаа хоёр лиг зохион байгуулагдаж байгаад есөн жилийн дараа нэгдсэн нэг лиг болохоор боллоо. Үндэсний сагсан бөмбөгийн холбооны лигийн үеэр бүх багууд нэг дор явж байсан юм. Өнгөрсөн хугацаанд 2013-2016 оны хооронд Супер лиг гэж явдаг байсан бол 2016-2020 онд Сагсанбөмбөгийн холбооны дээд лиг нэрээр явж байсан.

-ТАМИРЧИД ХОЁР ЛИГТ ДАВХАР ТОГЛОДОГ БАЙСАН-

-2016 оноос хойш Дээд лигийн тэмцээнүүд болж байхад нөгөө талд 21 аймгийн лигийг зохион байгуулж байсан. Зарим тамирчид хоёр лигт аль алинд нь тоглодог байсан. Энэ нь Монголын сагсан бөмбөгийн хөгжилд ямар нөлөө үзүүлэв?

-Бид хоёр лигт давхар тоглодог байсан. Тухайн жилийн гэрээ болон хоорондын давхцалд асуудал үүсэхгүй бол аль алинд нь ороод тоглодог байсан. Гэхдээ ихэнх тамирчид Дээд лигтээ тоглох сонирхол нь илүү их байсан. Учир нь Дээд лиг бол багуудын болон тамирчдын амжилтыг албан ёсоор бүртгэдэг юм.

-Холбоодын уулзалтаар ямар асуудлууд дээр байр сууриа нэгтгэсэн бэ?

-Уулзалтаас өмнө холбоод тус тусдаа лигээ зохион байгуулах гэж байсан. Үүний өмнө тоглогчид бид өөрсдийн санаачилгаар "Тамирчдын ирээдүйн холбоо" үүсгэн байгуулсан. Энэ холбоог үүсгэн байгуулсан гол зорилго нь тамирчдын эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, хоёр холбоог нэгдсэн нэг лигтэй болгох хэрэв үгүй бол өөрсдийн лигээ зохион байгуулах болно гэдгээ илэрхийлэхэд оршиж байгаа юм. Мөн олон улсын тэмцээнүүдэд Монголын баг оролцох боломжгүй нөхцөл байдалд хүрээд байсан.

Бид энэ асуудлаараа Монгол Улсын Ерөнхий сайд болон Биеийн тамир спортын газарт бичиг хүргүүлсэн. Ц.Цэвэрбал дасгалжуулагч Монголын сагсан бөмбөгийн холбоог FIBА-д төлөөлж байгаа албан ёсны хүн гэдэг утгаар нь "Тамирчдын ирээдүйн холбоо" хамтарч ажиллах санал солилцоод, түүний дагуу бүх бичиг баримтаа цэгцлээд Засгийн газарт хүргүүлсэн юм. Энэ дагуу Ерөнхий сайдын зөвлөх оролцогч бүх талуудыг цуглуулан тулгараад байгаа хүндрэл бэрхшээлүүдийг сонсоод хувилбаруудыг нэгтгэсэн. Бүх талууд нэгдсэн нэг лигтэй болохыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Асуудлуудаа ярилцан, нэгдсэн лигээ хэрхэн зохион байгуулах, маргаантай асуудал үүсвэл хэрхэн зохицуулах талаар баримт бичигт тусгах талаар саналуудаа нэгтгэсэн.

-ДЭЭД ЛИГИЙН ТАМИРЧИД СПОРТЫН ТӨВ ОРДОНДОО ТОГЛОЖ ЧАДДАГГҮЙ БАЙСАН-

-Энэ хугацаанд манай улсын сагсан бөмбөгийн хөгжил ямар боломжуудыг алдсан гэж хувь тоглогчийн үүднээс үзэж байна вэ?

-Бидний зорьж байгаа бас нэгэн зорилго бол энэ асуудлыг дахиж давтахгүй байх. Асуудал үүссэн тохиолдолд түүнийгээ хэрхэн шийдэхээ тодорхой болгох шаардлагатай. Бидэнд үүсэж байсан хүндрэл гэвэл заримдаа бид Спортын төв ордонд тоглож чаддаггүй байсан. Бидэнд цаг олдохгүй байх зэрэг асуудлууд үүсдэг байсан.

Мөн 2013 оноос хойш ОУ-ын буюу FIBA-гийн ранктай холбоотой нэг ч тэмцээнд оролцоогүй. Азийн наадамд хоёр удаа оролцсон. Гэхдээ тэр тэмцээн ранк олгодоггүй юм. Одоо энэ асуудлыг шийдсэнээр ирэх оны тавдугаар сард Азийн аваргын урьдчилсан шатны тоглолтууд болно.

-Нэгдсэн лиг "Дээд лиг" нэрээрээ үргэлжлэх үү?

-Тийм. Үндсэн спонсер нь ямар байгууллага байхаас хамааран урдаа тухайн байгууллагын нэрийг өгөөд "...... дээд лиг" гэж явна. Б.Тамир, С.Тулга зэрэг холбоог төлөөлж байгаа хүмүүс Дээд лигийн зохион байгуулалтад оролцохгүй гэдгээ амласан. Тэмцээний ерөнхий шүүгч, комиссар, ёс зүйн хороо зэргээ бүгд ярилцан олонхийн саналаараа хүмүүсээ тодруулахаар тохирсон.

-Спортын төв ордонд зохион байгуулах уу?

-Тийм. Одоо бидэнд тулгараад байгаа нэг асуудал нь 15-16 баг дээд лигт орох хүсэлтээ тавиад байгаа. Гэтэл эдгээр багуудын ур чадварын түвшин болон санхүүжилтийн түвшин харилцан адилгүй байгаа юм. Лигээ үнэ цэнтэй байлгах үүднээс 8 эсвэл 10 багтайгаар лигээ зохион байгуулах саналтай байгаа. Багуудын дунд сорил тоглолтууд хийж лигт тоглох багуудаа сонгох зохицуулалт хийхээр төлөвлөж байна. Тамирчдын холбооноос тамирчдын эрх ашгийг хамгаална гэсэн атлаа сорил тоглолтууд хийж, заримыг нь хасах болно гэсэнд багууд бага зэрэг гомдолтой байгаа. Гэлээ гээд бүх багаа оруулбал зал танхимын хүрэлцээ, санхүүжилтийн асуудал хүнд байгаа юм. 8-10 багтай лиг 4-5 сарын хугацаанд үргэлжлэх бол 16 багийн лиг 6-7 сар үргэлжилнэ. Ингэхээр баг бүрт 20-40 сая төгрөгийн зардал илүү тооцогдоно гэсэн үг. Үүнийгээ багууддаа зөв ойлгуулан сорил тоглолтуудад оролцуудах талаар аль аль талаас анхаарч байгаа.

-МӨСӨН ОРДОНД БҮХ ОДДЫН ТОГЛОЛТОО ХИЙХ БОЛОМЖИЙН ТАЛААР ЯРЬЖ БАЙГАА-

-Спортын төв ордныг онцолсон нь багтаамжийн талаар лавлаж байгаа юм. Нэгэнт л нэгдсэн дээд лигээ эргэн зохиолж байгаа учир хэмжээний хувьд илүү олон үзэгч орж болохуйц багтаамжтай, олон улсын стандартад нийцсэн талбайд тогловол лигийн ирээдүйд үнэтэй хувь нэмэр болох байх?

-Энэ жилийн хувьд нээлт болон бүх оддын тоглолт, финалын тоглолтуудаа өөр залуудад хийхээр ярьж байгаа. Эхний шийдэл нь саяхан баригдсан мөсөн ордонд тухайн тоглолтуудыг зохион байгуулахаар ярьж байна. Гэхдээ тухайн талбай хоккэйд зориулсан учир мөсийг нь яах вэ гэдэг асуудал байна. Дээр нь шал тавиад хийе гэвэл шалны стандартыг хангахгүй байх магадлалтай юм билээ. Энэ жилдээ спортын төв ордонд хийгээд ирэх жилээс өөр том спорт ордонд лигээ зохион байгуулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ спортын төв ордны сагсны талбайн хувьд стандарт хангасан талбай байдаг.

-Таны ярианаас бүх асуудал 100 хувь цэгцрээд цаасан дээр бууж, тамга тэмдэг болоогүй нь анзаарагдлаа. Одоо дутуу байгаа зүйл нь юу вэ?

-Аман байдлаар холбоод болон тамирчид нэгдээд байгаа юм. Мэдээж Олимпын хорооны ерөнхийлөгч томилогдсоны дараа Сагсанбөмбөгийн холбооны хурал болно. Энэ хурал 12 дугаар сардаа болох болов уу. Тэр хуралд холбооны шинэ тэргүүнийг сонгох, Удирдах зөвлөлийг сонгох зэрэг үйл ажиллагаа болно. Эцэслээд хэлэхэд холбоодын асуудал бичиг цаасан дээрээ нарийн буугаагүй ч сүүлийн есөн жилийн хугацаанд үүссэн бүх асуудлыг нэг талдаа гаргахаар болсон. Энэхүү асуудалд холбооны зүгээс, тамирчид, спонсер байгууллагууд бүгд залхсан, төвөгшөөсөн байдалтай байгаа учраас энэ удаад ямар нэгэн маргаан үүсэхгүйгээр эцэслэх боломжтой нөхцөл байдал үүсээд байна.

-Ярилцсанд баярлалаа.

Иргэдийг тусгаарлах байрыг бэлтгэх чиглэлийг өглөө
Иргэдийг тусгаарлах байрыг бэлтгэх чиглэлийг өглөө
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.