Засгийн газрын хуралдаанаар эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх, энгийн амьдралд шилжихийн тулд дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдах иргэдийн идэвхийг нэмэгдүүлэх нь чухал байгааг онцолж холбогдох албаныханд үүрэг, чиглэл өгсөн.
Энэ хүрээнд Эрүүл мэндийн сайдын “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын эсрэг вакцины нэмэлт тунгаар вакцинжуулах тухай” тушаал гарч, хоёр тун вакцин хийлгэсний дараа коронавируст халдвар (КОВИД-19)-аар өвчилсөн 18-аас дээш насны иргэнд эдгэрсэн өдрөөс хойш 21 хоног, моноклон эсрэг биеийн эмчилгээ, сийвэн эмчилгээ хийлгэснээс хойш 90 хоногийн дараа сайн дурын үндсэн дээр “Пфайзер-БиоНТех” үйлдвэрийн “Комирнэти”, Синофарм/ВВ/ВР үйлдвэрийн “СоrV” вакцинаас сонголт хийлгэн, дархлаа сэргээх нэмэлт тунгаар вакцинжуулах ажлыг идэвхжүүлэхийг холбогдох албаныханд даалгасан байна.
Түүнчлэн коронавируст халдвар (КОВИД-19)-ын эсрэг нэг тун вакцин хийлгээд хоёр дахь тунгаа хийлгээгүй 3 сараас дээш хугацаа өнгөрсөн 18-аас дээш насны иргэнд (КОВИД- 19)-ын эсрэг Файзер-БиоНТех үйлдвэрийн “Комирнэти”, Синофарм/ВВ/ВР үйлдвэрийн “СоrV” вакцинаас сонголт хийлгэн, 2 тун вакцинаар вакцинжуулахаар болсон байна.
Мөн вакцинжуулалтын цэгийн тоог нэмэгдүүлж, дархлаажуулалтын дараах урвал, хүндрэлийг бүртгэх, мэдээлэх, тандах журмын хэрэгжилтийг чанд мөрдөж ажиллахыг аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, эрүүл мэндийн байгууллагын дарга, захирал нарт даалгажээ гэж УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас мэдээллээ.