Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Уранзаяа: Бага насны хүүхэд төдийгүй нярай хүүхдүүдэд ч цөсний чулуу илэрч байна

Ангилал
Ярилцлага
Огноо
Унших
6 минут 16 секунд

Сүүлийн үед бага насны хүүхдүүд цөсний чулуутай гэх оношоор их оношлогдох болсон байна. Иймд цөсний чулуу хэрхэн үүсдэг болон бага насны хүүхдүүдийг цөсний чулуутай болох эрсдэлээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар "UMed" хүүхдийн эмнэлгийн Дүрс оношилгооны эмч Г.Уранзаяатай ярилцлаа.

-Сайн байна уу. Юун түрүүнд танай эмнэлэгт ирж, эхо оношилгоонд орж байгаа хүүхдүүдийн дунд нийтлэг ажиглагдаж байгаа өвчлөл ямар өвчин байгаа талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Манай эмнэлэгт хүүхэд, нярай их ирдэг. Нярайн хувьд ихэвчлэн зулай, түнхний өвчлөлтэй холбоотойгоор ирж оношлуулдаг бол 2-16 хүртэлх насны хүүхдүүдийн дунд цөсний чулуу үүсэх эрсдэлтэй болон цөсний чулуутай хүүхдүүд их байна. Үүнээс харахад цөсний чулуу нь нас харгалзахгүй өвчин болсон нь ажиглагдаж байгаа юм.

-Цөсний чулуутай гэж оношлогдсон хүүхдүүдээс хамгийн бага нь хэдэн настай хүүхэд байна?

-Нэг ой гарантай хүүхэд цөсний чулуу үүссэн гэж ирсэн. Өөрөөр хэлбэл нярай хүүхдээс эхлээд 18 хүртэлх насны хүүхдүүд дунд цөсний чулуу үүсэх нь элбэг болсон. Мөн цөсний чулуу үүсэх хоёр шалтгаан бий.

  • Нэгдүгээрт, Амьдралын буруу хэв маяг
  • Хоёрдугаарт, Элэг цөсний өвчин эсхүл чихрийн шижин гэх зэрэг эмгэгүүдээс шалтгаалан үүсдэг байгаа.

-Амьдралын буруу хэв маяг гэхээр?

-Хамгийн эхний шалтгаан бол өглөөний цай уухгүй буюу өлөн гарах. Мөн дээр нь таргалалт, өөх тосны хэрэглээ өндөр байх, хэт их жин хассан зэргээс үүдэж цөсний чулуутай болдог.

Гэхдээ хүмүүс буруу ойлгоод өөх тосыг хасчих юм бол чулуу үүсэхгүй юм байна гэж бодоод өөх тос хэрэглэхээ больчихдог. Угтаа хүмүүс бид ханаагүй өөх тосыг хэрэглэж байх ёстой шүү дээ. Энэ нь дутагдаад ирэхээр цөсний чулууг үүсгээд эхэлчихдэг юм.

Тэгэхээр хоол хүнсний хэрэглээ, амьдралын хэв маяг нь цөсний чулуутай холбоотой гэж хэлж болно.

-Цөсний чулуу үүссэн эсэхийг хэрхэн мэдэх вэ?

-Хүүхэд төдийгүй том хүнд ч гэсэн цөсний чулуу үүссэн гэдгийг мэдэх хамгийн анхны шинжилгээ бол багажийн шинжилгээ буюу хэвлийн эхо. Харин биед мэдэгдэх шинж тэмдэг нь чулуу үүсээд цорго руугаа орж бөглөсөн үед хүний биед хүчтэй өвдөлт мэдрэгддэг. Ингэж өвдөхөөс урьтаад төдийлөн мэдэх боломжгүй. Зовуурь шинж тэмдэг нь,

  • Гэдэс дүүрэх, цанхайх, хоол шингэхгүй байх
  • Хэвлий хэсгээр өвдөх зэрэг шинж тэмдгүүд илэрч болох ч үүнийг шууд цөсний чулуу үүссэн байна гэж оношлох боломжгүй. Тиймээс цөсний чулуутай болохоос урьдчилан сэргийлэхийн тулд дээр дурдсанчлан хэвлийн эход харуулах нь хамгийн чухал юм.

-Хүүхдүүд төдийгүй насанд хүрсэн хүмүүс ч гэсэн хэрхэн урьдчилан сэргийлэх ёстой юм бэ. Амьдралын хэв маягаа өөрчилсөн ч гэсэн чулуутай эсэхээ мэдэхэд бэрх шүү дээ?

-Ер нь хүнийг гаднаас нь хараад цөсний чулуутай гэдгийг нь оношлох боломжгүй. Тийм ч учраас хүүхэд гэлтгүй томчууд ч гэсэн жилд нэг удаа хэвлийн эход харуулах хэрэгтэй. Ингэж байж бид урьдчилан сэргийлж чадна.

UMed эмнэлэг: 7 настай хүүхдийн цөсний хүүдийд харагдах хэд хэдэн жижиг чулу

-Удаан хугацаанд цөсний чулуутай яваад байвал хүний биед ямар сөрөг нөлөөтэй вэ?

-Цөсний чулуутай холбоотойгоор өвдөлтийн шок өгч эхэлнэ. Энэ нь маш хүчтэй өвдөлт байдаг учраас яаралтай мэс засал хийлгэх шаардлагатай болдог.

Ер нь бол цөсөнд чулуу үүссэн гэдэг нь мэс заслын заалттай өвчин гэсэн үг л дээ.

Яахав дөнгөж ой гарантай ч юм уу эсхүл нярай хүүхдүүдийн хувьд шууд мэс засал хийхгүй. Арай том болохыг нь хүлээдэг. Гэхдээ хүүхдэд өвдөлт өгөхгүй, ямар нэг зовуурьгүй тохиолдолд эмч нар хагалгааны хугацааг хойшлуулдаг. Тиймээс цөсний чулуунаас сэргийлье гэж бодож байгаа бол бүх насныхан эрүүл хоол хүнс хэрэглэх хэрэгтэй байна. Бас хэт таргалахгүй байх, хүүхдээ хэт их өлсгөхгүй байх мөн дээр нь их өлссөнийхөө дараа их хэмжээний хоол идэхгүй байх нь чухал.

Ерөнхийдөө цөсний чулуу үүссэн хүүхдүүд төдийгүй насанд хүрэгчдийг аваад үзэхээр 80 орчим хувь нь холестролын чулуутай байдаг гэсэн судалгаа бий.

-Холесролын чулуу гэхээр өөх тосноос үүссэн чулууг хэлдэг үү?

-Тийм ээ.

-Цөсний чулуу янз бүрийн хэмжээтэй байдаг шүү дээ. Ер нь хүүхдүүдэд үүссэн цөсний чулуу ямар хэмжээтэй байдаг вэ?

-Янз бүрийн хэмжээтэй байдаг. Яг үүнээс үүдэж томордог, үүнтэй холбоотой учраас жижигхэн байдаг гэж хэлэхэд бэрх.

-Эцэг эхчүүдэд зөвлөгөө өгөхгүй юу?

-Хүүхдээ өглөө болгон хооллож, өлөн явуулахгүй байхыг анхаараарай. Мөн дээр нь ходоод 3 цаг тутамд хоосон болж байдаг учраас 3 цагийн зайтай жигнэмэг ч хамаагүй идүүлж сургаарай. Бас тодорхой хэмжээний өөх тос хэрэглүүлж, өөх тосыг нь бүү хасаарай гэж зөвлөе.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

“Бүх нийтийн гүйлт”-д 2000 иргэн оролцжээ
“Бүх нийтийн гүйлт”-д 2000 иргэн оролцжээ
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.