БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний 10 болон 11 дүгээр ээлжийн бүрэлдэхүүнийг хүлээлцүүлэх, ажиллагааны газар орны бодит байдалтай танилцаж, харилцан ажиллагааг зохион байгуулах зорилгоор ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэгээр ахлуулсан 5 хүний бүрэлдэхүүнтэй баг төвийн бүс буюу Жуба болон Юнити секторт 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс ажиллаж байна.
Дэлхий нийтэд “Ковид-19" халдварт өвчин тархсан хүнд нөхцөлд ажиллагааны газар оронд албан ёсны айлчлал хийж буй хүндэт зочид "тусгаарлах журам”-ын дагуу ажиглах байранд тусгаарлагдсаны эцэст батлагдсан төлөвлөгөөний дагуу ажлаа эхлүүлсэн юм.
Энэхүү ажлын хэсгийн бүрэлдэхүүн 10 дугаар сарын 25-ны өдөр UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй БНЭУ-ын хоёрдугаар шатлалын эмнэлгийн багт зочилж, цэргийн багийн үйл ажиллагаа, үүрэг гүйцэтгэлттэй танилцлаа. Энэ үеэр цэргийн багийн захирагч, дэд хурандаа Махеш Кришна Кулкарнийн танилцуулгыг сонсож, эмнэлгийн үйл ажиллагаа, эмч, ажилтнуудын үүрэг гүйцэтгэж буй байдал, тоног төхөөрөмжүүдтэй нарийвчлан танилцсан.
Тэрчлэн 26-ны өдөр БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах UNMISS ажиллагааны Төвийн бүс буюу Жуба секторын штаб, түүний харьяа Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улсын Тусгай хүчний рот, БНХАУ-ын явган цэргийн батальоны үйл ажиллагаа, үүрэг гүйцэтгэлт, нөхцөл байдлын мэдээлэлтэй танилцах ажлыг зохион байгуулав. Энэхүү ажлын явцад Жуба секторын командлагч, бригадын генерал Б.Эрдэнэбат өөрийн хариуцсан бүсийн цагийн байдал, үйл ажиллагааны талаар болон Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны цаашдын чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах асуудлуудын талаар танилцуулав. Мөн үүрэг гүйцэтгэж буй хугацаанд БНӨСУ-ын болон UNMISS ажиллагаанд холбогдох өндөр албан тушаалтнуудтай уулзаж, хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, ажлын гүйцэтгэлийн талаар танилцуулсан нь ажиллагааны газар оронд цаашид хэрэгжүүлэх ажлын бодит байдлыг тодотгосон арга хэмжээ боллоо.
Түүний зэрэгцээ ажлын хэсгийн бүрэлдэхүүн ажлын туршлага судлах, харилцан санал солилцох зорилгоор Балба улсын тусгай хүчний ротод очиход цэргийн багийн хүндэт харуул жагсаж, хүндэтгэл үзүүлсэн ба Тусгай хүчний ротын захирагч, дэд хурандаа Дийпак Койрла өөрийн ротын үйл ажиллагаа, үүрэг гүйцэтгэлт, тусгай хүчний ротод тавигддаг шалгуур, сургалт, дадлагын талаар танилцуулга хийж, зэвсэглэл, техникийн хүчин чадал, үүрэг гүйцэтгэх боломжийн талаар танилцуулав. Мөн БНХАУ-ын Явган цэргийн батальоны захирагч, хурандаа Янг Зонжугийн танилцуулга болон, цэргийн багийн үүрэг гүйцэтгэлттэй танилцав.
Мөн энэ үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тусгай төлөөлөгчийн орлогч, ноён Гуанг Конгод Монгол Улсын цэргийн багийн ээлж хүлээлцүүлэх ажлын хэсгийн бүрэлдэхүүн бараалхаж, албан ёсны уулзалт хийлээ. Уг уулзалтаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тусгай төлөөлөгчийн орлогч хэлсэн үгэндээ "Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүн нь мандатаар хүлээсэн энгийн иргэдийг хамгаалах, тогтвортой байдлыг бий болгох үндсэн үүргээ мэргэжлийн өндөр түвшинд, чадварлаг, үлгэр жишээчээр гүйцэтгэж байгаа" гэдгийг онцолж, талархаж буйгаа илэрхийлсэн юм.
Тэд төлөвлөгөөний дагуу Жубагаас 800 км зайд байрлах Бентью сууринд байрлах Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны үйл ажиллагаатай танилцах, ээлж хүлээлцүүлэх ажлыг газар орон дээр нь зохион байгуулахаар ажиллагааны газар оронд очоод байна.