Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хуулийн төслийг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцууллаа. Хууль санаачлагчийн илтгэл болон байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асуун, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн С.Чинзориг "Статистикийн газраас гаргасан мэдээллийг үзэхэд ажилгүй иргэдийн тоо 20 хувиар нэмэгдсэн байна. Өрхийн сарын мөнгөн зарлагын хэмжээ 10 хувиар буурсан, хэрэглээний үнийн индекс 9.6 хувь байна. Цаашдаа ч нэмэгдэх хандлагатай байна. 2021 оны мөнгөний бодлого хэр үр дүнгээ өгсөн бэ.
10 их наядын хөтөлбөр хэрэгжсэнтэй холбоотой сайн юм байна. Хөтөлбөр хэрэгжиж байхал Төв банкны үнэт цаас 8.3 их наяд гэж байсан. 2.5 их наядын зээл гаргасан гэж яриад байгаа. Гэтэл одоо Төв банкны үнэт цаасны хэмжээ 8.2 их наяд хэвээр байгаад байна. Арилжааны банкууд үнэт цаас худалдаж авах сонирхол их байна" гэлээ.
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Ковидтой холбоотой банкны сектор эдийн засагт болгоомжлолтой хандаад өнгөрсөн 2020 онд зээл шинээр гаргаагүй. Өнөөдрийн байдлаар зээл 20 их наяд төгрөг рүү дөхсөн байна. Төв банкны хувьд энэ хүнд үед ихэнх үзүүлэлтээр мөнгөний бодлого үр дүнгээ өгсөн гэж харж байгаа.
Инфляц долдугаар сарыг хүртэл 2-3 хувь буюу нам дор түвшинд байсан. Сүүлийн хэдэн сарын хугацаанд л инфляц огцом өсөж байгаа. Үүний шалтгаан нь гадаадад хүнсний үнэ өссөн. Мөн хорио цээрийн дэглэмтэй холбоотой" гэв.