Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хуулийн төслийг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцууллаа. Хууль санаачлагчийн илтгэл болон байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асуун, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Сангийн сайдын мэдээлж буйгаар Хөгжлийн банк үндсэндээ дампуурсан гэж байгаа. Нэг их наядын хугацаа хэтэрсэн өртэй болсон гэх асуудлыг тавьж байгаа. Монголбанк энэ асуудалд ямар дүгнэлт хийж байгаа вэ. Хөгжлийн банк дампуурсанд ямар хүчин зүйл, шалтгаан байна гэж дүгнэж байгаа вэ. Цаашид хөгжлийн банк энэ чигээрээ байх уу, дампуурах ёстой юу.
Б.Лхагвасүрэн Ерөнхийлөгчийн хүүхэд Хөгжлийн банкны нэг газрын захирал гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байна. Энэ үнэн үү. Хэрэв үнэн бол энэ болохгүй асуудал. Хөгжлийн банкинд шалгалт хийх байгууллага нь Монголбанк. Энэ хэрэв үнэн бол маш том сонирхлын зөрчил. Та улс төрийн асуудалд орно. Хөгжлийн банк дампуурсан шалтгааныг тантай холбож авч үзнэ" гэв.
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Хөгжлийн банк өөрөө хуультай. УИХ-д өргөн барьсан хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн дагуу Хөгжлийн банк явах ёстой. Сүүлд орсон өөрчлөлтөөр Төв банкны хяналтад орж байгаа.
Манай хүү Л.Тэмүүжин Хөгжлийн банкийг анх байгуулагдсан үеэс нь эхлээд мэргэжилтнээс нь ажиллаж яваад сүүлд шинээр томилогдсон удирдлагын багт нэг газрыг толгойлохоор томилогдсон юм билээ. Монголбанк дотоод үйл ажиллаанд оролцдоггүй. Монголбанкны хяналт шалгалт гаргаж байгаа шийдвэрт нөлөөлдөггүй" гэлээ.