УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төслийн танилцуулгыг хийсэн. Үүнтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Ерөнхий сайд хамгийн сайн халамж бол чанартай ажлын байр гэж хэллээ. Судалгаанаас харахад цар тахлын нөхцөл байдлаас болж иргэдийн амьдралын тэгш бус байдал эрс нэмэгдсэн зүйлүүд харагдаж байна. Орлого 20 хувиар буурсан байна. Иргэд өмнө цалингаа аваад 14 хонодог байсан бол одоо 2-3 хоноод дуусаж байна. 2022 оны төсөвт ажлын байрыг нэмэгдүүлэх асуудалд ямар бодлого барих вэ" гэж асуулаа.
Сангийн сайд Б.Жавхлан "Статистикийн ерөнхий газраас авсан статистикд 2019 онд өрхийн орлого 1,343,000 байжээ. Энэ жилийн II улирлын байдлаар 1,543,000 байна. Тэгэхээр өрхийн орлого буураагүй. " гэв.