УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төслийн танилцуулгыг хийсэн. Үүнтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг "Эрүүл мэндийн салбарын алба хаагчдын цалин хөлсний асуудал төсөвт хэрхэн сууж байгаа вэ? Ирэх жилийн төсөвт эрүүл мэндийн салбарын алба хаагчдын цалинг 20 хувиар өсгөх зүйл ярьж байсан. Энэ 2022 оны төсөвт суусан уу?
Төрийн өмчийн компаниудын асуудлыг яаж тусгасан бэ? Зарим төрийн өмчит компаниуд улсын төсөвт орлогоо төвлөрүүлээд төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар харьяалагдаад шийдвэрээ гаргаж байна. Зарим ТӨК-иуд орлого, зарлага нь яаж байгаа нь мэдэгддэгүй. Болохоо байхаараа төрдөө ханддаг. Эрдэнэс тавантолгой компани Улаанбаатар хотод орон сууцны хороолол барина гээд гарын үсэг цуглуулаад явж байна. Тийм их мөнгөтэй хэрэг үү" гэж асуулаа.
Сангийн сайд Б.Жавхлан "Эрүүл мэндийн салбарын төсвийн шинэчлэлийн цоо шинэ бүтэц явж байгаа. Ирэх онд мөн үргэлжилнэ. Энэ хүрээнд ирэх оны ЭМ-ийн салбарын үйлчилгээний зардлыг 376 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж байгаа. Энэ мөнгө эмнэлгүүддээ хуваагдаад очно. Эмнэлгийн удирдлагуудын зүгээс эмч, эмнэлгийн ажилтнууддаа цалинг гүйцэтгэлээр нь нэмэх бүрэн боломжтой болж байгаа" гэв.