Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шог гараа буюу эмэгтэйчүүдийн квот

Ангилал
Улс төр
Огноо
Унших
7 минут 59 секунд

УИХ-ын сонгуулийн санал хураалт болоход ердөө гуравхан сарын хугацаа үлдлээ. Улс төрийн намууд зохион байгуулалтад орж, сонгуулийн бэлтгэл ажлаа эхлүүлээд байна. тодруулбал, улсын төрийн ууган хүчин болох МАН өнөөдөр Бага хурлаа онлайнаар хийх бол Ардчилсан намынхан өнгөрөгч долоо хоногт Үндэсний бодлогын хорооны хурлаа мөн л онлайнаар хийв.

Тэгвэл парламентын дөрвөн жилийн хугацаанд сонгуультай холбоотойгоор хурцаддаг мөнхийн ганц сэдэв байдаг нь эмэгтэйчүүдийн квот. Тэр тусмаа Сонгуулийн хуулийг хэлэлцэж эхлэхээс намууд нэр дэвшигчээ тодруулах хүртэлх хугацаанд даашинзтай улстөрчид нам харгалзахгүй нэгдэж, эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлэх талаар боломжит бүхий л акцыг зохион байгуулдаг билээ.

Тэр ч утгаараа сүүлийн хоёр удаагийн сонгуульд эмэгтэйчүүдийн квотыг хуульчилж өгсөн байдаг. Гэхдээ энэ нь эмэгтэйчүүдэд нэр дэвших боломжийг олгосноос бус, УИХ-д энэ тооны суудал өглөө гэсэн үг биш юм.

Монгол Улс ардчилсан олон намын тогтолцоонд шилжсэн цагаас буюу 1992 оноос хойш нийт зургаан удаа УИХ-ын ээлжит сонгууль болж, нэгээс бусдыг нь мажоритар системээр явуулсан байдаг. Тодруулбал, 1992, 2008, 2012 оны сонгуулийг томсгосон буюу олон мандаттай 26 тойргоор, харин 1996, 2000, 2004, 2016 оны сонгуулийг 76 мандат бүхий жижиг 76 тойргоор зохион байгуулжээ.

Харин шинэ парламент бүрдэх бүрт эмэгтэйчүүдийн төлөөлөл эрх тэгш хангагдаж байсангүй. Сонгуулийн ерөнхий хорооны статистик мэдээллээс харахад 2000 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламентад есөн эмэгтэй гишүүнтэй байсан. Харин 2004 онд тав, 2008 онд гурав болж уруудав. Сонгуулийн цикль бүрээр үзүүлсэн энэ бууралтыг 2012 оны УИХ-ын сонгуулийн холимог тогтолцоо зогсоож, эмэгтэй гишүүдийн тоо 11-д хүрсэн юм. Өндөр амжилт үзүүлсэн бүсгүйчүүд албан бус бүлгийг байгуулан ажилласан. Энэ хэмжээний эмэгтэй гишүүдийг гаргаж ирэхэд пропорциональ тогтолцооны давуу тал голлон нөлөөлсөн юм. Тодруулбал, 2012 онд 544 нэр дэвшигчийн 174 нь эмэгтэй байж, үүнээс 11 нь эмэгтэй буюу 14.5 хувь нь сонгогдсон билээ. МАН гэхэд намын нэрийн жагсаалтдаа 10 эмэгтэйг эрэмбэлж, эхний аравт нь нэр дэвшигч Д.Сарангэрэл бүсгүйчүүдээ төлөөлөв. Харин Ардчилсан намаас есөн эмэгтэй жагсаалтад багтсанаас долдугаарт Р.Бурмаа, есдүгээрт М.Батчимэг, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн жагсаалтад долоон эмэгтэй багтсанаас мөн л долдугаарт З.Баянсэлэнгэ багтсаны ачаар парламентын босгыг давсан юм. Хэрэв ийнхүү намын жагсаалтын эхний аравт бичигдээгүй байсан бол, энэ удаагийн парламентад 11 эмэгтэй орж ирэх боломж бараг байхгүй.

Харин 2016 оны сонгуулийг жижиг мажоритар системээр явуулж, парламентад суух эмэгтэй гишүүдийн тоо нэмэгдэж, 13 болсон юм.

Энэ удаагийн буюу УИХ-ын 2020 оны сонгуулийг олон мандаттай 76 тойргоор явуулахаар болсон. Сонгуулийн тухай хуулийн 30.2-т “Нам, эвслээс нэр дэвшиж байгаа нийт нэр дэвшигчийн 20-оос доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байна” хэмээн заасан. Өөрөөр хэлбэл, улс төрийн хүчнүүд нийт нэр дэвшигчдийн 20 хувь нь эмэгтэйчүүд байх юм. Үр дүн хэрхэн гарахыг урьдчилан хэлэх боломжгүй юм. Учир нь намууд эмэгтэй нэр дэвшигчдийг “үхэл”-ийн тойрогт илгээдэг жишиг бий. Тодруулбал, сонгуулийн үр дүн нь тодоос тод харагдах цэнхэртсэн тойрогт Ардын намынхан эмэгтэй нэр дэвшигчдийг илгээдэг бол

Ардчилсан намынхан улаан тойрогт мөн л эмэгтэй нэр дэвшигчээ илгээдэг юм. Тэгвэл сонгуулийн тогтолцооноос үл хамааран бусад улс орон эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах болон улс төрийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд олон арга хэмжээ авч хэрэглэдэг юм байна.

Тухайлбал Кыргыз квотын нэрийн жагсаалтад дараалал ямар чухал болохыг Кыргызийн жишээнээс тод харж болно. 2005 онд Кыргызийн парламентын бүх гишүүн эрэгтэй байсан гэдэг. Харин тус улс Үндсэн хуульдаа эрэгтэй, эмэгтэй хүмүүст тэгш эрх, боломж олгосон заалтыг нэмж тусгасан. Харин сонгуулийн хуульдаа жагсаалтад бүртгэгдсэн аль нэг хүйсийн төлөөлөл 30 хувь байхыг тусгажээ. Тэгэхдээ эрэгтэй, эмэгтэй нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтанд “гурав-нэг” гэсэн дарааллаар буюу нэг хүйсийн гурван нэр дэвшигч тутмын дараа заавал нөгөө хүйсийн нэр дэвшигч байхаар заажээ. Энэ байдлаар тусгаагүй намын нэр дэвшигчийн жагсаалтыг сонгууль зохион байгуулах эрх бүхий байгууллагаас буцаадаг болжээ. Үүний үр нөлөө даруй гарч 2007 оны сонгуулиар 23 эмэгтэй сонгогдож, Кыргызийн парламентад эмэгтэйчүүдийн эзлэх хувь 25,6 хувь болсон байна. Энэ үзүүлэлтээрээ Кыргыз улс Төв Азийн улсууд дотроо эмэгтэйчүүдийн төлөөллөөр тэргүүлэгч улс болжээ.

Тэгвэл Латин америкийн Аргентин улс сонгуулийн хуульдаа эмэгтэйчүүдийн квотыг 30 хувь байхаар хуульчилж, 2-4 дүгээр байрлалын хооронд нэг эмэгтэй, 5-9 дүгээр байрлалд хоёр эмэгтэй, 9-11 дүгээр байрлалд гурван эмэгтэй гэх мэтээр зааж өгсөн байна. Үүний үр дүнд тухайн үедээ буу 2003 онд сонгогдсон нийт төлөөлөгчдийн 34 хувь нь эмэгтэйчүүд болжээ.

Улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралын сайн загвараар дэлхийд тэргүүлдэг Скандиновын орнуудаас Шведийг энд онцолъё. Квотын хувь өндөр байх тусам нэр дэвшигчийг сөөлжүүлэн байрлуулах боломжтойг тус улсын жишээ харуулна. Тодруулбал нэг эрэгтэй-нэг эмэгтэй гэсэн зарчим тэнд үйлчилдэг байна. Ингэснээр зөвхөн хууль тогтоох бус шийдвэр гаргах бусад түвшинд ч эмэгтэйчүүд адил, тэгш оролцож чаддаг юм.

Тэгвэл Монголын улс төрийн хүчнүүд эмэгтэйчүүдийн квотыг хуульд заасан тоонд хүргэсэн гэх нэр зүүгээд өнгөрөх үү. Зөвхөн нэр дэвшүүлсэн төдийгөөр орхивол парламент дахь эмэгтэйчүүдийн квот цаасан дээр шарлаж үлдэх магадлалтай. Нэг жишээ дурдахад, сонгуулийн тухай хуульд тусгаагүй ч эмэгтэйчүүдээ квотоор дэмжих оролдлогыг Ардчилсан нам дотоод журмаараа 2008 онд хийж байсан. Ардчилсан намаас нийт нэр дэвшигчийн 15 хувь нь эмэгтэй байхаар зохицуулсан ч, тухайн жилийн УИХ-д тус намын төлөөлж нэг ч эмэгтэй суугаагүйг сануулъя. Үнэндээ намынх нь рейтинг сул, өрсөлдөгч намын нэр дэвшигч хэт хүчтэй… гэх мэт хүчин зүйлүүдээс эмээсэн тойрог руу бүсгүйчүүдээ илгээсэнд хамаг учир байгаа юм. Яг ийм шог гарааг улс төрийн хүчнүүд удахгүй болох сонгуульд ашиглахыг үгүйсгэхгүй.

АНУ-ын  сенатын гишүүдээс Ковид-19 илэрчээ
АНУ-ын сенатын гишүүдээс Ковид-19 илэрчээ
 
Л.Мөнхбаясгалан: Сайд Л.Энх-Амгалангийн төсөл гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлалтгүй тогтоохоор заажээ. Ар хударгаар  батлуулахаар зэхэж байна
Л.Мөнхбаясгалан: Сайд Л.Энх-Амгалангийн төсөл гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлалтгүй тогтоохоор заажээ. Ар хударгаар батлуулахаар зэхэж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.