"Үхрийн сүүлэнд хутга" гэдэгтэй адил өнгөрөгч оны төгсгөлд Засгийн газар 16 дэд сайдын томилгоог хийж байв. Гэвч энэ томилгоо ердөө дөрвөн сарын настай байлаа. Тухайн үедээ Ерөнхий сайдын зүгээс дэд сайд нар салбартаа шинэчлэл хийх, тухайлсан төсөл хөтөлбөрүүдийг хариуцна гэх сүржин даржин мэдэгдлийг хийж байсан боловч улс төрийн нөхцөл байдалд энэ үг "дарагдав".
Ерөнхий сайд Н.Учралын хувьд томилогдсоныхоо дараагаар ерөнхий чиг үүргийн яамдын дэд сайд нарыг цомхотгохгүй гэж мэдэгдсэнээр зургаан дэд сайд үргэлжлүүлэн ажлаа хийхээр болсон юм. Ийнхүү ах нарын хатуу "тоглоом"-д 16 дэд сайдаас 10 нь өртөж, дэд сайд гэх гуншингаасаа салж ёстой л "Зэрэг нэмэхийн өмнө" гээч нь болж хоцров.
-Ерөнхий сайдын "ЕРӨНХИЙ ЗУРГАА"-
Юун түрүүнд Н.Учралын Засгийн газарт улиран ажиллаж буй зургаан дэд сайдтай танилцъя. Тэднийг ерөнхий чиг үүргийн сайдууд тул үлдээсэн нь энэ юм.

Сангийн дэд сайд Б.Хулан /Тэрбээр Люксенбургийн их сургууль төгссөн ба олон улсын мэргэшсэн банк санхүүгийн шинжээч мэргэжилтэй нэгэн. Мэргэжлээрээ 14 жил ажилласан туршлагатай бөгөөд үүнээс эх орондоо 7 жил ажилласан. HSBC санхүүгийн ахлах шинжээчээр ажиллаж байсан нэгэн. Б.Хулан нь 2021-2025 онд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд Ахлах шинжээчээр ажиллаж байв/
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ /Түүний хувьд ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргаар ажиллаж эхлээд удаагүй байх үедээ дэд сайдын албан тушаалын саналыг хүлээж авсан байдаг. Д.Мөнх-Эрдэнэ нь Нийслэлийн Засаг даргын орлогчоос гадна болон ХЗДХЯ-наас ажлын гараагаа эхэлсэн нэгэн/
Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин /Түүний хувьд энэ салбарын нэгэн бөгөөд Гадаад харилцааны яаманд 22 жил ажилласан нэгэн. Мөн 2021 онд Ерөнхийлөгчийн Тамгын газрын Бодлого хэрэгжилтийн газрын даргаар ажиллаж байгаад 2022 оны нэгдүгээр сард МОНЦАМЭ агентлагийн даргаар томилогдож байжээ. Гэвч мөн оны арваннэгдүгээр сард Гадаад харилцааны дэд сайдаар томилогдон ажиллаж байгаад эрхэлж байсан юм/
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Б.Мөнхтамир /Түүний хувьд МИАТ ТӨХХК-ыг удирдаж байгаад ажлаасаа чөлөөлөгдөөд удаагүй байхдаа дэд сайдын албан тушаалд очсон. Тэрбээр COP 17- ложистик, зохион байгуулалт, гадаад харилцаа, хэлний мэдлэг, менежмэнт, "Тэрбум Мод" төслийн хэрэгжилт болон уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг хариуцан ажиллаж буй/
Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба /Бригадын генерал. Цэргийн ухааны доктор. Кибер аюулгүй байдлын командлагч. Түүний хувьд Зэвсэгт хүчний жанжин штабын анги нэгтгэлийн мэргэжилтнээс ажлын гараагаа эхэлсэн ба 2023 оны наймдугаар сард Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөхөөр томилогдож байв/
Эдийн засгийн хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн /АНУ-ын Нью Хэмпширийн их сургуулийн Эдийн засгийн ухааны доктор. Салбартаа 29 жил тасралтгүй ажиллаж буй нэгэн бөгөөд 2016-2019 онуудад Санхүүгийн зохицуулах хорооны даргаар ажиллаж байсан. Ингэхдээ 2019 онд ФАТФ-ын саарал жагсаалтад орсонтой холбоотойгоор хариуцлага тооцуулсан албан тушаалтнуудын нэг болж, Санхүүгийн зохицуулах хорооны даргын ажлаа өгсөн байдаг.
Тэгвэл улс төрийн шуурганаар ах нараа албан тушаалд хүргэчхээд "гудамжинд" гарсан дэд сайдыг эргэн саная. Начир дээрээ "цомхтгол"-д орохоо ч мэдэхгүйгээр ажилдаа орсон тэд дэд сайдын албан тушаалаас өмнө ямар ажил, карьерыг золив. Нөгөө талдаа ажиллах хугацаандаа ямар асуудлууд дээр гол төлөв төвлөрч, хэр үр дүнтэй ажилласан гээд зарим асуудлыг "хөөе"
-Эрчим хүчний дэд асан С.Далхаасүрэн-

С.Далхаасүрэн нь Эрчим хүчний дэд сайдын ажлаа хүлээж авах үедээ УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны даргаар 6 жил ажилласан туршлагыг хуримтлуулаад байсан юм. Түүнээс өмнө тэрбээр Улаанбаатар хотын Гаалийн газрийн орлогч дарга, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын зөвлөхөөр 2 удаа, Засгийн газрын Худалдан авах ажиллагааны газарт хэлтсийн дарга зэрэг төрийн болон улс төрийн ажлын туршлагатай байсан гэдгээрээ Эрчим хүчний дэд сайдын шалгуурт "тэнцэж", ажилдаа орсон.
Дэд сайдаар ажиллах хугацаандаа гол төлөв эрчим хүчний хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүд болон үйлдвэрлэлийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангах болон удирдлага зохион байгуулалтын чиглэлээр үүрэг даалгавар өгч ажиллаж байв. Түүнчлэн ажиллах хугацаандаа “Хэрэглэгчийн сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээс үйлдвэрлэсэн эрчим хүчийг түгээх сүлжээнд нийлүүлэх журам”-ыг шинэчлэн батлуулсан юм. Тус журмаар ахуйн хэрэглэгч нь 20 кВт болон түүнээс доош хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрийг түгээх сүлжээнд холбоход нийт зөвшөөрөл авахад шаардагдах хугацаа ажлын 11 хоногоос хэтрэхгүй байхаар зохицуулалт хийгдсэн нь төрийн хүнд суртлыг бууруулж, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхэд чухал дэмжлэг болсон юм.
-Зам тээврийн дэд сайд асан Г.Ганболд-

УИХ-ын гишүүн асан Г.Ганболд. Түүний хувьд 2024 оны УИХ-ын сонгуульд "өвдөг шороодсон". Ингэхдээ энэ оны нэгдүгээр сараас Монгол Улсын Ерөнхийлөгчийн хот, хөдөөгийн бодлого хариуцсан зөвлөхөөр ажиллаж эхлээд байсан юм.
Г.Ганболдын хувьд дэд сайдаар ажиллах хугацаандаа төмөр замын газар, Зам, тээврийн яамны Салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын хамтарсан шалгалт, аудитыг үе шаттайгаар хийнэ. Шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг нэн даруй арилгаж, дотоод журам зөрчсөн, ёс зүйн алдаа гаргасан зарим албан тушаалтанд холбогдох хариуцлага тооцон, ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авна гэдгээ мэдэгдэж байсан юм.
Мөн ажлаа өгөхийн өмнөхөн ОХУ-ын Санкт-Петербург хотноо зохион байгуулагдсан “Олон улсын тээвэр, логистикийн форум”-ын хүрээнд Оросын Холбооны Улсын Тээврийн яамны дэд сайд Дмитрий Станиславович Зверевтэй уулзаж, Монгол, Орос, Хятадын “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хүрээнд төмөр замын “Төв” коридорын техник, эдийн засгийн үндэслэлийг нэгтгэх тухай гурван талт уулзалтыг ойрын хугацаанд товлохоор тохиролцолд хүрээд байсан юм.
-Гэр бүл, нийгмийн хамгааллын дэд сайд асан Б.Солонгоо-

Б.Солонгоогийн хувьд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд, ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргаар ажиллаж байсан нэгэн. Ийнхүү үргэлжлүүлэн Г.Занданшатарын Засгийн газарт дэд сайдаар ажиллах санал авсан нь энэ байв. Түүний хувьд Нийгмийн даатгалын шинэчлэл, Гэр бүлийн хууль, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хууль эрхзүйн шинэчлэлийн асуудал дээр төвлөрч ажиллаж байв.
Тухайлбал, Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны 2026 оны 02 дугаар тогтоолоор “Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны Улсын хэлэлцээр”-ийн төслийг боловсруулах чиг үүрэг бүхий нийгмийн түншлэлийн хамтарсан ажлын хэсгийг тэрбээр ахалж байсан бөгөөд "Улсын хэлэлцээр”-ийн төслийг боловсруулаад байсан юм.
-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд асан Б.Нямжав-

Хуульч, эрх зүйч мэргэжилтэй түүнийг дэд сайдаар томилогдох үед багагүй хэл ам, шүүмжлэл дагуулсан. ХЭГ-ийн хууль эрх зүйн шинжээчийн ажлаас ажлын гараагаа эхэлсэн. Манлай уяач. Тэрбээр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөхөөр ажиллаж байх үедээ дэд сайдаар томилогдох саналыг хүлээн авсан байдаг.
Түүний хувьд Цагаан алт, Хүнсний хувьсгал зэрэг томоохон төсөл хөтөлбөрүүдийг хариуцан ажиллахаар ажилдаа ороод байсан юм.
-Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд асан Б.Энхтүвшин-

Татварын эдийн засагч мэргэжилтэй түүний хувьд Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр ажиллаж байсан нэгэн. 1992-2013 оныг дуустал 21 жил татварын салбарт ажилласан төрийн ажлын туршлагатай. Түүний хувьд хамгийн сүүлд буюу 2017-2025 он хүртэл “Буянт богд трейд” ХХК-ийн захирлаар ажиллаж байв.
Дэд сайдаар ажиллах хугацаандаа Оюутолгойн татварын асуудал болон шатахуун тасралтгүй нийлүүлэх асуудлыг хариуцан ажиллаж байсан юм. Энэ хугацаанд түлш шатахууны асуудал хурцаар хөндөгдөж байсан бөгөөд тэрбээр долоо хоног бүрийн нөхцөл байдлаа олон нийтэд мэдээлж байв.
-Аялал жуулчлал, соёл, спорт, залуучуудын дэд сайд асан Г.Дашням-

“JET"-ээр нь түүнийг олон нийт мэднэ. Г.Дашнямын хувьд Лондон хотын Америкийн ОУ-ын Их сургуулийг бизнесийн удирдлагаар төгссөн нэгэн бөгөөд Монголын Үндэсний Олимпын хорооны гишүүнээр ажиллаж, Жю Жи Цү холбооны Ерөнхийлөгч, Чөлөөт бөхийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Монгол Үндэсний хөлбөмбөгийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн байсан юм.
2024 оны УИХ-ын сонгуульд өвдөг шороодсон тэрбээр сонгуулийн дараахнаас Нийслэлийн Засаг даргын Төр, хувийн хэвшлийн түншлэлийг хариуцсан зөвлөхөөр ажиллаж эхлээд байсан юм.
Тэрбээр дэд сайдаар ажиллах хугацаандаа эл салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагаа чиглэлд анхаарч байв. Хамгийн сүүлд л гэхэд, тэрбээр Оросын Холбооны Улсын Спортын сайд Михаил Владимирович Дегтяревтой уулзаж, “Монгол Улс, Оросын Холбооны Улс хооронд Биеийн тамир, спортын салбарт 2026-2028 онд хамтран ажиллах арга хэмжээний төлөвлөгөө”-нд гарын үсэг зурсан байдаг.
-Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны дэд сайд асан Г.Баярхүү-

МАН-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар ажиллаж байсан Г.Баярхүү нь 2024 оны УИХ-ын сонгуульд жагсаалтын 29 дүгээрт бичигдэж байв. Гэвч парламентад багтаж чадаагүй. Харин түүнд ирсэн дараагийн алба нь дэд сайдын албан тушаал байсан юм.
Түүний хувьд өмнө И Монголиа төслийн ажлын хэсгийг хариуцан ажиллаж байсан ба Цахим үндэстэн төслийн хэрэгжүүлэгч.
Тэрбээр дэд сайдаар ажиллах хугацаандаа цахим шилжилтийг эрчимжүүлж, төрийн бодлогын хэрэгжилтийг илүү шуурхай хэрэгжүүлэх чиглэлд бодлого тодорхойлон анхаарч ажиллаж байв.
-Эрүүл мэндийн Дэд сайд асан Г.Номин-

Г.Номин нь Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын Халдварт бус өвчний хэлтэс, Амны хөндий, нүд, сонсголын эрүүл мэнд хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа дэд сайдын албан тушаалд томилогдсон юм. Түүний хувьд нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр 13 төслийг санаачлан, амжилттай хэрэгжүүлсэн гэдэг.
Дэд сайдаар ажиллах хугацаандаа эрүүл мэндийн даатгалын тогтолцооны шинэчлэлийг гардан боловсруулах үүргийг хүлээгээд байсан юм.
-Боловсролын дэд сайд асан Д.Гантулга-

Д.Гантулгын хувьд Боловсролын сайд П.Наранбаярын зөвлөхөөр ажиллаж байх үедээ дэд сайдын албан тушаалд томилогдсон. Тухайн үед ХҮН намын ЕНБД-аар ч томилогдсон байдаг. Ямартай ч Д.Гантулгын хувьд дэд сайдаар ажиллах хугацаандаа орон нутагт хэд хэдэн уулзалтуудыг хийж, 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан салбарын бодлого, зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хүргэх, санал бодлыг нь сонсож ажилласан байдаг.
Мөн түүнчлэн 16 хүртэлх насны хүүхдийн нийгмийн сүлжээ ашиглахыг хязгаарлах хуулийн төслийг хаврын чуулганаар өргөн барихаар бэлтгэж байв.
-Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын дэд сайд асан С.Энхболд-

Түүний хувьд 2012-2016 онд Монгол Улсын их сургуулийг Хуульч, эрх зүйч мэргэжлээр суралцаж төгссөн бөгөөд 1995-2001 онд “Мон-Ази” ХХК-д Арилжааны диллер, 2001-2004 онд “Мифф” ХХК-ийн захирал, 2004-2012 онд “МНМТ” ХХК-ийн захирал, 2012-2024 онд “Материал Импэкс” ХК-ийн Дэд захирлаар ажиллаж байсан аж. Харин 2024 оноос УИХ-ын гишүүн, БОУАӨ-ийн сайд Б.Батбаатарын орон тооны зөвлөхөөр ажиллаж байгаад дэд сайдын албан тушаалд очжээ.
С.Энхболд нь дэд сайдаар ажиллах хугацаандаа тус салбарт хэрэгжиж буй хот байгуулалтын төслүүд дээр төвлөрч байсан бөгөөд энэ хугацаанд сайдын хамтаар орон нутагт ажиллаж яваа талаар мэдээлэл ихээр гарч байв.
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!