Т.Цэвэлням: Нярайн шарлалт хүндэрч, насан туршийн саажилттай болсон хүүхдийн тоо НЭМЭГДСЭЭР байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
8 минут 42 секунд

Нярайн шарлалтын талаар "ZINT clinic" эмнэлгийн хүүхдийн эмч Т.Цэвэлнямтай ярилцлаа.

Дэлхий даяар жил бүр 100 мянган төрөлт тутамд 1300-1500 хүүхэд нярайн шарлалтын улмаас нас бардаг гэх эмзэглэм үзүүлэлт бий. Тэгвэл түүнээс ч олон хүүхэд уг өвчний хүндрэлээр хөгжлийн бэрхшээлтэй буюу саа, саажилттай болдог нь олон улсын эрдэмтдийн санааг байнга зовоосоор иржээ.

-Нярайн шарлалт гэж юу вэ гэдгээс ярилцлагаа эхэлье?

-Нярайн шарлалт гэдэг нь цусан дах билирубины хэмжээ ихэссэнээр арьс салст шарлах байдлаар илэрдэг эмгэгийг хэлнэ. Шарлалт нь физиологийн шарлалт болон эмгэг шарлалт гэсэн 2 хэлбэрээр явагддаг. Физиологийн шарлалт нь амьдралын эхний 2-3 хоногт үүсэх бөгөөд энэ нь элэг бүрэн хөгжөөгүйтэй холбоотой. Ямар нэг эмчилгээ шаардлагагүй 7-14 хоногийн дараа өөрөө аяндаа арилна. Эмгэг шарлалт нь амьдралын эхний 24 цагийн дотор шарлах, мөн эх хүүхдийн цусны бүлгийн үл тохироо, эхийн арахг хууч өвчин, ургийн халдвар, элэгний үрэвсэлт өвчин, цөсний замын гаж хөгжил зэрэг эмгэгүүдээс шалтгаалан шарлалт эмгэг байдлаар явагдаж болдог.

-Нярайн шарлалтын шалтгаан юу вэ?

-Нярайд цусны улаан эсийн задралаас билирубин гэдэг нөсөөт бодис үүсдэг. Нярай уушгиараа амьсгалах болсонтой холбоотойгоор хүчилтөрөгч зөөвөрлөх их хэмжээний улаан эсийн хэрэгцээ байхгүй болдог. Ингэснээр улаан эсийн задрал их хэмжээтэйгээр явагддаг. Улаан эсийн задрал нь насанд хүрэгчдээс ч илүү эрчимтэй явагддаг бөгөөд тэр задралаас үүссэн билирубиныг бүрэн шүүх элэгний үйл ажиллагаа бүрэн хөгжөөгүйгээс билирубины илүүдэл болж шарлалт үүсэх шалтгаан болдог.

-Шинэ төрсөн хүүхдүүдийн хэдэн хувь нь шарлалттай төрдөг вэ?

-Гүйцэт нярайн 60 хувь, дутуу нярайн 85 хувь нь шарладаг.

-Нярайн шарлалт нь хөхөөр хооллохтой холбоотой юу?

-Хүүхэд хөхөө маш сайн хөхөж, шээс, баас сайн гарах тусам шарлалт сайн буудаг. Хөхний сүүтэй холбоотой 2 төрлийн шарлалт байдаг.

  1. Хөхөөр хооллолтын шарлалт: Ихэвчилэн төрсний дараах 4-7 хоногт илэрдэг. Гол шалтгаан нь хөхөө хангалттай сайн хөхдөггүй, үүний улмаас жингээ алдах, шингэн дутагдсанаас билирубины хэмжээ нэмэгддэг.
  2. Хөхний сүүний шарлалт: 1 долоо хоногтоос хойш илэрдэг. Энэ үед хүүхэд хөхөө сайн хөхдөг, жингээ сайн нэмдэг боловч шарлалт нь удаан 12 долоо хоног хүртэл үргэлжилдэг. Энэ үед хөхний сүүг түр зуур нэмэлт сүүгээр солиход билирубин буурдаг. Хөхний сүүний шарлалт дийлэнхдээ хүүхдийн эрүүл мэнд, амь насанд ноцтой өөрчлөлт үлдээдэггүй.

-Шарлалт ихтэй байгааг нь ээжүүд мэдэхгүйгээр хүндрүүлэх тохиолдол хэр их байдаг вэ?

-Байдаг. Шарлалтын хамгийн ноцтой хүндрэл бол тархи гэмтэх юм. Хүүхдээ өндөр шарлалттай байгааг анзаарахгүй удаах, нярайн аюултай шинжийн талаар мэдлэг дутмаг байдлаас үүдэн тархи гэмтэх эрсдэлтэй.

-Шарлалт хэт ихсэж хүндэрч байгааг ээжүүд хараад мэдэх боломжтой юу?

-Боломжтой. Төрөөд эхний 24 цаг дотор арьс салст шарлах, гарын алга хөлийн ул шар байх, хэт унтаарах, эсвэл огцом цочромтгой болох, нь хүнд шарлалт явагдаж байгааг илтгэнэ. Ийм тохиолдолд заавал эмчид хандан тохирсон эмчилгээг эрт эхлэх хэрэгтэй байдаг.

-Хүндэрвэл хүүхэд саажилттай болдог гэсэн энэ талаар мэдээлэл өгөөч?

-Шарлалтын хамгийн аюултай хүндрэл нь тархины гэмтэл байдаг. Тархины гэмтэл нь амьдралын эхний 7-14 хоногт илэрдэг бөгөөд хүүхэд хөхөндөө муудах, унтаарах эсвэл байнга уйлах, хэт цочромтгой байх зэрэг нь хүндэрч буйг илтгэнэ. Эрт оношлон зөв тохирсон эмчилгээг хийсэнээр бид энэхүү хүндрэлээс сэргийлэх бүрэн боломжтой.

-Шарлалтаас үүдэж саажилт эмчлэгдэх үү. Эсвэл насан туршийнх болоод үлдэх үү?

-Эмчлэгдэхгүй. Байнгын асаргаа сувилгаа, сэргээн засах эмчилгээ шаардагдана.

-Шарлалт удаан явцтай хүндэрсэн хүүхэд болгон тархины гэмтэлтэй болох уу?

-Үгүй ээ. Аюул нь “удаан үргэлжилсэн”-д биш, харин маш эрт эхэлсэн, маш өндөр түвшинд хүрсэн, дутуу нярайд илэрсэн тохиолдолд илүү өндөр байдаг.

-Нярайн шарлалт арилахгүй бол эм өгдөг шүү дээ. Багаас нь ингэж эм өгөх нь хэр зохимжтой бол. Өөр эмчлэх арга байгаа болов уу?

-Шарлалтанд эм уулгах нь үндсэн эмчилгээ биш. ЭМС-н 2023 оны А/93 тушаалын дагуу цус солих болон фото эмчилгээ гэсэн 2 төрлийн эмчилгээ байдаг. Цус солих эмчилгээг эмнэлэгийн нөхцөлд нярайн эмчийн хяналтанд хийдэг. Фото эмчилгээг тухайн нярайг анх үзсэн эмч үнэлэн нярайн нас, тээлтийн хоног, билиметр аппаратаар хэмжихэд хэд байгаагаас шалтгаалан фото эмчилгээний босго үзүүлэлтүүдийг харьцуулсаны үндсэн дээр хийх эсэхийг шийддэг. Фото эмчилгээний гол үйлчлэл нь билирубиныг баастай хамт гадагшлуулахад хялбар төлөвт оруулдаг.

-Зарим хүүхэд фото аппаратад орсон ч шарлалт нь буурахгүй байдаг. Энэ нь юутай холбоотой вэ?

-Энгийн болон эрчимжүүлсэн фото эмчилгээ гэсэн 2 төрөл байдаг. Энэ нь гэрлийн цацралтын нөлөөгөөр билирубины тосонд уусдаг хэлбэрийг усанд уусдаг хэлбэр лүү шилжүүлэн шарлалтыг бууруулдаг. Сайн чанарын FDA-р баталгаажсан аппарат шарлалтыг үр дүнтэй буулгана. Нэгэнт үүссэн шарлалтыг тодорхой хэмжээгээр бууруулан тархи гэмтэх эрсдэлээс л сэргийлж байгаа гэсэн үг. Шарлалт буцаад багаар нэмэгдэж болно. Хянуулах л чухал. Харин шарлалт шинээр үүсэхээс фото эмчилгээ хамгаалахгүй.

-Эцэг эхчүүдийн гаргадаг хамгийн том алдаа юу вэ?

-Унтаад байна гээд хөхөө өгдөггүй, эсвэл олон цагийн дараа хөхүүлдэг. Нярай хүүхэд амьдралын эхний хоногуудад хоногт 16-18 цаг унтдаг. Энэ үед хүүхдийг 2-3 цагийн зайтай сэрээж хөхүүлнэ. Шарлалтын үед хөхөө сайн хөхөх, баас шээсний гарцыг маш сайн хянах нь чухал байдаг.

-Хүүхэд нь шарлалттай үед ээжүүд юун дээр анхаарах вэ?

-Хооллолт хамгийн чухал. Ойр ойрхон хөхүүлнэ, живхийг солих бүрт баасны шээсний гарцыг хянана. Өөрөөр хэлбэл 5 хоногтой хүүхэд өдөрт 5 живх солих нь дундаж гэсэн үг. Мөн нярайд илрэх аюултай шинжийг эх хүүхдийн дэвтэрээс уншиж танилцсан байх ёстой бөгөөд тэдгээр шинж тэмдэгээс аль нэг шинж илэрвэл заавал эмчид хандах шаардлагатай байдаг.

-Шарлалтаас урьдчилан сэргийлэхийн тулд эцэг эхчүүд юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Жирэмсний хяналтанд эрт орох, мөн төрөөд хамгийн чухал нь ангир уургийг эрт амлуулна. Мөн баас шээсний гарц хэр байгааг ажиглах нь чухал. Баас шээсний өнгө хэвийн бус цагаан баах, хар цай шиг өтгөн шээх, хэт цочромтгой, эсввэл хэт унтаархаг болох шинж ажиглагдвал заавал эмчид хандана.

-Шарлалтыг эмчлэх эмнэлзүйн удирдамж шинэчлэгдсэн үү?

-2023 онд ЭМС-н А/93 тушаал буюу Монгол улсад нярайн шарлалтын оношлогоо эмчилгээний удирдамж шинэчлэгдэн ОУ-д нилээн ойртсон. Энэхүү удирдамжын дагуу шарлалтын оношилгоо эмчилгээ хийгдэж байна.

НШШГГ-ын алба хэлтсүүд 9 дүүрэг, Нэг цэгийн төвүүдэд шилжин ажиллана
НШШГГ-ын алба хэлтсүүд 9 дүүрэг, Нэг цэгийн төвүүдэд шилжин ажиллана
 
Улаанбаатарт 10 хэм дулаан
Улаанбаатарт 10 хэм дулаан
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!