АУДИТ: Төрийн өмчийн компаниуд ажилчдын цалинг илүү болон давхардуулж олгох, төсвийг зориулалтын бусаар зарцуулах зөрчлүүдийг ихээр гаргажээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
11 минут 32 секунд

Үндэсний Аудитын газраас Засгийн газрын тусгай сангуудад хийсэн шалгалтаар илэрсэн санхүүгийн зөрчлүүдийг бид онцлон хүргэсэн. Харин энэ удаад Төрийн өмчит компаниудын санхүүгийн үйл ажиллагаанд илэрсэн зөрчлүүдээс онцлон хүргэж байна.

“Эрдэнэс Оюу толгой” ХХК

"Эрдэнэс Оюу толгой" ХХК нь 2024-2028 оны дунд хугацааны стратеги төлөвлөгөөг боловсруулан "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөр батлуулаагүй байна.

Компани нь өмнөх онд үүссэн 33 сая 860 мянган төгрөгийн хугацаа хэтэрсэн өглөг үүсгэсэн, тайлант хугацаанд 50 сая төгрөгөөр тус өр төлбөрийг нэмэгдүүлсэн байна.

Ажилтны ээлжийн амралтын мөнгийг цалинтай давхардуулж 12 ажилтанд нийт 36 сая 976.5 мянган төгрөгийг олгосон байна.

Үндсэн хөрөнгийн дансанд бүртгэлтэй ашиглалтын хугацаа дуусаж, элэгдлээрээ анхны өртгөө бүрэн нөхсөн боловч ашиглагдаж байгаа 53 ширхэг 111 сая 881.8 мянган төгрөгийн үнэ бүхий хөрөнгийг бодит үнэ цэнээр нь дахин үнэлж бүртгээгүй байна.

Худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгаагүй, нийт 285 сая төгрөгийн гүйлгээг 12 цахим сайт, 7 телевиз нийт 19 аж ахуй нэгжтэй гэрээ байгуулан хийж, 17 аж ахуй нэгжтэй гэрээ дүгнэсэн акт үйлдээгүй гэрээний хэрэгжилт тодорхой бус байна.

Иргэн З.Базаргүртэй 2025 оны 02 дугаар сарын 03-наас 12 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд санхүүгийн зөвлөх, хуулийн зөвлөх, аман орчуулгын үйлчилгээ үзүүлэх 3 тусдаа гэрээг нэг цагийн хөлсийг 630.8 мянган төгрөгөөр тооцон нийт 67 сая 593.5 мянган төгрөгийн үнийн дүнтэйгээр байгуулсан байна. Уг гэрээнүүдийг зах зээлийн жишиг үнээс харьцангуй өндөр үнээр байгуулсан байна.

Компанийн төлбөрийн чадварыг илэрхийлэх санхүүгийн үзүүлэлтүүдийн зохистой харьцаа алдагдсан байгааг анхаарах талаар өгсөн өмнөх аудитын зөвлөмжийн хэрэгжилт хангалтгүй, тайлант хугацаанд үндсэн зээл болон хуримтлагдсан хүүгийн төлбөр нь 12 тэрбум 736 сая 324.3 мянган төгрөг болж нэмэгдсэн байна.

“Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК

Аудитаар илэрсэн дараах асуудлууд компанийн удирдлага болон дээд шатны төсөв захирагч анхаарлаа хандуулах шаардлагатай байна. Үүнд:

• Газрын тосны боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийн тодотголд EPC 02 болон EPC 03 багц ажлуудыг 2026 оны сүүлчээр дуусахаар тооцсон байна. Гэсэн хэдий ч гүйцэтгэгч болон захиалагчаас үл хамаарах, зээлийн шугамд хамруулах процесс удаашрах, урьдчилгаа төлбөр олон сараар саатах зэрэг санхүүгийн болон зохицуулалтын шинжтэй хүндрэлүүдээс шалтгаалан ажлын явцад хоцрогдол гарч одоогийн нөхцөл байдлаар 2027 онд дуусах хандлагатай байна.

"Монголиан транс ложистик" ХХК-аас авах төмөр зам ашигласны төлбөртэй холбоотой үүссэн 688.1 сая төгрөгийн авлага, батлан хамгаалах яамтай байгуулсан газрын тосны үйлдвэрийн хотхоны 95 айлын орон сууц барих гэрээний урьдчилгаа төлбөр 2,058.2 сая төгрөг нийт 2,746.3 сая төгрөгийн авлагыг барагдуулах арга хэмжээг хэрэгжүүлээгүй хугацаа хэтэрсэн авлага үүсгэсэн байна. Энэ нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6-д “анхан шатны баримтын үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна”, 20 дугаар зүйлийн 20.2.6-д “хөрөнгийн болон төлбөр тооцооны тооллого хийх, үр дүнг шийдвэрлэх, бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагчтай тооцоо хийж, үлдэгдлийг баталгаажуулж, баримтжуулах ажлыг зохион байгуулах, удирдах” гэж заасныг хэрэгжүүлж ажиллаагүй байна.

• Эрдэнэс Монгол ХХК-аас Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ХХК-д олгосон урт хугацаат зээл болон хүүгийн өглөгийн үлдэгдэл 2025 оны эцэст 1,296,015.2 сая төгрөг хүрч, компанийн нийт өр төлбөрийн 85.6 хувийг бүрдүүлсэн байна. Тайлант оны зээлийн хүүгийн зардал 27,631.4 сая төгрөг болж 62,699.2 сая төгрөгийн алдагдалтай ажиллахад нөлөөлжээ. Компани нь хүүгийн зардлыг бууруулах талаар арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй байна.

Энэ нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Нягтлан бодох бүртгэлийг удирдан зохион байгуулах үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага хүлээнэ”, 20 дугаар зүйлийн 20.2.5-д “дансны өглөг, авлага ба төлбөрийн тооцоог хянах, ажил, гүйлгээг гарахаас нь өмнө хянан, баталгаажуулах”, 20.2.6-д “эд хөрөнгийн болон төлбөр тооцооны тооллого хийх, үр дүнг шийдвэрлэх, бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагчтай тооцоо хийж, үлдэгдлийг баталгаажуулж, баримтжуулах ажлыг зохион байгуулах, удирдах”, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 16-д "Төрийн өмчит, төрийн өмч давамгайлсан хуулийн этгээд нь санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авсны үндсэн дээр зээл авч, үнэт цаас гаргана", 20-д "Энэ зүйлийн 16-д заасан зөвшөөрөлгүйгээр төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан хуулийн этгээд нь зээл авах, үнэт цаас гаргахыг хориглоно" гэж заасантай тус тус нийцэхгүй байна.

Хөгжлийн банк

-Ажилтнуудад урамшуулал олгохдоо урамшуулалт цалинд хамрагдах болзол хангаагүй 8 ажилтанд 27.8 сая төгрөгийг олгосон.

-Тайлант онд 12 ажилтны цалинтай чөлөөтэй, албан томилолттой, өвчтэй байсан хугацаанд хоол, унааны хөнгөлөлт 3.7 сая төгрөг олгосон.

-Ээлжийн амралтыг биеэр эдлээгүй ажилтнуудад амраагүй хугацаанд ногдох ээлжийн амралтын цалинг олгохдоо 1 ажилтанд 0.09 сая төгрөгийг илүү олгосон

-Ажилтнуудад илүү цагийн цалин, хөлс олгохдоо 2025 оны 4 дүгээр сарын 30- ны өдөр томилогдсон 1 ажилтанд 1.3 сая төгрөг олгосон.

-2025 оны 12 дугаар сард 131 ажилтны ажлын зайлшгүй шаардлагын улмаас илүү цагаар ажилласан нь нотлогдоогүй, эрх бүхий албан тушаалтны тушаал, шийдвэргүй байхад 259.9 сая төгрөгийн илүү цагийн хөлс олгосон.

-МУХБ-аас Грэйпсити Монгол ХХК-тай мэдээлэл технологийн үйлчилгээ авах 330.8 сая төгрөгийн гэрээ байгуулахдаа ТБОНӨХБАҮХАТ хуулийн дагуу тендер зарлаагүй, МУХБ-ны 2025 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгаагүй байна.

-МУХБ-ны албан хаагчид болон ТУЗ-ын гишүүд зэрэг 154 хүнд хувийн эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг авах худалдан авалтыг 2025 онд зохион байгуулж, Хаан даатгал ХХК-тай 89.3 сая төгрөгийн гэрээ байгуулсан байна.

-МУХБ-ны Маркетинг, олон нийттэй харилцах хэлтэст хамааралтай ажил болох цахим хуудас болон брэндбүүкийг байгууллагын ажилтнууд болон хэвлэл мэдээллийн байгууллагуудад танилцуулж, сурталчлах, контент бэлтгэх ажлыг гүйцэтгүүлэхээр Түшиг арвин үйлс ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан байна. Мөн тайлант онд хэвлэл захиалгын төлбөрт 1.1 сая төгрөг шилжүүлсэн.

-"Банкир 2025", ЭЗХС-ийн нэрэмжит тэмцээн зэрэг спортын тэмцээн, уралдааныг зохион байгуулахад 30.1 сая төгрөг, Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан "Хүүхэд хамгааллын өдөр"-т сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулахад 20.9 сая төгрөг, "Зочин төлөөлөгчийн зардал" нэрээр кофе, ус ундаа, чихэр, жимс зэргийг худалдан авахад 45.0 сая төгрөгийг зарцуулсан.

“Эрдэнэс Тавантолгой” ХК

-“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Эрдэнэс Тавантолгой ХК-аас хэрэгжүүлж буй “Сая тонн – Сая мод” хөтөлбөрийн дагуу батлагдсан ТЭЗҮ-ийн үндсэн дээр улс, орон нутгийн хэмжээнд мод үржүүлгийн газар байгуулах, мод бут тарих, арчлан ургуулах зорилгоор Онцгой байдлын ерөнхий газартай 2022 онд байгуулсан ЭТТ-2022/503 дугаар бүхий "Хамтран ажиллах гэрээ"-ний дагуу 27,500.0 сая төгрөгийг санхүүжүүлсэн боловч гэрээний үр дүнг дүгнээгүй, хэрэгжилт хангалтгүй байна.

-Тайлант онд Бурхан Халдун хайрханы хүндэтгэлийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг санхүүжүүлэх зорилгоор 2,500.0 сая төгрөгийг Зэвсэгт хүчний Жанжин штаб руу шилжүүлсэн боловч энэхүү зарцуулалт нь компанийн үндсэн чиг үүрэг, үйл ажиллагааны хүрээ болон батлагдсан төсвийн зориулалттай уялдаагүй, хандив, тусламжийн шинжтэй санхүүжилт олгосон байна.

-Тус байгууллагаас бэлтгэн нийлүүлэгчидтэй байгуулсан зарим гэрээний хэрэгжилт, ажлын гүйцэтгэлд тавих хяналт сул байгаагаас гэрээний хугацаа хэтрэх, нийлүүлэх бараа материалыг хүлээн аваагүй, ажил үйлчилгээний гүйцэтгэлийг дүгнэж гэрээг хаагаагүй зөрчил илэрч байна. Үүнд: -“Хуа Еэ Интернэйшнл” ХХК-тай байгуулсан ЭТТ-2025/300 тоот XCMG-XDE240 автосамосвалын сэлбэг эд анги нийлүүлэх гэрээний хэрэгжилт 97–235 хоногоор хоцорч, 383.1 сая төгрөгийн нийлүүлэлт хийгдээгүй;

-“Хьюндэй Автос” ХХК-тай байгуулсан ЭТТ-2025/264 тоот XCMG XDE130 автосамосвалын сэлбэг эд анги нийлүүлэх гэрээний 3.7 сая төгрөгийн бараа материалыг хүлээн аваагүй;

-“Элит Рийч Зи Зи Ай” ХХК-тай байгуулсан ЭТТ-2025/616 тоот XCMG XDE130 автосамосвалын сэлбэг эд анги нийлүүлэх гэрээний 5,303.3 сая төгрөгийн бараа материалыг хүлээн аваагүй;

-“Арбэл Алтай” ХХК-тай байгуулсан ЭТТ-2025/313, ЭТТ-2025/313-01 тоот Цанхийн баруун уурхайн хөрсний 1, 2 дугаар овоолго дээрх дахин дамжуулах станцын гадна цахилгаан хангамжийн зураг төсөл боловсруулах гэрээний нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд 18.7 сая төгрөгийн ажил үйлчилгээ хугацаа хэтэрсэн;

-Зууны хөгжлийн зам” ХХК-тай байгуулсан ЭТТ-2025/458 тоот 8.2 км авто замд байрлах нүхэн гарцын ухмалын хажуу налуугийн бэхэлгээний зураг төсөл боловсруулах 19.4 сая төгрөгийн ажил үйлчилгээ хугацаа хэтэрсэн;

-“Голомт өргөө” ХХК-тай байгуулсан ЭТТ-2020/189 тоот уурхайн ажилчдын хотхоны барилгын ажлын явцад зураг төсөл зохиогчийн хяналт тавих зөвлөх үйлчилгээний гэрээний 77.5 сая төгрөгийн ажил үйлчилгээний гүйцэтгэлийг дүгнэж, гэрээг хаагаагүй байна.

Э.Батшугар: Халдварт бус өвчин нийт нас баралтын 77 хувийг эзэлж байгаа тул эрт илрүүлгийг бодит ажил болгоно
Э.Батшугар: Халдварт бус өвчин нийт нас баралтын 77 хувийг эзэлж байгаа тул эрт илрүүлгийг бодит ажил болгоно
 
Хүүхдийн мөнгийг өнөөдрөөс олгож эхэллээ
Хүүхдийн мөнгийг өнөөдрөөс олгож эхэллээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!