Б.Жаргалан: Туулын хурдны замын ажлыг зогсоосон Ерөнхий сайдын шийдвэр цаг авсан зүйл биш байгаасай

Ангилал
Улс төр Ярилцлага
Огноо
Унших
11 минут 32 секунд

Туулын хурдны замын төслийг зогсоож буй талаар Ерөнхий сайд өчигдөр мэдэгдсэн билээ. Тэгвэл Туулын хурдны замтай холбоотой асуудлуудаар УИХ-ын гишүүн Б.Жаргалантай ярилцлаа.

-Танай намын бүлгээс Туулын хурдны замын ажлыг бүр мөсөн зогсоож, буруутай этгээдүүдэд хуулийн хариуцлага тооцох шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлээд байсан. Тэгвэл ЗГ-ын хуралдаанаар төслийг зогсоолоо. Танай бүлгийн шаардлага биелэсэн гэж ойлгох уу?

-Юуны өмнө Ардчилсан намын бүлэг нийт иргэдийнхээ талд зогсохыг эрхэмлэж байгаа. Тэр утгаараа Туулын хурдны замын төсөл одоо танилцуулж байгаа байдлаар цааш хэрэгжиж болохгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн. Бид удаа дараагийн хэлэлцүүлгүүдийг зохион байгуулсан. Нэг удаагийн бүлгийн хуралдаанаа тэр чигт нь Туулын хурдны замын нээлттэй хэлэлцүүлэгт зориулсан. Дараа нь энэ долоо хоногт Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн байгаа. Ерөнхий сайдын мэдээллийг сошиалаас л харлаа. Ямар ч байсан Ардчилсан намын шаардлагыг хүлээж аваад Туулын хурдны замын ажлыг зогсоож буйд баяртай байна. Цаашид ямар арга хэмжээ авах нь тодорхой бус байгаа.

Ер нь энэ төсөлтэй холбоотой асуудлуудыг нээлттэй болгохгүй бол ямар ямар харилцаанууд үүссэн бэ гэдэг мэдээлэл дутмаг байна.

Хоёр долоо хоногийн өмнө Ардчилсан намын бүлгээс хийсэн хэлэлцүүлгийн дараа иргэдээс ирсэн саналууд, зарим УИХ-ын гишүүд болон “Хатан Туулаа хамгаалъя” хөдөлгөөнөөс ирүүлсэн саналуудыг нэгтгээд нийт 10 гаруй төрийн захиргааны байгууллага болон холбогдох албан тушаалтанд шаардлага хүргүүлж, мэдээлэл хүссэн. Эдгээр мэдээллүүд хараахан ирээгүй байна.

-Ерөнхий сайдын шийдвэр цаг авсан зүйл биш байгаасай-

-Төслийг зогсоож байгаа ч буруутай хүмүүст ямар хариуцлага тооцох нь тодорхойгүй байна. Урьдчилгаанд төлсөн 620 орчим тэрбум төгрөг, хядсан бургаснуудыг хэрхэх вэ. Хариуцлагын асуудлыг юу гэж харж байна?

-Манай шаардлагад маш тодорхой зүйл дурдагдсан нь юу вэ гэхээр, нэгдүгээрт энэ төслийг зогсооё. Хоёрдугаарт хууль зөрчсөн албан тушаалтнуудад зохих хариуцлагыг нь тооцъё. Мөн энэ төслөөс үүдэлтэй гарсан хохирлыг буруутай этгээдүүд төлөх ёстой гэдгийг шаардлагадаа тусгасан.

Одоогоор 627 тэрбум төгрөгийн урьдчилгаа олгосон гэж яригдаад байна. Тэр мөнгө яах ёстой вэ. Тендерт шалгарсан компанитай цаашид ямар харилцаа үүсэх вэ гэх мэтчилэн тодорхойгүй олон асуудал хэвээр байна. Эдгээрийн араас тууштай арга хэмжээ аваад явна гэсэн бодолтой байгаа.

Өнгөрсөн долоо хоногт юу болсон бэ гэхээр, Төсвийн байнгын хороон дээр “Санхүүгийн асуудлаар шалгалт хийх” ажлын хэсэг байгуулах санал тавьсан боловч олонхын бүлгийн гишүүд эсэргүүцээд унагасан. Харин одоо юу яригдаж байгаа вэ гэхээр Төсвийн зарлагын хяналтын дэд хороон дээр ажлын хэсэг байгуулаад, 627 тэрбум төгрөг нь ямар үндэслэлээр хэрхэн олгогдсон юм, одоо хэдэн төгрөгийн ажил хийгдээд байгаа болон Туулын бургасыг хядсаны улмаас хэдий хэмжээний хохирол учраад байгаа гэх мэт ойлгомжгүй асуудал маш их байна.

Мөн хэдэн хоногийн өмнө БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир “Төслийг зогсоолоо” гээд бид баяр баясал болж байтал “Нарийвчилсан үнэлгээг баталсан тул төслийг үргэлжлүүлж болно” гэсэн шийдвэр гарсан. Тэгэхээр Ерөнхий сайдын шийдвэр энэ төрлийн цаг авсан зүйл биш байгаасай гэж найдаж байна.

-Ерөнхий сайд “Хууль хяналтын байгууллагаар шалгуулаад, эргэлзээтэй асуудлуудад цэг тавьтал зогсоолоо” гээд алх цохисон. Тэгэхээр Ц.Сандаг-Очир сайдынхтай адил юм биш үү?

-Харин тийм. Тэгэхээр бид мэдээж араас нь явна. Цаашид иргэдийнхээ санал бодлыг сонсдог хотын удирдлагатай баймаар байна. Тэгэхгүйгээр нэг сенсацлаад өнгөрөнгүүт хүмүүсийг түр хугацаанд тайвшруулаад өнгөрөх арга хэмжээ аваад үндсэн суурь асуудал нь шийдэгддэггүй байдлаар явж болохгүй.

Ер нь сүүлийн жилүүдэд манай дарга нар дүлий болчихсон. Аливаа шүүмжлэлийг “Намайг бүлэглэл намнаж байна. Зохион байгуулалттайгаар харлуулж байна” гэх байдлаар хүлээж аваад байгаа. Хотын иргэд нь тодорхой зүйл дээр нэгдээд эсэргүүцээд байгааг ойлгохгүй хэмжээнд дарга нь очсон байна.

Н.Учрал Ерөнхий сайдын албан тушаалд очоод удаагүй байна. Анхныхаа том сорилтод орж байна. МАН-аас сонгогдсон өмнөх Ерөнхий сайд нараас ялгарч чадах уу, үгүй юу. Өмнөх Ерөнхий сайд нар нь нэг л тийм дүлий байдлаар ажилласан.

-Танай намын бүлгээс явуулсан хэлэлцүүлгээс ямар үр дүн гарсан юм бэ. Зүгээр нэг хэлэлцүүлэг болоод өнгөрөв үү?

-Зургаан цагийн хэлэлцүүлэг өрнөсөн. Ямартаа ч 30 гаруй хүн мэргэжлийнхээ хүрээнд асуултуудаа асуусан. Нэлээн олон төрийн захиргааны байгууллагын төлөөлөл ирж асуултад хариулсан. Ямар ямар асуултад анхаарал хандуулах шаардлагатай вэ гэдэг эрэмбээ гаргаж чадсан.

-5.5 их наяд төгрөгөөр 70, 80 км зам барина гэдэг бол ойлгомжгүй зүйл-

-Төмөр зам барихаар танк орж ирнэ, хятадууд ороод ирнэ гэдэг шиг зам баривал гол ширгэнэ гэдэг үгээр улстөржөөд байна гэж зарим хэсэг нь ярьж байна. Улстөржилт яваад байна уу?

-Өнгөрсөн хугацаанд “Мега төсөл” гэдэг юмтай болчихоод байна шүү дээ. Мега төсөл нь хийгдсэн ч юм үгүй, үр дүнгээ ч өгсөн юм үгүй хэрнээ улсын төсөв дээр маш их ачаалал болж орж ирдэг, улсын нийт өр төлбөрийг нэмэгдүүлээд байна. Нийслэл нь хүртэл 20 гаруй мега төсөлтэй. Бидэнд энэ хэмжээний хөрөнгө санхүүг шингээх эдийн засгийн боломж нь байна уу гэх мэт эхний асуудал бий.

Хоёрдугаарт, Улаанбаатар хотод шийдвэрлэх маш олон асуудал байгаа. Агаарын бохирдол, түгжрэл гэх мэт тулгамдсан маш олон асуудал бий. Гэхдээ энэ асуудлуудыг шийдэхэд маш цогц төлөвлөгөө хэрэгтэй болохоос зүгээр л мөнгөөр зодож хийж болохгүй. Туулын хурдны зам биш 1-р тойрог зам буюу 70-80 км замыг 5.5 их наяд төгрөгөөр барих асуудал ярьж байна. 5.5 их наяд төгрөгөөр 70, 80 км зам барина гэдэг бол ойлгомжгүй зүйл. Улс орныг өрөнд хийгээд үндсэн асуудлаа ч шийдсэн юм байхгүй.

Түүнчлэн дээрх хоёр замыг төлбөртэй зам болгох буюу нэг удаа зорчихдоо 5000 төгрөг төлнө гээд байгаа. Төлбөртэй зам түгжрэлийг шийдэх үү гэдэг нь эргэлзээтэй. Ардчилсан нам эрх барих үед ч яригдаж байсан. Нийт замын уулзваруудын нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх, нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах гэх мэтчилэн хямд өртгөөр, боломжит байдлаар түгжрэлийг бууруулах арга замуудад ерөөсөө ахиц дэвшил үзүүлэхгүй байж өндөр дүнтэй юмны араас хөөцөлдөөд байгаа нь яах аргагүй хардалт дагуулж байна.

Миний хувьд Улаанбаатар хотод нэн түрүүнд нэг зүйлийг хийх ёстой гэж хараад байгаа. Юу вэ гэхээр, гэрлэн дохионуудыг яаралтай автоматжуулах хэрэгтэй. Үйл ажиллагааны болон бусад хөтөлбөрт орсон байгаа ч хэрэгжүүлэхгүй, нөгөө л хэдэн замын цагдаа нар хөдөлгөөн зохицуулдаг хуучин арга замаараа яваад байна.

Хөгжлийг гацааж байна гэж яриад байгаа нь учир дутагдалтай. Туулын хурдны замыг угаасаа АН-ын үед санаачилж байсан. Улаанбаатар хотын агаарын бохирдол, түгжрэлийг бууруулах чиглэлээр ажлуудыг эхнээс нь хэрэгжүүлээд, ашиглалтад оруулаад явж байсан. Харин 2016 оноос хойш МАН тасралтгүй 10 жил засаглаж байна. Тэр хугацаанд бодит ажил хийгээгүй атлаа гэнэт ухаан орсон юм шиг хэдэн их наядаар гялалзуулахгүй бол болохоо байлаа гээд орж ирж байна.

Хоёрдугаарт, МАН, АН-ын нэг том ялгаа байгаа. Ардчилсан намын үед маш олон шинэлэг санаачилгууд гарсан байдаг. Үүнийг Ардын намынхан хэрэгжүүлэхдээ дандаа завхруулчихдаг. Хэрэгжүүлэхдээ хүнд суртлынхаа шимтгэлийг, авлига, албан тушаалынхаа шимтгэлийг нэмээд, тухайн төслийг өмнө нь байснаас тэс өөр болгоод ирдэг.

Нийслэл хотын иргэний хувьд, Туул голын эрэг дээр тоглож өссөний хувьд маш өндөр үнээр ухаад тавьсан хоосон нүхтэй үлдмээргүй байна. Ардын намын үед эхлүүлсэн төслүүдээс цаг хугацаандаа ашиглалтад орсон нэг ч ширхэг төсөл алга. Дарханы замд юу тохиолдлоо. Түүн шиг зүйл л болох гээд байна.

-Танай аав буюу ЭЗХ-ийн сайд асан Н.Батбаярын үед энэ төслийг санаачилж байсан ч аавынхаа санаачилсан төслийг эсэргүүцэж улстөржлөө гэдэг зүйл яригдаж байна. Аавтайгаа энэ төслийн талаар ярив уу. Юу гэж байна?

-Манай аав ч гэсэн одоогийн байгаа хувилбараар нь эсэргүүцэж байгаа. Одоогийн ярьж буйгаар Туул гол дагуу олон тооны багана суурилуулна гэсэн үг. Туул гол ямар гоё үзэсгэлэнт байгальтай билээ.

Харин Ардчилсан намын үед гарч байсан трасс бол гол хэсэгтээ орохгүйгээр далангаар явна гэсэн агуулгатай байсан. Тухайн трассаар өртөг хямд буюу 500-600 тэрбум төгрөг гэсэн анхдагч тооцоолол гарч байсан. Өөрөөр хэлбэл, өртөг нь ч бага, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ нь ч шал өөр. Анх санаачилсан зүйлийг гажуудуулж чадаж буйн үлгэр болчихоод байна.

-Ярилцсанд баярлалаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Астана хотын хиймэл оюун ухааны “Alem.AI” төвд зочиллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Астана хотын хиймэл оюун ухааны “Alem.AI” төвд зочиллоо
 
Улаанбурханаар нас барж буй хүүхдүүдийн 90 хувь нь 1 хүртэлх насных байна
Улаанбурханаар нас барж буй хүүхдүүдийн 90 хувь нь 1 хүртэлх насных байна
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!