Дархан-Уул аймгийн Хонгор суманд арьс ширний үйлдвэрийн цогцолбор байгуулахаар шийдэж, 2018 онд аймгийн ИТХ-ын хурлаар 180 га талбайг шийдэж ажил эхэлж байв. Жилдээ 9 сая орчим арьс шир хаягдаж байгаа байдлыг цэгцэлж малын гаралтай түүхий эдийг үнэд оруулж, арьс ширээ дотооддоо боловсруулах цаашлаад экспортод гаргах гэсэн төрийн бодлого бодит бус зэрэглээ болон замхрав.
Дарханы арьс шир боловсруулах үйлдвэр бүтэлгүйтсэн талаар ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат энэ сарын 14-нд болсон УИХ-ын Байгаль, орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдааны үеэр ам нээсэн.
Төрийн бүх томчууд газар дээр нь очиж танилцаж үйл ажиллагаа нь явагдаж байна гэж байсан үйлдвэр харин өнөөдөр зүгээр хий хоосон мөрөөдөл болон ард үлдэж байна. Уг үйлдвэр байгуулагдах ажил 2013 оноос эхэлж байсан ба өнөөдрийг хүртэл юу болсон талаар уншигч та бүхэнд тоймлон хүргэж байна.

2013.07.06
Монгол Улсын Засгийн газрын “Арьс ширний үйлдвэрлэлийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 249 дүгээр тогтоолоор арьс, ширний үйлдвэрүүдийн цогцолборыг Дархан-Уул аймагт төвлөрүүлэхээр шийдэж байжээ.
2014.11.01
Засгийн газрын “Арьс ширний үйлдвэрлэлийн цогцолборын байршлын тухай” 256 дугаар тогтоолоор 249 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлийг хүчингүй болгож байжээ.
2015 он
“Дархан арьс ширний цогцолбор” ХХК туршилт, судалгааг эхлүүлэв.
2018.08.17
Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 69 дүгээр тогтоолоор “Дархан арьс ширний цогцолбор” байгуулах шийдвэр гарч 180 га газар олгож байжээ.
2018.09.05
“Дархан арьс ширний цогцолбор” ХХК байгуулагдав. Гүйцэтгэх захирал болон эцсийн өмчлөгчөөр Д.Энхбаяр бүртгүүлэв.
2020.05.13
“Мал аж ахуйн түүхий эдийн нөөц ашиглалт, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 178 дугаар тогтоолд “Дархан үйлдвэр технологийн парк”-ийн нэгж “Дархан арьс ширний цогцолбор” ХХК-тай зээлийн хүүгийн татаасыг санхүүжүүлэх гэрээ байгуулж, хэрэгжүүлэх замаар тус цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх арга хэмжээ авахыг тухайн үеийн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаанд даалгаж байжээ.
2020.09.17
Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан болон албаны хүмүүс “Дархан арьс ширний цогцолбор”-ын бүтээн байгуулалтын явцтай танилцав. Бүтээн байгуулалтын ажлын явц 60 хувьтай байна.

2020.09.29
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дарханы арьс ширний цогцолборын төслийн ажлын явцтай танилцлаа.

2020.11.28
Засгийн газрын 185 дугаар тогтоолоор “Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт” ТӨХХК байгуулжээ. Хувьцаа эзэмшигч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам.
2020.12.23
“Төвийн бүсийн хүнс, хөнгөн үйлдвэрлэл технологийн цогцолбор” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэм батлах тухай Монгол Улсын Засгийн газрын 234 дүгээр тогтоол гарав.
2020.12.23
Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмийг батлав. Компани нь 100 хувь төрийн өмчит бөгөөд нэг хувьцаа эзэмшигчтэй байхаар дүрэмд тусгажээ. Тухайн үед төслийн бүтээн байгуулалт 23 хувьтай байна. Төслийг 552 гаруй тэрбум төгрөгөөр хэрэгжүүлэх тооцоолол гарчээ.
2021.05.13
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Дархан арьс ширний цогцолбор”-ын ажилтай танилцав. Тухайн үед 13 үйлдвэрийг барьж ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй бөгөөд ноос боловсруулах үйлдвэрийн барилгын ажил 86%, дэд станцын угсралт 95%, бохир ус цэвэрлэх байгууламжийн барилгын ажил 80%, дотор дулааны шугам 50%, гадна дулааны шугамын ажил 70%, богийн арьс шир боловсруулах үйлдвэрийн барилгын суурийн ажил 18%, уур гаргах үйлдвэрийн барилгын суурийн ажил 18 хувийн гүйцэтгэлтэй гэж танилцуулжээ.

2021 он
“Дархан арьс ширний цогцолбор” төслийн барилгын ажил 2021 оноос үйл ажиллагаа нь бүрэн зогссон гэж орон нутгийн зүгээс танилцуулж байжээ.
2022.03.17
Сайд З.Мэндсайхан Дарханы арьс ширний цогцолборыг 2023 онд ашиглалтад оруулна гэдгийг ХХААХҮ-ийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөний үеэр танилцуулжээ.
2022.09.14
“Дархан арьс ширний цогцолбор” ХХК-ийн зүгээс З.Мэндсайхан тэргүүтэй хүмүүсийг шүүхэд өгөв.

2022.09.15
АТГ-аас “Дархан арьс ширний цогцолбор” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Энхбаяр тэргүүтэй хүмүүсийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр цагдан хорьсон.

2022.09.29
“Дархан арьс ширний цогцолбор” ХХК-ийн зүгээс З.Мэндсайхан тэргүүтэй хүмүүсийг АТГ-т шалгуулахаар өгөв.
2022.10.12
“Дархан арьс ширний цогцолбор” ХХК-ийн захирал Д.Энхбаяр 461 дүгээр хорих ангиас Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт хандан захидал илгээв.
2022.10.26
УИХ-ын үйлдвэржилтийн байнгын хорооны тогтоолоор “Дархан арьс ширний цогцолбор”, “Эмээлт үйлдвэрийн парк” болон “Шинэ Ховд үйлдвэрийн парк”-ийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх талаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгсөн.
2022.12.23
“Дархан арьс ширний цогцолбор” байгуулах ажлын явцын талаар Засгийн газар мэдээлэл хийлээ.
2023.03.11
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэд сайд М.Ганхүлэг төсөл хэрэгжиж буй талбайд ажиллав.
2024.08.16
УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, 2024 оны төсвийн тодотгол зэргээр мэдээлэл өгсөн ба энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус цогцолбороор улс төржөөд урагшлахгүй байгаа учир заавал Дарханд барих шаардлагагүй гэж үзсэн талаар хэлэв.
2024.09.13
Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр болон “Дархан арьс ширний цогцолбор” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Энхбаяр болон холбогдох хүмүүс уулзаж Дарханы арьс ширний цогцолборын ажлыг хэрхэн үргэлжлүүлэх талаар хэлэлцэв.
2024.12.30
Монгол улсын засгийн газрын 256 дугаар тогтоолоор “Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэрийг “Төвийн бүсийн, хөнгөн үйлдвэрлэл технологийн цогцолбор” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон өөрчилсөн.
2026.04.14
УИХ-ын Байгаль, орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдааны үеэр ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат “Дарханы арьс, ширний үйлдвэр бүтэлгүйтсэн. Төлбөр мөнгөө авах асуудал руу орох ёстой болохоос биш тэнд ажил хийж байгаа гэж түмэн олныг хуурах боломжгүй” гэж хэлэв.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!