Түлхүүр мэдээлэл:
- Сенатын гишүүдээс анхны хүн шинэ коронавирусийн халдвараар өвчилсөн тухай Ням гарагт мэдээллээ.
- Сенатын хэд хэдэн гишүүд өөрийгөө тусгаарлажээ.
- Хөл хорионы дэглэм нэмж зарласнаар АНУ-ын хүн амын гуравны нэг орчим нь гэртээ бүгэх горимд шилжжээ.
АНУ-ын конгрессийн дээд танхим болох Сенатын гишүүдээс анхны хүн шинэ коронавирусийн халдвар авсан нь тогтоогджээ.
Халдвар авсан хууль тогтоогч нь Кентаки мужийг төлөөлдөг, Бүгд Найрамдах намын гишүүн, 57 настай Рэнд Пол болсон байна.
Сенатын гишүүдээс хэд хэдэн гишүүн өөрийгөө тусгаарлаад байгаа ч халдвартай нь тогтоогдсон хүн байгаагүй юм. Харин конгрессийн доод танхим болох төлөөлөгчдийн танхимын хоёр гишүүн Covid-19 халдвартай нь тогтоогдоод эмчлүүлж байгаа.
Энэ үйл явдалтай зэрэгцэн шинэ коронавирусийн тахал сүүлийн өдрүүдэд АНУ-д эрчимтэй нэмэгдэж байгааг албаныхан мэдээлээд байна.
Өчигдөр Охайо, Луйзиана, Делавар мужууд хөл хорионы дэглэм нэмж зарласнаар АНУ-ын хүн амын гуравны нэг орчим нь гэртээ бүгэх горимд шилжжээ.
Өмнө нь Нью Йорк, Калифорни, Иллиноис, Коннектикут, Нью Жерси мужууд ийм арга хэмжээ аваад байсан юм. Хөл хорионы дэглэм АНУ-ын нийт 101 сая орчим иргэнийг хамраад байна.
Сүүлийн байдлаар АНУ-д шинэ коронавирусийн халдварын 32,057 тохиолдол бүртгэгдэж, 400 өвчтөн нас баржээ. Илэрсэн нийт халдварын тоогоор АНУ нь дэлхийд зөвхөн Хятад (81,054), Итали (59,138) улсуудын дараа гуравт жагсаж байна.
Харин эндэгдлийн тоогоор Итали (5,476), Хятад (3,261), Испани (1,756), Иран (1,685), Францын (674) дараа зургаадугаарт бичигджээ.
Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр Нью Йорк, Калифорни, Вашингтон мужуудын тахалтай тэмцэх үйлсэд туслуулахаар үндэсний гвардын цэргийг дайчлах болсныг зарласан юм.
Эх сурвалж: Reuters