УИХ-ын чуулганы хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хэлэлцэж, гишүүдийн 51.9 хувийн саналаар дэмжлээ. Харин 26 гишүүн дэмжээгүй санал өгсөн юм. Хамгийн сонирхолтой нь, тус хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэхийг Сангийн сайдаар ажиллаж байсан Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар, Б.Жавхлан нар дэмжсэнгүй.
Хуралдаанаар зарим гишүүд уг хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжихгүй байгаагаа илэрхийлж байсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Энэ хуулийг дэмжихгүй. Учир нь гадаадын хөрөнгө оруулагчдад тавьж байсан 100 мянган ам.долларын босгыг аваад 50 мянга ам.доллар буюу худалдаж авсан байраа үзүүлчихвэл эсвэл нэг үнэтэй машинаа үзүүлээд оршин суух виз авах нь. Тиймээс уг асуудлыг ҮАБЗ-өөр ярь. Хөрөнгө оруулалтыг татна гэдэг нь хийж чадахгүй, хийж чаддаггүй зүйлүүдээ татна уу гэхээс хавтгайруулаад л босгыг нь авч хаяад, хийж чаддаг зүйлээ булаалгаад зах зээлээ алдахыг хэлдэггүй гэж бодож байна. Хөрөнгө оруулалт гэдэг бол бодлогоор зохицуулагдана. Тодорхой шалгуурууд байх ёстой. Тэгэхгүй бол 3-хан сая хүн амтай. Хоёр гүрнээр хавчигдчихсан ийм л улс шүү дээ.
Гадны хөрөнгө оруулагч гэдэг далбаан дор дэвээд байж болохгүй. Эхлээд өөрсдөө, 50 мянган долларын хөрөнгө оруулж буй монголчуудаа өөд нь тат. Харийнханд өөрсдийгөө даатгах биш. Өөрсөддөө хувь заяагаа даатга. Хамтрах зүйл дээрээ хамтралгүй яахав. Тусгаар улс орон бол өөрсдийн гэсэн бодлого, зохицуулалт байх ёстой. 20 мянган цагаачийг байнгын оршин суугч болгож яах гээд байна вэ. Тэгээд бүр 50-хан мянган доллараар шүү дээ. Хэдэн зэвсэг худалдаж авахаас ч амраар оршин суух виз авах нь байна" гэсэн байдаг.