Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бусдыг хэл амаар доромжилсон гэгдэж буй Илон Маскын шүүх хурал эхэлжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 50 секунд

Өчигдөр буюу Мягмар гарагт Тесла компанийн гүйцэтгэх захирал Илон Масктай холбоотой шүүх хурал Лос Анжелес хотод эхэлжээ. Тэрээр 2018 оны зун Тайландын агуйд усанд боогдсон 12 хүүхдийг аврах ажиллагааны үеэр Британийн шумбагч Вернон Ансвортыг хэл амаар доромжилж, нэр хүндэд нь халдсан хэргээр шүүгдэж байна. Тухайн үед Маск агуйгаас хүүхдүүдийг аврахын тулд өөрийн компанийн бүтээсэн шумбагч төхөөрөмжийг илгээж байв. Гэтэл Ансворт агуйн нөхцөлд ийм техник ашиглах боломжгүй, энэ нь Илон Маскын “пиар” төдий үзүүлбэр гэж шүүмжилж байжээ. Үүнд уурссан Маск твиттер хуудсандаа Британийн шумбагчийг “pedo guy” хэмээн тодорхойлж бичсэн байна. “Pedo” нь pedophile буюу хүүхэд сонирхдог гаж донтныг нэрлэдэг үгийн товчлол гэж ойлгогддог. Тиймээс Ансворт технологийн салбарын тэрбумтныг нэр хүндэд халдсан үндэслэлээр шүүхэд өгөөд байгаа. Маск ингэж бичсэнийхээ дараа хүмүүст хүчтэй шүүмжлүүлсэн тул бичсэн зүйлээ устгаж, олон нийтээс уучлал гуйж байжээ. Уг маргаантай холбоотойгоор Тесла компанийн хувьцааны ханш тухайн үед 4 хувиар унаж байв. Шүүхэд өгсөн бичиг баримтдаа Маск “pedo” гэдэг үгийг гаж донтон гэсэн утгаар ашиглаагүй, энэ нь Өмнөд Африкт хөгшин настай хүнийг доромжлоход хэрэглэдэг үг гэж тайлбарлажээ.

Илон Маск өөрөө Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад төрж өссөн хүн юм. Шүүх хурлын ажиллагаа үргэлжилж байна.

ШХАБ дахь Монгол Улсын статусыг нэмэгдүүлэхийг дэмжинэ
ШХАБ дахь Монгол Улсын статусыг нэмэгдүүлэхийг дэмжинэ
 
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.