АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены бодлого, үйл ажиллагааг дэмжигчдийн тоо өнгөрсөн сард зургаан хувиар огцом буурч, 43 хувьд хүрснийг “NPR” радио, “PBS NewsHour” телевизийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр “Marist Institute” судалгааны албанаас явуулсан санал асуулгын дүн харуулжээ.
Төрийн тэргүүний хувиар явуулж буй Ж.Байдены үйл ажиллагааг санал асуулгад оролцогчдын 43 хувь нь дэмжиж буйгаа илэрхийлсэн байна. Сарын өмнө энэ үзүүлэлт 49 хувьтай байжээ. Харин Ерөнхийлөгчийнхөө ажилд сэтгэл дундуур байгаа америкчуудын тоо 44 хувиас 51 хувь болж нэмэгдсэн байна.
Байдены үйл ажиллагааг "эрс эсэргүүцэгчдийн" тоо өмнөх сарынхтай харьцуулахад 10 гаруй хувиар нэмэгдэж, 41 хувьд хүрчээ.
Санал асуулгад оролцогчдоос мөн Афганистанд явуулсан АНУ-ын бодлого бүтэлгүйтсэний гол хариуцлагыг үүрэх ёстой гэж үзэж буй Ерөнхийлөгчийг нэрлэхийг хүссэн байна. Ингэхэд хамгийн их буюу 36 хувь нь бага Жорж Бушийг, 21 хувь нь Жо Байденыг, 15 хувь нь Барак Обамаг, 12 хувь нь Дональд Трампыг үүрэх ёстой гэж мэдэгджээ.
Энэхүү санал асуулгыг наймдугаар сарын 26-31-ний хооронд явуулсан бөгөөд АНУ-ын насанд хүрсэн 1241 иргэн оролцсон байна.