Ковид-19 өвчний нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
Хэвлэлийн хурлын эхэнд ЭМЯ-ны хэвлэл, мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр "Дельта хувилбарын давлагаа эхэлж байгаатай холбоотойгоор өвчлөлийн тоо нэмэгдэх эрсдэлтэй байна. ЭМЯ-ны зүгээс сургууль, цэцэрлэгийг хичээллүүлэх, үйл ажиллагааг нь хэвийн явуулах чиглэлд анхаарч байгаа болохоос хаах тухай ярихгүй. Эмнэлгийн орны асуудлыг ярих боллоо. Дэлхийн ихэнх улсууд коронавирусээр өвчилж байгаа хүмүүсийн 1-3 хувийг л эмнэлэгт хэвтүүлж эмчилж байгаа дүр зурагтай байна. Манай улсын хувьд нийт коронавирус халдвар авсан иргэдийнхээ 42.2 хувийг эмнэлэгт хүлээн авч, эмчилж байгаа. Гэхдээ эмнэлгийн орны тоо хязгаарлагдмал. Цаашид эмнэлгийг орыг нэмэгдүүлэх боломжгүй. Ор нэмэгдүүлсэн ч хүний нөөцийн асуудал тулгамдах болно" гэлээ.