“Бэлгийн мөлжлөг”-ийн гэмт хэрэгт 2018-2020 оны хугацаанд нийт 36 хохирогч, 19 холбогдогчтой 15 гэмт хэргийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн шалгаж, шүүхээс гэм буруутай нэг этгээдэд 7 жил хорих ял шийтгэл оногдуулсан байна. Түүнчлэн хүн худалдаалах гэмт хэрэгт 2018-2020 онд нийт 131 хохирогчийг илрүүлж тогтоосон бол үүнээс насанд хүрээгүй 47 хохирогч бүртгэгдэж, энэ төрлийн гэмт хэрэгт хүүхэд өртөж, хохирох эрсдэл нэмэгдсэн аж.
Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Б.Энхчимэг "Бэлгийн мөлжлөгийн зорилгоор хүн худалдаалах гэмт хэрэгт ихэвчлэн охид, залуу эмэгтэйчүүд өртдөг. Бүртгэгдсэн хэргээс үзвэл 30 хувь нь 18-21 насны, 20 хувь нь 21-26 насны, 11 хувь нь насанд хүрээгүй эмэгтэйчүүд байна. Мөн “Гадаадад болон өндөр цалинтай ажиллуулна, тэтгэлэгтэй сургалтад хамруулна” гэх мэт хуурамч зар сурталчилгаа болон хохирогчдын эмзэг байдлыг далимдуулах, хүч хэрэглэх замаар охид, эмэгтэйчүүдийг аргагүй нөхцөл байдалд оруулан дарамтлах зэргээр хүчээр биеийг нь үнэлүүлдэг. Ажилгүйдэл, ядуурал болон тэдгээрээс улбаалан гарч ирдэг нийгмийн сөрөг үзэгдэл болох орон гэргүй хүмүүс, тэнэмэл, хараа хяналтгүй хүүхдүүд хүн худалдаалах гэмт хэрэгт өртөх эрсдэлтэй. Хүн худалдаалах гэмт хэрэг саун, караоке бааранд бэлгийн мөлжлөгийн хэлбэрээр үйлдэгддэг" гэжээ.