Цар тахлын үед эдийн засгийн хувьд хүндхэн дүр зурагтайгаар явсаар өнөөдөртэй золгосон салбар бол үзвэр үйлчилгээ тэр дундаа кино театрууд юм. Нэг жил өнгөрүү хугацаанд буюу хамгийн удаан хугацаанд хязгаарлагдсан кино театрууд наймдугаар сарын 20-иос эхлэн үйл ажиллагаагаа хэвийн явуулж эхэлсэн. Тэгвэл олон сар үүдээ барьсан кино театрууд дотоодод дельта хувилбар тархсан эрсдэлтэй нөхцөлд ямар зохицуулалттайгаар, хэрхэн ажиллаж буй талаар сурвалжиллаа.
Нийслэлийн хэмжээнд 81 салбарын ААН, байгууллагууд үйл ажиллагаа явуулдаг гэх албан бус тоо бий. Коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх, аж, ахуй нэгж байгууллага тэдгээрийн ажилчдыг хариуцлагажуулах асуудлын хариултыг нийслэлийнхэн “Хариуцлагын гэрээ”-ээр гаргаж ирсэн гэхэд хилсдэхгүй. Ажиллах хүч, цагийн хязгаарлалт, баримтлах халдвар хамгаалал зэргээр олон төрлийн шаардлагыг хариуцлагын гэрээнд тусгаж өгсөн талаар албаныхан мэдээлсэн. Тэгвэл хамгийн эрсдэлтэй гэж үзсээр үйл ажиллагааг нь эхлүүлэхгүй удсанд кино театрууд ч тэвчээр алдарч, цахим хуудсаараа дамжуулан ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан удаатай.
Хүлээлт дагасан шийдвэр хэрхэн хэрэгжиж байна вэ?
“Хориотой” үед үүдээр нь хараад зөрөхөөс хэтэрдэггүй байсантай харьцуулахад кино театруудын гадна, дотно хөл хөдөлгөөн нэмэгдсэн нь илт. Хамгаалалтын ажилтан үйлчлүүлэгчдийн халууныг шалгаж, QR кодоо уншуулахыг сануулж байв. “Өнөөдөр л нээж байгаа болохоор хүн бага байна. Маргаашаас үйлчлүүлэгчид нэмэгдэх байх аа” хэмээн Өргөө кино театрын хамгаалалтын ажилтан хэлж байв. Үүдний танхим эл хуль оргих ч ажил тарах үеэр үйлчлүүлэгчдийн цуваа тасрахгүй байгааг ажиглаж болохоор байв.
“Өргөө” кино театр үзвэрийн танхимд 50 хувийн дүүргэлттэй байхаар зохицуулалт хийжээ. Мөн нэг дор олон хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх үүднээс касс, үзвэрийн танхимд үйлчилгээний ажилчид хяналт тавьж үзэгчдэд зай барих шаардлага тавьж байв. Харин бага насны хүүхдүүдэд үйлчлэхгүй байгаа аж. Үйлчлүүлэгчдийн зүгээс дэлгэцээр үзвэр эхлэхийн өмнө халдвар хамгааллын зөвлөмжийг хүргэж байгаа нь авууштай гэдгийг хэлж байлаа.
Кино үзэх танхимаас гарч ирсэн бүсгүйгээс кино театрын үйл ажиллагаа, нээх шийдвэрийн талаар байр суурийг нь тодруулахад “Ариутгал, халдваргүйжүүлэлт, зөвлөмж өгөх тал дээр сайн байна. Кино театр хэзээ нээгдэх бол гэсэн хүлээлт дүүрэн байсан. Нээгдсэн гэдгийг сонсоод найзуудтайгаа ирж кино үзлээ. Киноны үнэ тарифт орсон өөрчлөлт байхгүй байна.
Бага насны хүүхдүүдэд үйлчлэхгүй гэж байгаа нь коронавируст халдварын эрсдлийг бодолцож үзвэл зөв зохицуулалт. Нөгөөтэйгүүр хүүхдүүдийн чөлөөт цагийг өнгөрүүлэх газар тийм ч их биш шүү дээ. Нэг өдөр ч гэсэн ирээд кино үзэх хүсэлтэй хүүхэд багачууд их байгаа болов уу. Гэхдээ эрүүл мэнд чухал шүү дээ” гэлээ.
“12-оос дээш насны хүүхдүүдийг вакцины гэрчилгээнд үндэслэн дотогш нэвтрүүлнэ”
“Тодорхой журам зохицуулалтаа олон нийтэд сайн мэдээлэх хэрэгтэй шүү дээ, танайх” хэмээн уурссан нэгэн бүсгүй бага насны хоёр хүүхэдтэйгээ “Тэнгис” кино театрын үүд хэсэгт зогсов. Тус кино театр туршилтын байдлаар ажиллаж эхлээд буй аж. Хариуцлагын гэрээнд дурдсанаар бүх кино театрууд үзвэрийн танхимд 50 хувийн дүүргэллтэйгээр үзэгчдээ хүлээн авч, оруулж байгаа. Тэнгис кино театр ч мөн ялгаагүй энэ дүрмээ мөрдөж байна.
Коронавирусийн халдварын эрсдлээс сэргийлж Монгол улс 12-оос дээш насны хүүхдүүдээ дархлаажуулалтад хамруулж эхэлсэн. Тэгвэл тус кино театрын зохицуулалтад шинээр орж ирсэн шаардлага бол 12-оос дээш насны вакцинд хамрагдсан хүүхдүүдэд үйлчлэх, тэдний вакцины гэрчилгээнд үндэслэн дотогш нэвтрүүлэх. Харин 12-оос доош бага насны хүүхдүүдийг дотогш нэвтрүүлэхгүй, үйлчлэхгүй гэнэ. Гэхдээ үүсч болзошгүй асуудлыг эцэг, эх өөрөө хариуцана гэвэл бага насны хүүхдийг цуг дотогш оруулж, үйлчлэх боломжтой аж. Эцэг, эх өөрөө хүлээн зөвшөөрсөн ч 4-өөс доош насны хүүхэд байвал үйлчлэхгүй. Үзвэрийн үнэ тарифт орсон өөрчлөлт байхгүй байлаа.