Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АН-д “хэрэгтэй“ МАН-ын ЗУРГАА

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 51 секунд

Ардын нам доторх улс төр энэ намар сүртэй өрнөж мэдэхээр болоод удаж байгаа. У.Хүрэлсүхийг явж байгаатай холбоотой “зодоон” НАМЗХ дээр “хагарч” зах зухаасаа ил болж эхлэв.

Тэгвэл энэ намрын их улс төрийг угтуулж УИХ дахь АН-аас тавьсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулж, Засгийн газрыг барьц алдуулах бичиг энэ өдрүүдэд ихэд үнэд орж, ирээдүйд бүр ч илүү үнэ хүрэх сурагтай. Учир нь АН-ын харьяалалтай 13 гишүүн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг унагах бичгийг санаачилж, гарын үсэг зуруулж эхлээд байгаа. Одоо нэмж 6 гишүүн гарын үсэг зурвал УИХ-аар Засгийн газрын хувь заяаг хэлэлцэнэ. Наадмын өмнө зарлагдсан уг огцруулах бичгээс болж Ардын намынхан нэлээд эрчимтэй хөдөлж эхэлсэн байдаг. Наадмын өдрүүдэд үргэлжилсэн уулзалт Засгийн газрыг огцруулах талаар тодорхой шийдэлд хүрээгүй. Ерөнхийдөө ажиглах ёстой гэх ойлголтыг хаа хаанаа төрүүлээд түр азнасан юм. Хүчний тэнцвэр бүрэн эргээгүй цагт Ардын намаас засаг огцруулах бичигт гарын үсэг зурах хүн гарч ирэхгүй л болов уу.

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг олимпын нээлтэд явсан хойгуур шатахууны үнийн нэмэгдэл, цагдаагийн ажилтан албан хаагчид иргэнийг зодсон асуудал зэрэг ноцтой асуудлууд босч ирэв. Үүнтэй зэрэгцэж НАМЗХ-ны залуучууд нь намын даргынхаа бодлогыг сөрж буйгаа дэвшүүлсэн хүнийг нь унагаж зарлав.

Ийнхүү Ардын намынхан өнгөрсөн өдрүүдэд хотоос зайдуухан гарч, амралт нэрийн дор хэсэг бүлгээрээ цуглаж Засгийн газрын ирээдүй, Ардын намын дарга хэн байх. Мөн асуудал нэг талдаа гарвал Ардчилсан намын гаргаж ирсэн огцруулах бичигт хэн зургаа нь гарын үсэг зурах, цаашлаад огцруулах хуралд оролцох кнопуудаа тоолох, дараа нь хэн юу авах гэх зэрэг хуваарилалтаа дор бүрнээ хэлэлцэж эхэлжээ.

Үүнийх нь хариуд Ерөнхий сайд өөрийн харьяа хуулийн байгууллагуудаа хөдөлгөж авлигатай тэмцэх нэрийдлээр өөрийнхөө эсрэг хөдөлж мэдэх луйгаруудын “хүмүүсийг” ээлж дараагаар “илбэж” эхлэв бололтой. Эхлээд Замын-Үүдийн асуудал, дараа нь ТЭЦ-3 төрийн өмчит компанийн захирал Ч.Чинбат, Нийслэлийн Ерөнхий прокурор асан Ш.Нямдорж нарыг барьж, хорив. Баттай бус эх сурвалжийн мэдээлж буйгаар Ч.Чинбат нь Х.Болорчулуун гишүүнтэй тун ойр харилцаатай гэх мэдээлэл байна. Хэрвээ үнэн бол УИХ-д холбоод тавьчихсан мэт алхаж явдаг Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нарт сануулга өгч байхыг үгүйсгэхгүй. Мөн саяхан Б.Дэлгэрсайхан гишүүний хувийн компани дээрх уулзалттай холбоотой мэдээллийг бид мэдээлсэн. Уг уулзалтад шаралхсан МАН-ын удирдлагууд мань хүнтэй бас таарамж муутай байгаа гэх бор шувуу ч сонсогдож байна билээ.

Ийнхүү Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй МАН-ын одоогийн удирдлагууд энэ намар эсрэг ажиллах магадлалтай хүмүүсээ тойглохыг нь тойглож, үгэнд орохгүй нөхдүүдэд нь ухамсрын “шанаа” өгөх замаар гишүүдээ “базаж” байна.

Харин Нийслэлийн Ерөнхий прокурор байсан Ш.Нямдоржийн баривчилгаа бол цэвэр экс Ерөнхийлөгчтэй холбоотой. Засгийн газрыг унагах үйлсийг эхлүүлээд буй АН-ын гишүүдийн 11 нь шууд утгаараа Х.Баттулгатай ойрын харилцаатай нөхдүүд юм. Үлдсэн ганц нэг нь шахалт, ухуулгын хүчинд бусад нөхдөө дэмжих нь тодорхой. Ш.Нямдоржийн асуудал өндрийг авч сөхөгдвөл Х.Баттулгатай холбоотой гэх зарим нэг гишүүдийн асуудал хүчээр сөхөгдөх болно. Тиймээс аль аль талдаа “бариа” хийж байхыг зөв зүйтэй гэж Ерөнхий сайд болон Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар төлөвлөсөн бололтой.

Ямартаа ч Ардчилсан намынхан Засгийн газрын асуудлыг ярихын тулд 6 гишүүнийг нэмж хайхаас илүүтэй, Ардын намынхан 6 гишүүнээ алдахгүй гэж тойглохыг нь тойглож, тоншихыг нь тоншиж сууна. Улс төрийг хүчээр барина гэдэг өөрөө эрсдэлтэй. Хэрвээ алдвал эргээд маш олон дайсантай л дуусдаг гэдгийг сануулахад илүүдэхгүй байх.

Г.Лхагвадорж

Х.Нямбаатар: Хэвлэн нийтлэхэд тухайн хүнээсээ зөвшөөрөл авахаар хуульчилсан зүйл байхгүй
Х.Нямбаатар: Хэвлэн нийтлэхэд тухайн хүнээсээ зөвшөөрөл авахаар хуульчилсан зүйл байхгүй
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.