Булган аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид эргүүл шалгалт хийх үеэр Булган аймгийн Хангал сумын нутаг дэвсгэрт 2021 оны долдугаар сарын 25, долдугаар сарын 28-ны өдрүүдэд Э, Г, С, Л, С нарын 5 иргэн 200 орчим кг дэрэвгэр жиргэрүү ургамал түүж хадгалсан гэмт хэргийг илрүүлэн шалгалтын ажиллагааг явуулж байна. Ховор ургамал түүж бэлтгэж хадгалсан нь Эрүүгийн хуулийн 24.8-р зүйлд заасан гэмт хэрэг болох юм. Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 53 дугаар тогтоолоор Дэрэвгэр жиргэрүү ургамлыг ховор ургамлын жагсаалтад оруулж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 282 дугаар тушаалын хавсралтаар 1 килограмм ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг 50.000 төгрөгөөр тогтоосон. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3 дахь хэсэгт “..ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ”-гээр нөхөн төлүүлэхээр заасан байна.
24.8 дугаар зүйл.Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх 1.Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ.