Сагсны талбайд тоглож байсан залуусыг цагдаагийнхан баривчлан авч явсан асуудал нийгмийг хоёр талцуулсан. Нэг хэсэг нь иргэдийн амар тайван байдлыг алдагдуулдаг энэ мэт байдлыг таслан зогсоох ёстой гэсэн бол нөгөө хэсэг нь хүүхдийн, хүний эрхэд халдаж байна хэмээн шүүмжилсэн.
Тухайн үед цагдаагийн албан хаагчтай зөрчилдсөн 21 настай иргэн Б "Цагдаа машиндаа чирж суулгачхаад шаардлага биелүүлээгүй гэсэн буруу мэдээллийг нийгэмд өгсөнд гомдолтой байна" гэх тайлбарыг өгсөн. Харин цагдаагаас тухайн залуучуудад иргэдийн амар тайван байдлыг алдагдуулсан гэсэн үндэслэлээр зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ авахаа мэдэгдсэн юм. Мөн цар тахлын энэ үед УОК-оос халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэхээр тоглоомын талбайд бөөгнөрөл үүсгэхгүй, хүүхэд багачуудыг аль болох гадаа гарахгүй байх нь зүйтэй гэж мэдээлээд буй. Гэвч зарим байрны гадаах талбай нээлттэй, зарим нь хаалттай байгаагийн улмаас гадаа талбайд спортоор хичээллэхийг зорьсон хүүхэд, залуус нээлттэй хэдэн талбай дээрээ цуглаж бөөгнөрөл үүсгэн, эрсдэл дагуулж байна. Тиймээс Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг дэх хэд хэдэн орон сууцны гадаа талбайгаас дараах сурвалжилгыг бэлтгэлээ.
Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороо, Нийслэлийн 5 дугаар бүрэн дунд сургуулийн ойролцоох байрны гадаах сагсны талбайн шийдний цагаригийг авсан тул талбай хүнгүй байв. Сагсны талбай хоосон хэдий ч ойр хавийн оршин суугчид бага насны хүүхдээ салхилуулан 5-10 насны хүүхдүүд олноор тоглож буй дүр зураг ажиглагдав.
Сагсан бөмбөг тэвэрсэн хэсэг залуус байрны талбайг зорих боловч шийдний цагариг байхгүйг хараад буцаад явна. Эзгүй талбай дотор дугуй, ролик унасан хүүхдүүд ганц нэг харагдав. Зарим хүүхдүүд тоглож байхад зарим нь бөмбөгөө тэврэн уруй царайлсаар буцаж байлаа.
Наймдугаар ангийн сурагч А.Нандин-Эрдэнэ, "Бараг таван сараас хойш шийдний гольцоог нь авсан байх. Гэхдээ шийдний гольцоо байсан байгаагүй орой болохоор талбай дүүрэн хүүхдүүд цуглаад волейбол тоглодог" гэв.
Мөн 11 дүгээр ангийн сурагч Т.Жамаа "Эрэгтэй хүүхдүүд сагс тоглох сонирхолтой байдаг. Шийдний гольцоо байхгүй учраас сагсаа тоглож чадахгүй волейбол тоглож байгаа харагддаг" гэлээ.
Спорт тоглоомын талбай хаалттай хэвээр байгаа талаар оршин суугчдын саналыг сонслоо. Чингэлтэй дүүргийн зургаадугаар хорооны оршин суугч Б.Бат-Эрдэнэ, "Дүрэм журмаа нийтээр хэвшүүлэх хэрэгтэй байна. Зарим газар нь нээлттэй, зарим нь хаалттай байна. Энэ хавийн сагсны талбай хаалттай байхад Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбай нээлттэй, дүүрэн хүүхдүүд тоглож л байна" гэв.
Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хорооны оршин суугч А.Тамир, "Тоглоомын талбайд хүүхэд тоглох эрхтэй шүү дээ. Гэхдээ шөнө оройн цагаар настай хүн, нярай хүүхэд унтуулахгүй тоглоод байвал мэдээж хэцүү л дээ. Шууд нээж, хаах гэхээс илүүтэйгээр цаг үеийн байдлаа харж байгаад шийдвэр гаргах нь зүйтэй байх" гэлээ.
Мөн тус хорооны оршин суугч М.Золзаяа, "Хичээл сургууль эхлэхээр хүүхдүүд их тоглож байгаа харагддаг. Талбайг нь хаалттай хэвээр байлгаад байвал хүүхдүүд тоглох газаргүй хэцүү л байх даа. Манай энд тоглодог хүүхдүүд тэгтлээ шөнө орой хүртэл орилж хашгичаад, архи дарс уугаад байдаггүй шүү дээ. Үнэндээ энэ хүүхдүүд чинь сагсны талбай нь хаалттай бол волейболын бөмбөгөө гаргаж ирээд хоорондоо харилцаад тоглож байна. Чанарын ялгаа байхгүй" гэв.
Орон сууцны гадаах спорт тоглоомын талбайг нээсэн, эсэх талаар Нийслэлийн онцгой комиссоос тодруулахад, "Нийслэл дэх орон сууцны гадаах талбайг нээх чиглэл өгсөн, нээлттэй байгаа. Хэрэв хаалттай бол тухайн байрны Сууц өмчлөгчдийн хорооноос хаасан" гэсэн хариулт өглөө.
Чингэлтэй дүүргийн дөрөв дүгээр хорооны 41-р байрны СӨХ-ноос сагсны талбайг нээхгүй байгаа шалтгааныг тодруулахад "Энэ талбайг манайх хариуцдаггүй, хороо хариуцдаг" гэх тайлбарын дагуу хорооноос лавлахад ᠌"Засаг дарга эзгүй байна. Хариулт өгөх боломжгүй" гэв.
Сурвалжилга бэлтгэх явцад спорт тоглоомын талбайтай холбоотой хоёр асуудал ил болов. Нэгдүгээрт, талбайг хаасан ч талбайн эргэн тойронд тоглож буй хүүхдүүд олон бөгөөд тэдгээрийн дийлэнх нь 12-оос доош насны буюу дархлаажуулалтад хамрагдаагүй байна. Хоёрдугаарт, зарим талбай нээлттэй, зарим нь хаалттай байгаа нь хууль дүрэм эрх тэгш үйлчлэхгүй байгаагийн илрэл юм.
Сурвалжилсан: Б.Амарбаясгалан
Гэрэл зургийг: Г.Цэнд-Аюуш