Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Ундрам гишүүн БШУ-ны сайд Л.Энх-Амгаланг сургууль дээр дуудаж, шаардлага өгч, АСА станцаар яриулдаг болов уу

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 47 секунд

АН-аас угшилтай Ч.Ундрам гэх гишүүн сүүлийн үед БШУ-ны яамны ажилд ихээхэн хутгалдах болжээ. АН-аас угшилтай гэдгийн хувьд тэрээр 2015 оны үед Сэлэнгэ аймгийн Ардчилсан залуучуудын холбооны дэд тэргүүнээр ажиллаж байсан тухай сонгуулийн үеэр шуугиад өнгөрсөн. Тэгвэл тэрээр Боловсролын шинжлэх ухааны дэд сайдаар өөрийн хүнээ томилуулах гэж ихэд хөөцөлдөх болсон тухай яриа тус яамаар яригдаж байна. Дэд сайд нарын асуудал огт хөндөгдөөгүй байхад яагаад ийм яриа гарах болсныг таашгүй. Сүүлийн үед БШУ-ны дэд сайд Г.Ганбаярыг сайдтайгаа ихээхэн түнжин муу байгааг ашиглах ухаан сийлж байгаа бололтой. Г.Ганбаярын оронд МУИС-ийн нэгэн салбар сургуулийн удирдлагад ажилладаг Заяабаатар гэгчийг Ч.Ундрам зүтгүүлэхээр ярьсан сураг гарах болов. Энэхүү Заяабаатар гэгч нь мөн л АН-ын үед гарч ирсэн, Н.Алтанхуягийг дагаж гүйдэг байсан залуусын нэг гэх яриа МАН-ын цагаан байраар таржээ. Тэр ч бүү хэл Н.Алтанхуягийн салсан эхнэрээр нь дамжуулан АН-ынхантай ойртсон гэж МАН-ынхан нарийн тодорхой мэдээлэл ярьцгааж байна. Энэхүү яриаг сонссон НАМЗХ-ныхан ихэд дургүйцэж, “Ч.Ундрам АН-аас орж ирчихээд бас АН-ыг дагаж гүйдэг байсан залуусыг бидний урдуур орж томилуулах гэж яаж бодож чадаж байна аа, Г.Ганбаярыг АН-ын залуугаар солих уу. Ийм юм хийж байгаа гишүүний улс төр удаан байж чадахгүй. Хэрэв ийм томилгоог Л.Энх-Амгалан сайд дэмжвэл аль алиных нь ирээдүй бүдэг л болно доо” гэсэн яриа хэсэг залуусын дунд болоод өнгөрсөн гэнэ. Тэгээд ч хэвлэлийн асар өргөн дэмжлэгтэй Г.Ганбаярыг солих гэж явах нь Ч.Ундрамын хувьд карьераа дуусгах төгсгөл ч болж мэднэ.

Энэ яриаг Ч.Ундрам гишүүн сонсоод улс төрийн сонголтоо өөрчлөх болсон уу эсвэл жинхэнэ зорилго нь өөр байсан уу, Заяабаатарыгаа МУИС-ийн захирал болгохоор хөөцөлдөж эхэлсэн тухай боловсролын салбарынхан шивнэлдээд эхлэв. Гэтэл МУИС-д Б.Очирхуяг гэж Японд суралцсан мундаг залуу эрдэмтэн захирлаар нь ажиллаж байна. Түүнийг яаж, ямар шалтгаанаар зайлуулах гэж байгааг ойлгоход төвөгтэй. Тиймээс саяхан Ч.Ундрам гишүүн Л.Энх-Амгалан сайдыг МУИС дээр дуудсан гэдэг яриа мөн л улстөрийн хүрээнийхэн дунд яригджээ.

Ер нь сүүлийн үед БШУ-ны яамныхан дотроо ихээхэн зөрчилтэй болж эхэлсэн. Удирдлагууд нь таарахаа байсан, зарим дарга нар нь бодлогын эсрэг шийдвэр гаргадаг, сайдыгаа биш гишүүдийг дагаж гүйдэг, зарим аймгийн бүлэглэлийг дийлэхээ байсан гэх мэт яриа улам л хүрээгээ тэлж байна.

Үүнтэй зэрэгцээд Боловсролын үнэлгээний төвийнхэн “ковид туссан сурагчдыг элсэлтийн ерөнхий шалгалтад оруулахгүй” тухай мэдээлсэн нь зарим гишүүдийн улс төр хийх боломжийг гаргаж өгөв. Үүн дээр Ч.Ундрам гэгч гишүүн дөрөөлж улс төр хийн, сошиалаар мэдэгдэл хийж, БШУ-ны сайд Л.Энх-Амгаланд шаардлага хүргүүлэв. Ч.Ундрам гишүүн энэ тухай “Ковид туссан, тусгаарлалтад байгаа хүүхдүүдээс ЭЕШ авахгүй, ЭЕШ өгч их сургуульд орох боломжийг нь бүтэн жил хойшлуулна гэдэг бол байж боломгүй зүйл. Боловсролын Үнэлгээний төвийн дарга энэ хариуцлагагүй мэдэгдэл хийснийг хараад үнэхээр бухимдаж байна. Хүүхэд бүр үндсэн хуулиар олгогдсон сурч боловсрох эрхээ эдлэх ёстой. Дээд боловсролтой болох боломжоор хангагдах ёстой. Энэ асуудлыг БШУ-ны сайдад тавих болно” хэмээн цахим хуудсаар мэдэгдсэн. Үүнийхээ дагуу Л.Энх-Амгалан сайдад шаардлага хүргүүлэв. Энэ шаардлагыг хүлээн авсан Л.Энх-Амгалан “Сүүлийн үед коронавирусийн халдвар авсан хүүхдүүд болон ойрын хавьтал болсон хүүхдийг ЭЕШ-д оруулахгүй мэт мэдээлэл гарч, олон нийтийг бухимдуулж байна. Улсын хэмжээнд ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн хүүхдүүдээс өнөөдрийн байдлаар 2000 орчим нь коронавирусийн сэжигтэй тохиолдол болж, 1500 орчим нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Энэ хүүхдүүд ЭЕШ-д орж чадахгүй, дахин нэг жил хүлээх утгатай мэдээллийг өгсөн Боловсролын үнэлгээний төвийн албан тушаалтанд хариуцлага тооцно. Учир нь, ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн 40420 шалгуулагчдад бүгдэд нь боломж олгоно. Нэг ч хүүхдийг хаалганы гадна орхихгүйн төлөө ажиллана. Халдвар авсан аваагүйгээр нь шалгаж, хаалганы цаана орхихгүй гэдгээ мэдэгдэж байна” АСА станцад ярьсан юм.

Эндээс харвал Ч.Ундрам гишүүн БШУ-ны сайдыг нь сургууль дээр дуудаж ирүүлдэг, шаардлага өгч АСА станцаар яриулдаг болов. Энэ бүхнийг харсан МАН-ын гишүүд Л.Энх-Амгалангийн сайдын улс төрийн "хүч" юунаас шалтгаалж сулрав, энэ янзаараа холио солио ч хийж мэдэх бололтой гэх яриаг дэлгэж сууна.

Баяр

Эрэн хайх ажиллагаанд оролцож байгаад сураггүй болсон хоёр иргэнийг эсэн мэнд олжээ
Эрэн хайх ажиллагаанд оролцож байгаад сураггүй болсон хоёр иргэнийг эсэн мэнд олжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.