Юуны өмнө Ц.Элбэгдорж ингэж хэлээгүй шүү гэдгийг онцлоё. Гэхдээ ингэж хэлэх нь тодорхой гэдгийг зөгнөе. У.Хүрэлсүх арслантай тамганы эзэн болсноор шинэ тоолол эхэллээ. Ард түмэн түүнийг шүдгүй арслан байхад нь шүдтэй арслан болгосон, МАНАН-гийн "мангаа" М.Энхболдыг зайлуулаад өг гэхэд нь хэдэн мянгаараа жагсаж байгаад авч хаясан. Х.Баттулгыг дэвшүүлмээргүй байна гэхэд нь тушиж өглөө, Н.Алтанхуягтай биш С.Эрдэнэтэй үзмээр байна гэхэд нь ёсоор болголоо. Ийнхүү өрсөлдөгчгүй шахуу сонгуулийг сурталчилгаагүй шахуу явууллаа. “Эмнэлэгт камер багтахгүй байна” гэх ичмээр шалтгаанаар мэтгэлцээнээс хүртэл бултуулж өглөө. Товчхондоо түүний замын бүх саадыг хуультай хуульгүй бүх аргаар арилгаж өглөө. Одоо тэр “шүдгүй арслан, хонгил, МАНАН”-гийн тухай ярих эрхгүй. Бодлого шийдвэрт нь хөндөлдөх хүн үгүй. “Суганы хоёроо” зэрэгцүүлж суулгаад гурвын зөвлөлөөрөө улс орныг хүслээрээ удирдах бүрэн эрхтэй боллоо.
Харин түүнийг Ерөнхийлөгч болсноор доогуур нь шинэ хуваарилалт, шинэ зодоон эхлэх нь тодорхой болов. Удтал нам гүм байсан МАН-ынхан араа шүдээ хөнжилдөө хурцалж юу юугүй болох намын их хуралдаа бэлдээд, дөрвөн жил завсар ороогүй засгийн гал тогоондоо шинэ ээлж оруулахаар гоо даам нүүгээд завгүй. Хаягдал Х үсгээр нь хулхи бараа хийж зараад бүтэн арван жил МАН-ыг зовоосон МАХН гэгч талибанууд гэнэт нэг өглөө халуун хөнжилд нь хамтрагч болоод сэрсэнд ундуйцах гишүүд олон байна. Тэднийг бүх шатны удирдах ажилд 30 хувь томилно гэсэн аймшгийн тохироо удтал ургаагүй хэрүүлийн алим болох бололтой. “Юутай ч Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрөг” гэж хүмхийгээ зуусан гомдогсод одоо шазуураа тавина. Тал талаасаа тохироо нь бүрдсэн зодоон нөхөн сонгуулиар өрөгдөж, намын их хурлаар хагарч, намрын ургацаар нэг талдаа гарах төлөвтэй гэж энэ жилийн зурхайд буужээ.
Тохироо ёсоор бол МАН, МАХН-д хоёр сайд, хоёр төрийн нарийн бичгийн дарга, нэг дэд сайдын суудал өгөхийн зэрэгцээ Сонгинохайрхан, Хэнтийн нөхөн сонгуулийн аль нэгэнд Н.Энхбаяр, Э.Батшугар нарын нэгийг явуулах учиртай. Хэрвээ Н.Энхбаяр Хэнтийд дэвшвэл Сонгинохайрханд С.Мөнхчулуун, Э.Батшугар Сонгинохайрханд дэвшвэл Хэнтийд МАН-ын газрын дарга Н.Энхбаатар дэвшинэ гэж сарнайтай байшингаас салхи шивших боллоо. Хэнтий аймгийн засаг дарга асан Н.Ганбямба өөрөө биш юм аа гэхэд өөрийн хүү Г.Дөлгөөнийгөө сойж магадгүй гэх мэдээлэл ч бий. Гэвч энэ удаад гутал нь тулах биз.
МАН-ын удирдлагууд буюу У.Хүрэлсүхийн талынхан нөхөн сонгуулиас өмнө их хурлаа хийж эрх мэдлээ баталгаажуулж авахыг зорьж байгаа гэх. Нөхөн сонгуульд унасан ч нам засаг хөдлөхгүй гүрэлзэнэ гэж тооцож байгаа бололтой. Харин хоёрдугаар ээлжийнхэн “нэг мөр бүх сонгуулиа дуусгаад их хурлаа хийцгээе” гэж наанаа нахилзуур цаанаа хонзогнуур шахалтаа хийсээр яваа гэх. Хүрэлсүхээр цавчаад ч хугарашгүй У.Хүрэлсүхийн цэргүүдийг онхил тонхилд оруулахын тулд шатар, даам юм юм аа нүүлгэх нь ойлгомжтой.
Нөхөн сонгуулийн төлөг МАН-д ийнхүү хатуу бууж байгаа бол АН-д арай өөр. АН-ын хуваагдлаар МАН зооглож цадах болоогүй. Ерөнхийлөгчийн сонгуулиар хэргээ гаргасан С.Эрдэний тамга УИХ-ын нөхөн сонгуульд ч хэрэгтэй. Амташсан хэрээ арван гурав дахина гэгчээр хоёр хуваагдсан АН-аас 4 хүн дэвшүүлж эрх баригчид бяд муутай хоёрыг "зооглох" зохиол бэв бэлхэн. Дургүй ч гэсэн учраа олохгүй бол дахиад өгөөш болно гэдгээ АН-ынхан ч гадарлана.
С.Эрдэнийн АН-аас Хэнтий аймагт Ц.Элбэгдорж, Сонгинохайрханд Э.Бат-Үүлийг, харин О.Цогтгэрэлийн АН-аас Хэнтийд Ж.Оюунбаатар, Сонгинохайрханд Х.Баттулгыг дэвшүүлэхээр яригдаж байгаа гэх. Энэ дөрвөн нэр Д.Амарбаясгалангийн өрөөнд орвол дахиад С.Эрдэнийн бөхийг таалах нь ойлгомжтой.
Саяхан Ерөнхийлөгчийн сонгуулиар У.Хүрэлсүх Хэнтийдээ ялсан ч бусад аймагтай харьцуулахад базаахгүй санал авсан. АН-аас горилогч Ж.Оюунбаатар нь аймагтаа танигдсан, рейтинг муугүй нэр дэвшигч. Харин Ерөнхийлөгч асан Х.Баттулга бол С.Мөнхчулууныг, Э.Батшугартай нийлүүлээд тавьсан ч одоохондоо хангалттай нялах хэмжээний аварга "амьтан". Хүн хүч, хөрөнгө мөнгө, хар бор технологи гээд түүнд хэрэгтэй бүх зүйл бий. Тиймээс МАН Х.Баттулга, Ж.Оюунбаатар нарыг биш хөгшин хараацайнуудыг өрсөлдөгчөөрөө сонгох магадлал өндөр.
Харин Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нарын хоршил мангасын шидтэй МАН-ын хажуугаар арслангийн шидтэй Х.Баттулгатай үзэлцэх хэрэгтэй болно. Тэднийг “будаа болгох” хүн, хүч, технологи Х.Баттулгад бий. МАН-ын зүгээс ч Х.Баттулгыг урьдын сайхан цагаа бодоод Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нарыг унагах үйлсэд хамтрахыг урина. Шан харамж нь ч гомдоохооргүй биз. Хэрвээ ингэсэн тохиолдолд Х.Баттулгад хувийн тооцоо, хоногийн тохирооноос өөр ашигтай зүйл байхгүй.
Тэр АН-даа ад хэвээрээ үлдэнэ. Тийм учраас хувийн тооцоо биш эрх ашиг түүний зүгийг заана. Нөгөө талдаа Х.Баттулга албан ёсны хэвээр байгаа С.Эрдэнийн тамгаар мутарлуулж байж л нэр дэвшинэ. Энийгээ тооцох мэдрэмжээ тэр алдаагүй байгаа. Ц.Элбэгдорж МАН-ын фронттой Х.Баттулгын партизануудтай зэрэг зодолдоод “алуулна” гэдгээ мэднэ. Түүний хувьд ч хувийн тооцоо биш зайлшгүй эрх ашигт захирагдах өдөр иржээ.Тиймээс л Ц.Элбэгдорж “гудамжинд зодолдсоноос их хуралд зодолдъё” гэдэг урилгаа удахгүй илгээнэ.
Захиа занаандаа гаргууд Ховдын Зэргийн хүү амин найздаа урдын сайхан цагийг сануулсан уярам урилгаа тэрлэж сууна. АН-ын нэр дээрээс Хэнтийд Ц.Элбэгдорж, Сонгинохайрханд Х.Баттулга нар дэвших тохироо хийгдэж байж л АН сонгуульд оролцох боломжтой. Тиймээс нэг албан бичиг дээр, хоёр хүнээ бичээд явуулахаас өөр гарц байхгүй. Эс бөгөөс Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нарыг дэвшүүлээд МАН, Х.Баттулга нар нийлж унагах зураг маш тодорхой харагдана. Бөөнөөрөө гудамжинд зодолдсоноос их хуралд ороод зодолдсон нь дээр гэдгээ тэдний аль аль нь гадарлаж байгаа.
Мэрэг төлгөнд бууснаар МАН-ын ялгуулсан их ялалтууд нөхөн сонгуулиар тасарч мэдэх бололтой. Харин АН-ын экс хоёр Ерөнхийлөгч түр гал зогсоох гэрээ байгуулж УИХ-д орж ирээд намын даргаа авах дараагийн тулаанаа гудамжинд биш төрийн ордонд өрнүүлэхийг хүснэ. Энэ зуур экс Ерөнхийлөгч нартаа гомдогсодыг Н.Алтанхуяг нэгэн өрөөнд цуглуулаад уулзаад эхэлжээ. Нэрт алиалагч Д.Галсантогтохыг санагдуулам өхөөрдөм инээвхийлэлтэй хүн АН-ын дараагийн дарга болох эс бөгөөс өрх тусгаарлаж нам байгуулах нь гэж төлгөнд буугаад бас мэргэ төөрөөд л байгаа бололтой.