Халдварын тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан хатуу хөл хорио тогтооно, тогтоохгүй гэсэн таамгууд цахим орчинд өрнөөд буй. Уг асуудалд Засгийн газраас албан ёсоор тайлбар өгөв. Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга Ц.Ганзориг "Хатуу хөл хорио тогтоохгүйг албан ёсоор мэдэгдэж байна. Ерөнхий сайд эрдэмтдийн зөвлөл болон тархвар судлаачидтай хуралдсан. Вакцинжуулалт маш богино хугацаанд эрчимтэй сайн явагдаж байгаа ч хөл хөдөлгөөн маш их байгаа учраас халдварын тархалт буурахгүй байна. Эрдэмтдийн зөвлөл вакцинжуулалтын ажил орон нутагт, нийслэлийн хэмжээнд зургаадугаар сарын 15-наас долоодугаар сарын 1-н гэхэд насанд хүрсэн 2 сая 67 мянган иргэнийхээ 95 хүртэлх хувийг вакцинжуулж дуусна гэх тооцооллоор долоодугаар сарын эхээр халдварын тархалт буурна гэсэн тооцооллыг хийсэн хэвээр байгаа" гэв.